Антон Шипулин улстөрд орлоо буюу Төрийн Дум дахь тамирчид

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 26

Олимпийн аварга (2014, буухиа), 2010 оны олимпийн хүрэл медальт, 2017 оны дэлхийн аварга, ДАШТ-ий 3 медальт, ОХУ-ын Гавьяат тамирчин Антон Владимирович Шипулин ОХУ-ын Төрийн Думын сонгуульд Свердловск мужийн нэг мандаттай Серов тойргоос өрсөлдөхөөр сонгуулийн кампанит ажлаа эхэлснээ зарлалаа.

Шипулин “Мужийн амбан захирагч Евгений Куйвашев, энэ тойргийн депутат асан Сергей Бидонько нарын хүсэлтээр нэр дэвшихээр шийдсэн. Свердловск муж бол миний гэр. Би тойргийнхоо хэд хэдэн хотоор очсон. Үлдсэн саруудад бүх хотод сонгуулийн ажлаа эхлэнэ. Спортоос өөр асуудлуудад ч анхаарлаа хандуулж, шийдээд явах болно. Мэдээж бүх асуудлыг шийдэж чадахгүй ч ард түмний амьдралын түвшинг дээшлүүлэхийн төлөө зүтгэнэ. Улстөрд орсон тамирчдын талаар хүмүүс сөрөг бодолтой байдаг. Би үүнийг өөрчлөх болно. Би цалин хөлс, ашиг орлогын төлөө улстөрд ороогүй. Надад мөнгө хангалттай бий. Би өөрчлөлт хийхээр улстөрд орж байна” гэж мэдэгджээ.

Антон Шипулин 2018 оны Пёнчаны олимпийн наадамд оролцохоор бэлтгэж байсан боловч ОУОХ-ноос түүнийг сэргээшийн хэрэгт сэжиглэн оруулаагүй. 2018 оны нэгдүгээр сарын 30-нд Ерөнхийлөгч Владимир Путиний итгэмжлэгдсэн төлөөлөгч болж, 2-р сарын 2-нд нь Путинийг дэмжигч “Putin Team” хөдөлгөөнд нэгдсэн. Ийнхүү улстөрд орсон Антон 2018 оны 12-р сарын 25-нд зодог тайлснаа зарласан билээ.

Тэрбээр ирэх тавдугаар сард болох “Единая Россия” намын дотоод сонгуульд оролцож, ялалт байгуулсан тохиолдолд 9-р сарын 8-нд болох Төрийн Думын сонгуульд “Единая Россия” намаа төлөөлөн оролцох болно.

Түүнийг Төрийн Думд спортын салбарын олон нөхдүүд нь хүлээж байгаа. ОХУ-д манайхтай тун адилхан алдарт тамирчид нь улстөрд хүч үздэг “уламжлалтай”. Ихэнх нь В.Путинийг дэмжиж, “Единая Россия” намаас нэр дэвшдэг. Тэгээд сонгогддог тул ирэх намар Антон Төрийн Думд сууж байх нь бараг тодорхой байна.

Ингээд Төрийн Думд сонгогдсон ОХУ-ын алдарт тамирчдыг танилцуулья.

Мэргэжлийн боксчин, WBO холбооны дунд жингийн дэлхийн аварга асан Дмитрий Пирог Краснодарын депутат.

Олимпийн 3 удаагийн аварга, ОХУ-ын хоккейн холбооны ерөнхийлөгч, домогт хаалгач Владислав Третьяк (“Нэгдсэн Орос”) Ульяновск мужийн нэг мандаттай тойрогт ялалт байгуулсан.

Уран гулгалтын төрөлд олимпийн 3 удаагийн аварга  болсон Ирина Роднина (“Нэгдсэн Орос”) Дмитровск тойргийн депутат.

Сонгомол бөхийн олимпийн 3, дэлхийн 9, Европын 12 удаагийн аварга Александр Карелин (“Нэгдсэн Орос”) хашир туршлагатай депутат. Тэр Новосибирск мужаас сонгогдсон.

Олимпийн хошой аварга, хоккейн түүхэн дэх хамгийн шилдэг тавлын ахлагч Вячеслав Фетисов (“Нэгдсэн Орос”) Москва мужийн Подольск тойргийнх.

Олимпийн хошой аварга, биатлонч Сергей Чепиков Свердловск мужийн депутат.

Бас нэгэн биатлонч болох дэлхийн 4 удаагийн аварга Владимир Драчев (“Нэгдсэн Орос”) Ленинград мужийн Всеволожск дүүрэгт ялалт байгуулсан.

Олимпийн аварга тэшүүрч Светлана Журова “Нэгдсэн Орос” намаас Ленинград мужид нэр дэвшин өрсөлдөж, ялсан.

Мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Николай Валуев мөн л депутат болсон.

Теннисчин Марат Сафин (“Нэгдсэн Орос”) ч бас.

Олимпийн медальт, усан бөмбөгийн тамирчин Ирек Зиннуров (“Нэгдсэн Орос”) Татарстанд намын жагсаалтаар сонгогджээ.

Хөлбөмбөгийн мэргэжилтэн Валерий Газзаев сөрөг хүчин “Шударга Орос” намаас сонгогдсон.

Олимпийн 3 удаагийн аварга, алдарт бөх Бувайсар Сайтиев (“Нэгдсэн Орос”) Дагестанаас сонгогдсон.

Олимпийн 3 удаагийн аварга Артур Таймазов Узбекистаны шигшээ багийн нэрийн өмнөөс барилддаг байсан ч ОХУ-ын Думд Хойт Осетийн депутат.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top