“Токио 2020” наадмаас бокс хасагдах эсэхийг 6-р сард шийднэ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 28

Энэ сарын 26-28-нд Швейцарийн Лозанна хотод ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хуралдаан болж байна. Хурлаар AIBA Олон улсын сонирхогчдын боксын холбооны талаар авч хэлэлцлээ. Гэхдээ “Токио 2020” олимпийн наадмын хөтөлбөрт боксын спортыг үлдээх эсэхийг ирэх 6-р сард болох ОУОХ-ны чуулган дээр эцэслэн шийдвэрлэх гэнэ.

Өнгөрсөн оны 11-р сарын 30-нд ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс Токиогийн олимпийн наадмын боксын тэмцээний бэлтгэл ажлыг зогсоох шийдвэр гаргасан. ОУОХ-ноос сонирхогчдын боксын AIBA холбооны үйл ажиллагааг албан ёсоор мөрдөн шалгаж, мөн  тус холбоог санхүүжүүлэхээ зогсоосон билээ.

Учир нь AIBA-гийн тэргүүлэгч нар авлигын хэрэгт орооцолдсон, шүүлтийн булхай газар авсан гээд маш олон хэрэг энэ холбоонд гарч байлаа. 2017 оны 10 дугаар сард AIBA холбооны Удирдах зөвлөл холбооныхоо олон жилийн удирдагч байсан Өмнөд Солонгосын иргэн Чинг Коу Вуг авлигын хэрэгт буруутгаж, бүх насаар нь бокстой холбоотой ажил эрхлэхийг хориглосон билээ. Ингээд шинэчлэл хийх шинэ Ерөнхийлөгч сонгох хэрэгтэй болсон юм. Гэвч шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон Узбекистаны бизнесмэн, 67 настай Гафур Рахимов нь мафитай холбоотой гэж ОУОХ үзсэн. Түүнийг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой, хар тамхины наймаа хийдэг гэж АНУ-ын Санхүүгийн яамнаас үзэж, санхүүгийн хоригийн хар жагсаалтад оруулсан. 2002 оны Сиднейн олимпийн үеэр Австралийн Засгийн газар түүнд виза өгөхөөс татгалзаж байв.

Тиймээс ОУОХ Гафур Рахимовыг солихыг шаардаж, AIBA эсэргүүцэн хэдэн сар өнгөрсөн. Эцэст нь боксын спорт “Токио 2020” наадмаас хасагдах аюул бодитойгоор нүүрлэсэн тул Гафур ажлаа өгөхөөс өөр аргагүй болжээ. Энэ сарын 22-нд тэр албан тушаалаа орхиод “Бокс, олимпийн хөдөлгөөнд би амьдралынхаа 25 жилийг зориулсан. Би хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байна. Гэвч сүүлийн үед боксыг олимпийн наадмаас хасах яриа хүчээ авсаар байлаа. Энд спорт биш улстөр яригдаж байна. Би ямар ч буруугүй” гэж мэдэгдсэн.

Ийнхүү Гафур Рахимов холбоогоо орхисноор боксын спорт олимпийн гэрбүлдээ эргэн ирэх боломж бүрдэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top