Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын политехник коллеж нь автомашин засварчны мэргэжлээр 23 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаа явуулж, нийт 1600 төгсөгч төгсгөснөөс ажил эрхлэлт 73 хувь эзэлж байгаа аж.
2018-2019 оны хичээлийн жилд тус мэргэжлээр нийт мэргэжлийн анхан болон техникийн боловсролын түвшинд 130 гаруй суралцагч суралцаж байна. Иймд сургалтын орчинг сайжруулахаар "Эсүй" менежмент ХХК-ийн 100 хувь хөрөнгө оруулалтаар автомашин засварчны мэргэжлийн нэг ангидаа 20-25 суралцагч хичээллэх боломжтой 3 лаборатори, багш нарын өрөө, дадлагын сургалт явуулах 540 квм талбай бүхий танхимыг өнөөдөр /2019.03.25/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, "Эсүй менежмент" ХХК-ийн захирал Ж.Пүрэвцэрэн, "Бенз" авто засварын захирал Э.Баяраа, "Авто ойл" ХХК-ийн ерөнхий инженер С.Даваахүү, "Авто ойл" ХХК-ийн механикч Э.Лодой, "Делюкс Авто центр"-ийн ерөнхий инженер З.Батбилэг нар оролцлоо.
Нээлтийн хүрээнд автомашины засвар, үйлчилгээний чилэлийн 20 гаруй байгууллагын ажил олгогчид хүрэлцэн ирж, сургалтын орчин, мэргэжлийн хөтөлбөртэй танилцан, хамтран ажиллах гэрээ байгуулж, төгсөгчдийг ажлын байраар хангахад дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.
ҮЙЛДВЭРЛЭЛ УРЛАЛЫН ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖИЙН ЗАХИРАЛ Б.ДАВААХҮҮ: МАНАЙ СУРГУУЛЬ ТҮҮХЭНД НЭГ ШИНЭ ХУУДСЫГ НЭЭЖ БАЙГААДАА ТУН БАЯРТАЙ БАЙНА
-50 гаруй жилийн түүхтэй Үйлдвэрлэл урлалын политехник коллеж нь Монголын мэргэжил сургалтын төвүүдийн ууган сургуулийн нэг. Энэ хугацаанд 40 гаруй мянган оюутан суралцагчдыг суралцуулж, мэргэжилтэй ажилчнаар бэлтгэсэн байдаг. Манай сургуулийн үнэ цэнэ, төгсөгчид Монгол Улсын өнцөг булан бүрд ажил мэргэжлээрээ сайн ажиллаж байгаа нь сургуулийн минь гол онцлог. Өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан багш, ажилтан, эрдэмтэн мэргэд, удирдах ажилтан бүгдийн оруулсан хувь нэмэр гэдгийг онцолж хэлмээр байна. Өнөөдөр манай сургууль түүхэнд нэг шинэ хуудсыг нээж байгаадаа тун баяртай байна. Автын механик, автын засварчин мэргэжлийн сургалтын орчин үеийн тоног төхөөрөмжтэй дадлагын газар шинээр ашиглалтад орсон ийм түүхэн үйл явдал болж байна. Бид аюулгүй, хэрэглээ талаас нь мэргэжлийн ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх юм. Дэлхий нийттэй хөл нийлүүлсэн дадлагын газартай, тоног төхөөрөмжтэй, болсондоо туйлын баяртай байна. Энэ дадлагын газрыг орчин үеийн засварын газрын стандартаар тохижуулсан байгаа. Үйлдвэрлэлийн дадлага ,сургалтын орчны дадлага нэг газарт хийгдэж болохоороо давуу талтай.
Сэтгэгдэл ( 0 )