Л.Сосорбарам: Үта Абэг ялах хүсэлтэй

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 29

Энэ жилийн жүдо бөхийн УАШТ нэгдүгээр сарын 6-9-ний өдрүүдэд Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан билээ. Олимпийн өмнөх жил тул “Гран при”, “Их дуулга”-аас гадна залуучууд, насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид УАШТ-ээс эрхээ авсан. Улсын аваргын эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд Баянхонгор аймгийн тамирчин Лхагвасүрэнгийн Сосорбарам түрүүллээ. Түрүүлээд зогсохгүй тэмцээний шилдэг эмэгтэй тамирчны шагналыг тэр хүртсэн билээ. Л.Сосорбарам гэхээр манай бөх сонирхогчид андахгүй. "Буэнос Айрес-2018" залуучуудын олимпийн наадмын мөнгөн медальт охин. 18 настай. Насанд хүрэгчдийн тэмцээнд барилдаад удаагүй байгаа ч хэд хэдэн тэмцээнд түрүүлээд, медаль хүртчихсэн жүдоч.

Түүний жүдоч болсон түүх ч сонирхолтой. Бөхийн нутаг гэгдэж байсан Баянхонгор аймаг жүдогоор мундаг ч сүүлийн хэдэн жилд залгамж халаа тасраад бөх байхгүй болчихсон. Монгол Улсын гавъяат тамирчин Ш.Чанарав, Г.Батсүх, З.Дэлгэрдалай гээд олон сайн бөх нутаг усныхаа нэрийг дуурсгаж  байсан сан. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Монголын жүдо академийн дасгалжуулагч ОУХМ Л.Лувсандэмбэрэлийг Баянхонгор аймагт томилолтоор явуулж, аймгаасаа сайн жүдоч төрүүлэх даалгавар өгсөн байна. Л.Лувсандэмбэрэл багш 2011 онд Баянхонгорт очиж, ажиллан, төрүүлсэн шавь нь Л.Сосорбарам.

Ингээд "Буэнос Айрес-2018" залуучуудын олимпийн наадмын мөнгөн медальт, Монгол улсын аварга Л.Сосорбарамтай Европын цуврал тэмцээнд мордохоос нь өмнө уулзан ярилцсанаа хүргэе.

- Сайн байна уу, Л.Сосорбарам аль сумын уугуул вэ?

- Сайн, сайн байна уу. Би Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат. Сумандаа төрж өсөөд 2016 онд Улаанбаатарт ирсэн. Одоо Үндэсний биеийн тамирын дээд сургуульд суралцаж байна. 

- Хэзээнээс жүдо бөхөөр хичээллэж эхлэв?

- 2012 оны намар хичээллэж эхэлсэн. Сургууль дээр "Чөлөөт бөх, жүдогийн секцэнд хүүхэд бүртгэж байна" гэсэн зарлал гарсан байлаа. Би тэр үед ямар ч спортоор хичээллэж байгаагүй. Манай сургуулийн дэргэд "Ягаан заал" нэртэй спортын танхим байдаг юм. Тэнд бүртгүүлээрэй гэсэн болохоор хагас сайн өдөр яваад очлоо. Манай биеийн тамирын багш намайг чөлөөт бөхөд ороорой гэж хэлж байсан юм. Харин чөлөөт бөхийн секцийн хичээл нь эхлээгүй, жүдогийн бэлтгэл болж байна. Хоцорч очсон болохоор харж зогсож байгаад жүдо бөх нь илүү гоё юм байна гэж бодоод жүдогийн секцэнд бүртгүүлж байлаа. Тэнд анх багштайгаа уулзаж байсан. 

- Танай гэрийнхэнд барилддаг хүн байгаа юу?

- Аавын талынханд барилддаг хүн олон бий. Аймгийн начин Б.Баасанжаргал байна. Аавын дүү нар бүгд л барилддаг хүмүүс. Манай өвөө ч бас барилддаг байсан, сумын заан цолтой.

- Танай багшид Ерөнхийлөгч Х.Баттулга аймагтаа клуб байгуулаад, сайн жүдоч гарга гэж үүрэг болгосон гэсэн. Томилолт дуусаад Улаанбаатарт ирэхдээ чамайг сонгож, авчирсан байна. Өөр хүүхэд хамт ирсэн үү?

