Монгол адууны дэл, сүүлийг экспортод гаргаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 01

Монгол улсад адууны дэл, сүүл, сарлагийн саваг, тэмээний эр ноосыг боловсруулан, экспортод гаргадаг "МОН ТОРГОН ДЭЛ" ХХК байгуулагдан, 2019 оны гуравдугаар сарын 29-нд  нээлтээ хийжээ. 

Энэхүү үйлдвэр нь Засгийн газрын 36-р тогтоолоор батлагдсан “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрт тусгагдсан гол чухал үйлдвэрүүдийн нэг юм. Монгол адууны дэл сүүл, сарлагийн саваг нь дэлхийд чанараараа нилээн дээгүүрт ордог төдийгүй, нийт дэлхийн зах зээлийн 40% монголын дээрх бүтээгдэхүүн эзэлдэг.  Харин уг үйлдвэр байгуулагдсанаар чанар стандартын шаардлага хангасан хагас боловсруулсан бүтээгдэхүүний зохих стандартын  савлагаатайгаар экспортод гарч эхэлж байна.

Тус үйлдвэрт одоогоор 60 орчим ажилтан ажиллаж,  өдөрт дундажаар 200 кг бүтээгдхүүн үйлдвэрлэн, БНХАУ-д экспортолж байна. Одоогийн суурилагдсан хүчин чадал нь өдөрт 500 кг бүтээгдэхүүн боловсруулах боломжтой. Манай улсын хэмжээнд  жилд дунджаар адууны дэл 300 тн, адууны сүүл 100 тн,  сарлагийн  сүүл 60 тн, сарлагийн саваг 30 тн, тэмээний эр ноос 400 тн бэлтгэх түүхий эдийн нөөцтэй юм.

Цаашид эдгээр хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг Европын орнуудад экпортод гаргах, боловсруулалтын түвшингээ ахиулан  гадаад, дотоодын зах зээл дээр 3-5 нэр төрлийн бүтээгдэхүүн /уран зургийн бийр, эмэгтэйчүүдийн гоо сайхны бийр, сормуус, парик/  үйлдвэрлэн гаргахыг зорьж байна. Монголын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран уг үйлдвэр ширхэгт бүтээгдэхүүний савлагааны MNS  0215:2018   MNS0215:2007 техникийн зохицуулалтыг боловсруулан батлуулж, мөрдөн ажиллаж байна.

Адууны дэл, сүүл, сарлагийн саваг, тэмээний эр ноосыг урт богино хэмжээгээр болон өнгөөр нь, ангилан ялгаж, угааж ариутган багцалж савлан гаргаж байна. Эдгээр бүтээгдэхүүн нь ширхэгт бүтээгдэхүүн дотроо хамгийн өндөр чанартайд тооцогдог, урьд өмнө нь ашиглагддаггүй байсан нөөцийг ашиглан нэмүү өртөг шингээн,  экспортын бүтээгдэхүүн  үйлдвэрлэснээр хөнгөн үйлдвэрийн салбарт бас нэгэн дэвшил, нийгэмд үзүүлж буй үр ашгаараа ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top