Бялуу чимэглэх “ур чадвар”-ын улсын уралдаан болж байна

2019 оны 03 сарын 26

Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын 89 жилийн ойн өдрийг угтан ХХААХҮЯ, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын хүнсчдийн холбоо, “Технологийн Дээд Сургууль” -тай хамтран “Бялуу чимэглэх Ур чадварын улсын уралдаан”-ыг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж байна.

Бялуу чимэглэх “Ур чадвар”-ын улсын уралдаан нь Нарийн боовны төрлийн ялангуяа бялуун бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ажилчдын ур чадварыг сайжруулах, харилцан туршлага солилцох, ажил мэргэжлээрээ бахархах, нөхөрсөг хамт олныг бүрдүүлэх, сурталчлах, хэрэглэгчдэд зөв зүйтэй ойлголт төрүүлэх зорилготой юм.

Энэхүү тэмцээнийг Монголын хүнсчдийн холбооны гишүүн, нарийн боовны түүхий эд импортлогч “Арслангийн удам” ххк, “Бурхан буудайн хишиг” ххк ерөнхий  ивээн тэтгэгчээр оролцож байгаа. Мөн хүнсний үйлдвэрлэлийн бүх чиглэлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг, шаталсан сургалттай Технологийн дээд сургуулийн  байранд зохион байгуулагдана.

Уралдаанд “Талх чихэр” ХК, “Өгөөж” ХК, “Жүр-Үр” ХХК, “Мөнх-Ундармал” ХХК, “Монкек” ХХК, “Тэнгэрийн хишиг” ХХК, “Хөвсгөл титаник” ХХК, Технологийн Дээд Сургууль, Г.Ганзориг (хувиар) нар оролцож байна.

Тус уралдаанд баг бүр 3 гишүүнтэй оролцох бөгөөд мөн  3 төрөлтэй явагдана. Үүнд:

  1. Багийн төрөл: багийн бүх гишүүн оролцон урьдчилан бэлтгэсэн суурь ашиглан 5 давхар Сүүн хуримын бялууг 120 минутын хугацаанд багтаан чимэглэнэ. Энэ чимэглэлд урьдчилан бэлтгэсэн бэлдэц ашиглахгүйгээр крем, шоколад, фондантаас дурын сонголтоор ашиглан заасан хугацаанд шууд чимэглэнэ.
  2. Багийн ахлагчийн төрөл: Зөвхөн багийн ахлагч оролцох бөгөөд Ээжийн 80 насны ой, Хүүхдийн баяр, 1 насны төрсөн өдөр гэсэн сэдвээс сугалан зөвхөн кремээр, 60 минутын хугацаанд шууд чимэглэнэ.
  3. Ганцаарчилсан төрөл: багийн нэг гишүүн оролцох бөгөөд “Төрсөн өдөр”, “Мартын 8”, “Шинэ жил” гэсэн 3 сэдвээс ахлах шүүгч сугалан 80 минутанд багтаан шоколад эсвэл фондантын аль нэгийг сонгон шууд чимэглэнэ.

Бялууны амт, гадаад үзэмж, чимэглэл, гүйцэтгэгчээс шаардсан ур чадвар зэргийг үндэслэн Нарийн боов, бялууны салбарын мэргэжлийн инженер, технологич нараас бүрдсэн  комисс шалгаруулан ажиллах  болно.

Энэхүү тэмцээн нь БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдах Дэлхийн ур чадварын уралдаанд Нарийн боовны чиглэлээр уралдаанд оролцогчдод дадлага, бэлтгэл болгож байна.

Эх сурвалж: Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top