- Ирсэн, багш сайнаас нь шилж, 6 хүүхэд авчирсан. Одоо бүгд барилдаж байгаа. 60 кг-д барилдаж байгаа Б.Дашдаваа байна. Грекийн бөх Илиадисийн Монголд ирсэн бичлэгэнд гардаг хүүхэд. Дашдаваагийн дүү охин бас ирсэн, ирэх сараас Японд жүдогийн сургуульд явах гэж байгаа. 70 кг-д барилддаг А.Бадамгарав гээд охин байгаа. Хүнд жинд Б.Түвшинтөгс байна. Бид нар яг тэр томилолтоос гарч ирсэн хүүхдүүд. Бүгд Баянхонгор аймгийнхаа нэр дээр барилддаг.

- Гадаад дотоодын тэмцээнд явах зардал мөнгө аймгаас гаргаж байна уу?

- Аймгийн Засаг дарга тусалдаг. Ерөнхийлөгч бас зардал мөнгө гаргаж өгдөг.

- Жүдо бөхийг сонгон хичээллээд юу нь сайхан санагдав? Сүмогийн зарим аваргууд анх сүмо барилдаж байхдаа их дургүй байсан гэж ярьдаг. Тийм зүйл байв уу? Хэзээнээс жүдо бөхдөө жинхэнэ хайртай болов?

- Секцэнд анх ороод барилдаж байхдаа л дуртай байсан. Зун 7-р сард болдог "Чингис хаан Гран При" тэмцээнийг зурагтаар үзээд жүдод улам дуртай болсон. Хичээл амрахаар хөдөө гэртээ харьж, 1-2 сар хөдөө байна. Аймгийн төв орж бэлтгэл хиймээр санагдаад л. Хөдөө бас бэлтгэлээ хийнэ дээ гэж бодоод өглөө эрт гүйнэ, мод түлээ, малд явна. Урьд нь амралтаараа хөдөө явах дуртай байсан чинь харин нэг мэдэхэд аймгийн төв дээр бэлтгэл хийж байх дуртай болчихсон. Хүүхдүүд хөдөө амраад явчихад, би төв дээр бэлтгэлээ хийгээд үлддэг болсон. Номгон хайрхан уулын дэргэдэх булаг дээр гүйж очоод хөлбөмбөг тоглодог, багштайгаа зун бэлтгэл хийх их сайхан. Багшийг амарч байхад ч өөрөө ууланд гарч гүйгээд ер нь би бэлтгэл сургууль хийх маш дуртай.

- Хамгийн анхны оролцсон тэмцээн?

- Анх Аймгийн АШТ-ий 32 кг-д орж, мөнгөн медаль авсан. Секцнийхээ Нандиа гээд охинд ялагдаж байсан юм. Сумын аваргын тэмцээнд бас түүнд ялагдсан. Тэгээд зун нь хөдөө явахдаа нөгөө охиныг үргэлж бодоод л. Дахиж түүнд хожигдохгүй шүү гээд л бэлтгэл хийдэг байсан. Намар нь сургуульдаа ирэхдээ би 40 кг хүртэл жин нэмчихсэн, нөгөө охиноо ялдаг болчихсон байж билээ. 

- Одоо анхны өрсөлдөгч Нандиа чинь хаана байна, барилдаж байгаа юу?

- Барилдаж, бэлтгэл хийж байгаа. Гэхдээ хичээлдээ илүү анхаардаг болсон.

- 2016 онд өсвөрийн Азийн АШТ-д орсон.

- Тэр жил би 52 кг-ийн жиндээ өсвөрийн улсын аварга болоод Энэтхэгт болсон өсвөрийн Азийн аваргын тэмцээнд орсон. 4 тойрог барилдаж түрүүлсэн. Эхлээд Узбекистаны бөхтэй таарч барилдсан. Энэ бөхийг өнгөрсөн жил залуучуудын олимпийн хагас шигшээд бас ялсан. Манай багш түүний дасгалжуулагчийг мэддэг юм билээ. Нэг нэг торгуультай явж байгаад би мордоод цэвэр ялсан. Дараагийн тойрогт Тайваний бөхтэй таарсан. Тонгороод бас цэвэр ялсан. Хэсгийн аваргын төлөө Казахстаны бөхтэй таараад вазаригаар давсан. Аваргын төлөө Японы Ватанабэ гээд охинтой таарсан. Наалгуулаад вазари алдсан ч цаг дуусах гэж байхад тонгороод вазари аваад ялж, Азийн аварга болсон. 

- Залуучуудын олимпийн оноо олгох хэд хэдэн тэмцээнд тун сайн барилдсан шүү.

