Дулааны алдагдалгүй барилга барих чиглэлээр хамтарч ажиллахаар болов

2019 оны 04 сарын 02

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан /2019.04.02/ Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн захирал Дэвид Хэнкокийг хүлээн авч уулзлаа. Германы хамтын ажиллагааны байгууллагаас Улаанбаатар хотод дулааны алдагдалгүй байшин барих, барилгын дулаалгын материалын хувьд байгаль цаг уурын онцлог нөхцөлд тохирсон технологийг нэвтрүүлэх чиглэлээр анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөсөн гэдгээ Хотын захирагчид уламжлав. “Эрчим хүчний хэмнэлттэй технологи ашигласан барилга, орон сууц барих нь өнөөгийн тулгамдаж байгаа асуудлуудын нэг. Улаанбаатар хотын хувьд гэрийн дулаалгыг сайжруулах ингэснээр дулааны алдагдлыг бууруулах, дулааны алдагдалгүй байшин барилга барих, эрчим хүч хэмнэсэн шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй бүх талаар хамтарч, дэмжин ажиллана” гэдгээ Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэллээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top