Парламетын уулзалтанд гурван минут хоцорч, таван цаг “банга” хүртжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 28

Япон улс Ази төдийгүй Европын орнууд дунд чанга хатуу дэг журам, ёс суртахуунаараа дээгүүр бичигддэг. Албаны унаагаар зуслан руугаа хүргүүлсэн, ёс зүйгүй үг хэллэг ашигласан, зохимжгүй хувцасласан, үйлчлүүлэх ёсгүй газраар үйлчлүүлсэн гэх зэргээс үүдэн олон нийтийн хатуу эсэргүүцэлтэй тулгарч албан ажлаа хүлээлгэж өгөх тохиолдол нэлээд бий.

Тун саяхны нэгэн жишээ гэхэд Японы засгийн газрын олимпийн наадмын бэлтгэл хариуцсан сайд Ёшитака Сакурада парламентын уулзалтад гурван минут хоцорсноор маш том асуудал дэгджээ.  

Сөрөг хүчний зүгээс сайд Сакурадагийн хайнга хэнэггүй байдлыг хурцаар шүүмжилж, таван цагийн турш эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан байна. Олон нийтийн зүгээс ч түүнд дургүйцлээ хүчтэй илэрхийлсэн тул хэдэн өдрийн дараа Ёшитака сайд албан ёсоор уучлалт гуйж, дахиж ийм хариуцлагагүй үйлдэл гаргахгүй гэдгээ амлажээ.

Өнгөрөгч хоёрдугаар сарын дундуур Асахи Шимбун сонинд нийтлэгдсэн санал асуулгын дүнгээр иргэдийн 65 хувь нь Сакурадаг уг албан тушаалд тохирохгүй хүн гэж үзсэн бол 13 хувь нь тохирно гэж хариулсан юм.

Японд зөвхөн улс төрчид ч биш, бизнесийн байгууллагууд, ажлын орчинд цагийг сайтар мөрдөж, ажилтнууд ажлын байрандаа цагтаа ирэх, үйлчилгээний байгууллагууд цагийг баримтлахад анхаарлаа хандуулдаг. Жишээлбэл, 2018 онд JR буюу Японы метроны төв компанийн галт тэрэг хөдлөх цагаасаа 25 секундээр түрүүлж явсныхаа төлөө олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэлд өртөж, фирм уучлалт гуйсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top