- Өнгөрсөн жил олимпийн эрхийн оноо өгөх олон тэмцээнд орсон. Эхнийх нь 11-р сард Унгарт болоход би хүрэл медаль авсан. Унгар, Туркийн бөхийг ялаад хэсгийн аваргын төлөө бас нэг унгар бөхөд хожигдсон. Оноо авч ялж яваад хутгуулаад ялагдсан юм. Хүрлийн төлөө бас унгартай барилдаад боох мэхээр ялсан. Дараа нь Антальяд болсон тэмцээнд түрүүлээд залуучуудын олимпод орох тамирчдын чансааны 5-д орж ирсэн. Эрх авах улаан шугаманд орсон гэсэн үг. Ер нь болох нь гэж бодоод календариа хартал 10-р сар хүртэл тэмцээн маш их байсан. Орохгүй бол чансааны оноо алдана. Европт 2 тэмцээнд ороод шинэ чансаагаа хартал би ухраад арван хэдэд буусан байлаа. Ингээд л оноо цуглуулах гээд тэмцээнд орж эхэлсэн дээ. Туркийн  тэмцээнд түрүүлээд, бас Азийн залуучуудын АШТ-д хүрэл медаль авсан. Дараа нь Кыргызстаны Бишкект мөнгө, ОХУ-ын Тулад болсон тэмцээнээс мөнгөн медаль авч, олимпийн эрхийн оноогоо цуглуулсан. 10 гаруй тэмцээнд орсон байсан.

- Залуучуудын олимпод урамтай сайхан барилдаж, мөнгөн медаль хүртсэн. Гэхдээ финалд тэр Оросын бөхийг ялах боломж байсан уу?

- Боломж байсан. Би өөрөө дутуу мэх хийгээд ялагдсан. Зоригтой хийгээгүй болохоор араараа мордуулаад ялагдчихсан. Барилдаан ч удаагүй. Урд өдөр нь бичлэгийг нь үзэх гэсэн олдоогүй болохоор судалгаа хийж чадаагүй. Ирэна Хубулова 48 кг-аас орж ирсэн болохоор сайн мэдэхгүй, огт тооцоолоогүй бөх байсан. Нөгөө хэсэгт сайн италитай таарсан байсан болохоор италийг нь давчих байх гэж бодож байлаа. Ирэна өнгөрсөн жилийн Европын аваргаар 48 кг-ийн финалд Дарья Белодедтэй барилдаж, вазаригаар ялагдаж байсан охин. 

- Өнгөрсөн оны сүүлээр Осака Их Дуулга, Хонконгийн нээлттэй тэмцээн гээд насанд хүрэгчдийн 2 тэмцээнд орлоо.

- Энэ тэмцээнүүд бол насанд хүрэгчдийн чансааны оноо цуглуулж эхэлсэн анхны тэмцээнүүд маань.

- Хонконгийн нээлттэй тэмцээний финалд Б.Хорлоодойтой финалд барилдаж, ялсан. Түүнтэй хэд таарч, хэд ялаад байна?

- Өсвөрт байхдаа 2 таараад 2 удаа торгуулиар ялагдаж байсан. 2017 оны улсын аваргаар хэсэгтээ таарч, хутгаж, вазари аваад тэргүүлж байсан ч цаг дуусах гэж байхад оноо алдаад ялагдсан. 2018 оны залуучуудын улсын аваргаар 2-р тойрогт таараад даралтаар ялсан. Сая Хонконгод таарч яллаа. Өнгөрсөн УАШТ-ий эхний тойрогт таараад давсан. Барилдааны харьцаа 3-3 болж, тэнцсэн байгаа.

-  Монголын эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд хамгийн сайн нь хэн гэж бодож байна? Хэн өрсөлдөгч чинь вэ?

- Манай жин маш их өрсөлдөөнтэй жин. Бүгд л өрсөлдөгч. Муу өрсөлдөгч гэж байхгүй.

- Дэлхийн чансаанд Б.Хорлоодой 35-д, чи 63-т бичигдэж байна. Олимпийн эрх авахад чансааг тооцно шүү дээ. Ер нь чансаагаа хардаг уу?

