4 САРЫН 1: Өнөөдрийн хамгийн шилдэг “ХУУРАЛТУУД”

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 01

Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1. Олон улсын инээдмийн баярын өдөр. Зарим оронд "Тэнэгүүдийн баяр" ч гэдэг. Энэ баярыг дэлхийн олон улс оронд тэмдэглэдэг хэдий ч хаанаас, хэрхэн үүссэн тухай нь хэн ч мэддэггүй. Гэвч олон домог, цуу яриа байдаг. Хамгийн ортой нь Григорийн он тооллын дараагаас ядарсан ард олныг амраах зорилгоор “Инээдмийн баяр”-ыг тэмдэглэж ирсэн хэмээх баримт байдаг.

Энэ өдөр хүмүүс гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хөрш, дайсан гэлтгүй хууран мэхэлсний дараа буюу шөнө дунд "4 сарын 1" хэмээн эргэлзээг тайлдаг байна. Мөн энэ өдөр хүн бүхэн дүүрэн инээдтэй уулздаг бөгөөд хүн инээлгэм алиа хошин зүйл ярьсан байх ёстой. Ингэхдээ хэн нэгнийг хуураагүй хүн байвал шийтгэл хүлээдэг байсан гэнэ. Ингээд өнөөдрийн сошиал орчин дахь хамгийн шилдэг хууралтуудыг хүргэж байна. Хүн гүтгэсэн хэргээр Зөрчлийн хухай хуулиар торгуулахгүй л гэж найдъя.
 

  1. БАЯРТАЙ РОНАЛДО!!!
     

Энэ цаг үеийн хөлбөмбөгийн супер од Криштиан Роналдо бэртлийн улмаас зодог тайлах болсон тухай мэдээ өнөөдрийн хамгийн шилдэг хууралт байлаа. Энэ мэдээллийг спортын хөтлөгч н.Амгалан өөрийн фэйсбүүк хуудсанд нийтэлсэн бөгөөд 461 хүн эмгэнэн, гашуудаж буйгаа илэрхийлсэн бол 143 хүн өөрийн фэйсбүүктээ хуваалцжээ. Өдгөө 34 настай Роналдо Италийн Ювентуст ёстой л гангарч байгаа. Түүний карьер дуусах болоогүй гэдгийг цаг мөч тутам баталсаар байгаа билээ.
 

  1. УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭНХБАЯР ӨРГӨДЛӨӨ ӨГНӨ
     

“Өргөдлөө өгөхөөр шийдлээ. Үхрээ маллаад сайхан амьдарч чадна гэж үзлээ. баярлалаа та бүхэнд. Уучлаарай та бүхэн” гэсэн жиргээ твитэрт ёстой л эрчийг авч, гал маналзуулж байна. Мэдээж энэ бол хуурамч аккаунтаас бичсэн дөрөвдүгээр сарын 1-ний төгс хууралт байлаа. Энэхүү мэдээлэлд итгэн 99 хүн өөрийн твиттэрт хуваалцсан бол “ориг” Ж.Энхбаяр гишүүн ихэд дургүйцсэн гэнэ лээ. Иймэрхүү утга агуулга бүхий хэдэн удаагийн жиргээний дараа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн албан ёсны хуудаснаа “Миний өмнөөс хуурамч хаяг нээж худлаа жиргээд байгаа энэ нөхрийг кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар өгсөн. Ай-пи хаягаар нь олсон гэнэ. Ямархуу нөхөр байна харуулна, аа” хэмээсэн юм. Үүний хариуд хуурамч нөхөр “Энхбаяр намайг хайгаад байгаа бололтой. бүрэн эрх чинь удахгүй дуусна гэдгийг мэдэж байгаа байх. Миний зургийг харуулчихаарай. Уулзаж болно гэж хэлээд өгөөрэй” хэмээн өөрийнхөө зургийг бахархалтай нь аргагүй оруулжээ. Инээдмийн баяр ч ханиадам болох үе бас байдаг аж.
 

  1. LV ОРООЛТОО ЗАРНА...
     

Саяхан даа, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэдэн мянган долларын үнэтэй LV брэндийн ороолтоор гангарч, олон нийтэд нэлээн шүүмжлүүлээд авсан. Тэгвэл тэрбээр олон нийтийн шүүмжлэлээс залхсан уу яасан, үнэтэй ороолтоо зарахаар өөрийн твиттэр хуудаснаа “зар” өгчээ. Дөрөвдүгээр сарын 1 улстөрчдийн хувьд нэлээд хатуу байх чинь ээ...
 

       4. ДУУЧИН С.БИЧҮҮ УИХ-ЫН 42 ДУГААР ТОЙРОГТ НЭР ДЭВШИНЭ
 

Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх зургадугаар сард болохоор товлогдсон билээ. Тэгвэл энэ тойрогт дуучин С.Бичүү нэр дэвшихээр болсноо зарлалаа. Хэдийгээр нэгнийгээ хуурдаг баяр боловч эрхэм дуучин унаган нутгийнхнаа нэлээд “чанга” хуурчих шиг болсон. Учир нь түүнд одоо хүртэл баяр хүргэж, амжилт хүссээр байна.
 

      5. СТИВЕН СПИЛБЕРГ ХОВОР АМЬТАН АГНАЖЭЭ
 

“Нэрт найруулагч Стивен Спилберг дэлхийд ердөө аравхан ширхэг байдаг ховор амьтан агнажээ” гэсэн постноос болж мөн ч олон хүн өнөөдөр бухимдав. Агнасан амьтныхаа өмнө хээвнэг инээчихсэн зургаа авахуулсан түүнийг эгээтэй л цаазалчихсангүй. Гэхдээ уншигч та тайвширч болно. Стивен Спилберг “Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн” киногоо хийх үеэр ийм зураг авахуулжээ. Тэгээд ч аль эрт мөхсөн амьтан шүү дээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top