"Картаа гээгдүүлсэн иргэнд ашиглаагүй мөнгийг нь олгоно"

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 01

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаанаар өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт /2019.03.24/ Нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн журам, зардлын санхүүжилтийн үнэлгээний тариф батлах тухай асуудлыг хэлэлцэн баталсан. Энэ үеэр Улаанбаатар хотын Засаг дарга С.Амарсайхан “Иргэдийн нийтийн тээврээр зорчихоор картаа цэнэглэсэн ч зорчиж амжилгүй гээгдүүлснээс төвлөрсөн 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцааж олгоно” гэдгийг мэдэгдсэн. Энэ талаар Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаагаас тодрууллаа.

-Нийтийн тээврээр зорчигч картаа цэнэглэсэн ч хэрэглэж амжилгүй гээгдүүлснээс төвлөрсөн 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцааж олгоно гэж Нийслэлийн Засаг дарга мэдэгдсэн. Ийм их хэмжээний мөнгө хуримтлагдсан байдаг уу?

-Нийтийн тээврээр үйлчлүүлдэг картаа гээгдүүлсэн, үрэгдүүлсэн картан дахь нийт мөнгө 1.8 тэрбум төгрөг биш юм. Нийслэлийн иргэдийн автобусны картанд байгаа мөнгөн дүн 1.8 тэрбум төгрөг болж байгаа. Нийслэлийн Засаг дарга картан дахь нийт мөнгөн дүнгийн хэмжээг хэлэхдээ үрэгдүүлж, гээгдүүлсэн мөнгөний дүн гээд хэлчих шиг болсон.

-Тэгэхээр иргэдийн гээгдүүлсэн картанд хэчнээн төгрөг хуримтлагдсан байна вэ?

-Одоо тооцоо судалгааг явуулж байна. Хараахан өнөөдрийн байдлаар тэдэн төгрөг гээд хэлэх боломжгүй.

-Картаа гээгдүүлсэн иргэний мөнгийг хэрхэн буцаан олгох вэ?

-Хэрхэн өгөх асуудлыг судалж байна. Бүртгэлтэй, бүртгэлгүй гэсэн хоёр төрлийн смар карт бий. Гээгдүүлсэн карт нь бүртгэлтэй карт бол эзэнд нь картан дахь мөнгийг нь буцаан олгох боломжтой. Харин автобусны буудлын ойролцоох ТҮЦ, дэлгүүрүүдээс энгийн бүртгэлгүй карт авч хаягдуулсан бол картан дахь мөнгийг өгөх боломжгүй. Яагаад гэхээр тухайн картанд ямар нэгэн бүртгэл, хүний нэр байхгүй учраас эзнийг нь мэдэж өгөх боломжгүй.

Гэхдээ автобусанд ямар нэгэн зөрчил гаргаад картаа хураалгахдаа бичиг хийлгэж авсан бол түүнийгээ үзүүлээд картан дахь мөнгөө авах боломжтой.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top