- Хардаг. Өнгөрсөн жил залуучуудын олимптой байсан болохоор би тэр тэмцээнд гол анхаарлаа хандуулж, насанд хүрэгчдийн тэмцээнд огт ороогүй. 2017 онд насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль аваад дараа нь насанд хүрэгчдийн Азийн АШТ-д оролцож, эхний тойрогт Хятадын бөхөд ялагдсан. Парисийн Их Дуулгад эхний тойрогт солонгосын бөхийг ялаад дараа нь дэлхийн аваргын 1 мөнгө, 4 хүрэлтэй Бразилийн Эрика Мирандад хожигдсон. Тэрнээс хойш насанд хүрэгчдэд барилдаагүй байсан. Сая харин Осака Их Дуулгад чансаагаа 60 байраар ахилуж, 63-т ороод байгаа.

- Осакад 2 даваад дараа нь Японы Ай Шишимэд уналаа.

- Ай Шишимэ солгой өрөлттэй, солгой хөмөрдөг тамирчин. Түүнийг хөмрөх байх гэж бодоод баруун энгэрийг нь аваад ханцуй авах гэж яваад хөмрүүлээд вазари алдсан. Оноогоо нөхөж чадаагүй байтал цаг дууссан. Тэгээд дагах барилдаан дээр солонгос бөхтэй таараад шилдэх гэж барьцанд шунаж яваад ялагдсан.

- Насанд хүрэгчдийн тэмцээнд цөөхөн оролцсон ч томчуудтай гар зөрүүлж үзлээ. Том тэмцээний утаа үнэрлэлээ, дэлхийн аварга хүнтэй барилдлаа. Шинэ юм юу сурав? Өөртөө юу дутагдаж байна гэдгийг ойлгож авсан бэ?

- Осака Их Дуулгын дараа гадаадын бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийхэд алдартай бөхчүүдтэй барилдаж үзлээ. Японы Абэ Үтатай барилдсан. Ерөнхийдөө боломжтой юм байна, өөрийгөө дайчлаад, алдаагаа засаад явбал тэдэнтэй өрсөлдөх юм байна гэж ойлгосон. Барилдаж үзье гэсэн хүмүүстэйгээ бүгдтэй нь барилдаж үзлээ. Оноо аваад, алдаад л, аваа өгөөтэй байлаа. Бичлэгнүүдээ үзээд тактик боловсруулаад явбал хэнийг ч ялах юм байна гэж бодсон, итгэлтэй болсон. Мэдээж алдаа дутагдал байгаа. Гол нь алдаагаа засах, давтахгүй байх нь чухал.

- Гадаадын 52 кг-ийн жингийн бөхчүүдээс хэнийг нь хүндэлдэг вэ?

- Хүндлэх гэхээр... Ер нь бүгд л өрсөлдөгч шүү дээ.

- Тэгвэл дараа таараад заавал ялах юм шүү гэж боддог бөх хэн байна?

- Ер нь бүгдийг нь л ялна гэж боддог. Гэхдээ Үта Абэг ялах хүсэлтэй. Сайн судлаад явбал ялж болно гэж бодоод байгаа. 

- Үта Абэ та хоёр чацуу юу?

-  Абэ нэг насаар л эгч, 19 настай. Би ирэх сард 18 хүрнэ.

- Үта Абэ юугаараа илүү болоод ялаад байна вэ?

- Үта Абэ багаасаа маш их хөдөлмөрлөж, зүтгэсэн хүн. Ах нь барилддаг болохоор ахтайгаа хамт хичээллэдэг байсан нь давуу тал. Өөртөө их итгэлтэй, ур чадвар сайтай гэж бодогдсон. Мэхэндээ тэсрэлттэй, хөдөлгөөнтэй барилддаг.

- Сарын дараа 18 нас хүрэх нь. Мөрөөдөж, бодож явдаг зүйл, зорилго 15-16 настай үеийнхээс өөр болсон байх даа.

- Өмнө нь дандаа өсвөр, залуучуудад барилддаг байлаа. Одоо насанд хүрэгчидтэй барилдаад эхлэхээр маш их зүйл өөрчлөгдөнө. Урьд өмнөхөөс илүү хүчтэй, ухаантай, хурдтай, тэсрэлттэй өрсөлдөгчидтэй таарна. Өөрийгөө улам их дайчлах хэрэгтэй. Тэмцээний зохион байгуулалт, шүүлт гээд бүх юм өөр. Хурдан дасан зохицох шаардлагатай. Өөрийгөө хөгжүүлээд л урагшаа явна даа.

- Эмэгтэй хүн тамирчин байх хэцүү. Үеийн охидууд чинь дуу хөгжим гээд цэнгэж байхад чи бэлтгэл хийгээд л байж байсан байх. 14-16 настайдаа үеийнхэн шигээ тоглох юмсан гэж бодож байгаагүй юу?

- Боддоггүй байсан. Тухайн үед бэлтгэлээ л хийх юмсан гэж боддог байлаа. Бэлтгэлдээ маш дуртай байсан. Дээр нь зорьсон зорилгодоо хүрье гээд. Өмнөө тодорхой хэмжээний зорилго тавиад биелүүлээд л яваад байдаг байсан. 

- Барилдаанаасаа өөрчлөх, сайжруулах зүйл юу байна гэж боддог вэ?

- Мэдээж байлгүй яахав. Одоо насанд хүрэгчдийн тэмцээнд орж эхэллээ. Өрсөлдөгч нар илүү хүчтэй болсон тул улам олон мэхтэй, тэсрэлттэй болох. Залгаа холбоо мэхнүүдээ сайжруулах. Сурах зүйл маш их байгаа. Хүрье гэсэн барьцандаа хүрч, хэнийг ч унагаах өөрийн гэсэн дархан мэхтэй болох. Өрсөлдөгч хүссэн ч хүсээгүй ч, ялж байсан ч, ялагдаж байсан ч тэр мэхээ хийдэг, чаддаг байх хүсэлтэй. 

- Энэ мэхээр бол хэнийг ч унагаана даа гэхээр итгэлтэй, дархан мэх гэвэл юу вэ?

- Тонгороо, тохой, үүрээ гэх юм уу даа.

- Насанд хүрэгчдийн тэмцээнд томчуудад энэ мэхнүүдээ хийв үү, болохоор байна уу?

- Болохоор байсан. Хэсгийн аваргын төлөө солгой үүрээд оноо авсан, Манай багш сонгодог барилдаантай хүн. Багшийнхаа жийлтийг хийсэн. Хөмрөө, хөл тавиа, жийгээг нь би сурч, хийж байгаа.

- Багшийнхаа барилдааныг бичлэгээр үзсэн үү?

- Үзээгүй.

- Грекийн алдарт бөх Илиадис "Д.Төмөрхүлэгийн хөл тавиаг хийх гээд чаддаггүй, биеийн онцлог өөр. Гэхдээ хийхийг маш их хүсдэг" гэж хэлж байсан. Чиний хувьд эгч нараасаа сурахсан гэсэн ямар мэхнүүд байна вэ? Манайд сайн бөх олон бий.

- Би багшийнхаа солгой үүрээ, хөл тавиаг, хэвтээ барилдааны техникийг нь сурахыг хүсдэг. Мэдээж эгч нарынхаа мэхийг хардаг. Урнаа эгчийн хэвтээ барилдаан, Сумьяа эгчийн үүрээг сурахыг эрмэлздэг. 

- УАШТ-д түрүүллээ. 52 кг-д бүгдийг нь ялчихлаа. Тэгэхээр цаашаа дэлхий харагдана. Одоо чиний нүдэнд олимп, ДАШТ харагдаж, толгойд бодогдож эхлэж байна уу?

- Бодогдож байгаа. Залуучуудын олимпод орсон юм чинь одоо их олимпод орохын төлөө зүтгэнэ. Энэ жил насанд хүрэгчдийн Азийн аварга, ДАШТ байна. "Токио 2020" наадам ганцхан жилийн дараа болно.

- Олимпийн эрх авахын тулд тэмцээнд байнга орж, оноо авахгүй бол болохгүй биз дээ?

- Тийм, эхний ээлжинд Европын цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцох. Тэгээд ер нь бүх тэмцээнд л сайн барилдах хэрэгтэй байгаа. 

- Энэ жил ямар тэмцээнүүдэд орох төлөвлөгөөтэй байна? Чансаа 63-т байна гэхээр болж өгвөл бүх тэмцээнд л орох хэрэгтэй.

- Шигшээ баг, багш дасгалжуулагч нар л шийднэ.

- Олимпод оролцохын тулд Азийн аварга, ДАШТ-д оролцох ёстой. Үүний тулд Монголдоо жиндээ 1 байх ёстой. Хэн явахыг холбоо шийдэх үү? Сорилт барилдаан хийх үү? Улсын аварга болно гэдэг жиндээ тэргүүн гэдгээ баталсан хэрэг байх.

- Холбоо л шийднэ.

- Энэ жил шилдэг залуу тамирчны шагнал "Бөртө чоно" авлаа. Залуучуудын олимпийн медаль хүртлээ. Амжилт арвинтай жил байлаа. 

- Маш их урам авсан. Цаашдаа улам их хичээх болно.

- За чамд спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

2019.02.14 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top