Монголын 2.2 САЯ ХЭРЭГЛЭГЧ өдөрт дунджаар 77 минутыг ФЭЙСБҮҮКТ зарцуулдаг

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 03

Монгол Улсад Фэйсбүүк идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2.2 саяд хүрч, нийт хүн амын 70 хувь нь сошиал орчинд идэвхтэй байж, мэдээ мэдээлэл авч бусдад түгээж байна. Энэ бол Азид тэргүүлэх үзүүлэлт юм. Тиймээс нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг хэвшүүлэх, цахим орчин дахь аюулгүй байдал болон хүүхэд хамгааллын асуудалд зөв гарц, шийдэл олох зорилгоор “Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ-2019” форум өчигдөр /2019.04.02/  “Блү Скай” зочид буудлын “Кристал” танхимд боллоо.

Форумд Харилцаа холбооны зохицуулах хороо, Хуул зүй, дотоод хэргийн яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар тус форумыг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Н.Учрал, Харилцаа Холбоо Мэдээлэл Технологийн газрын дарга Б.Чинбат, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг, Фэйсбүүк группийн Монгол, Хонгконг, Тайвань улс дахь бодлого, үйл ажиллагаа хариуцсан захирал Жорж Чэн, АНУ-ын Элчин сайд Майкл Клэчэски, Германы “Фридрих Эберт” сангийн суурин төлөөлөгч Доктор Нийлс Хегевиш тэргүүтэй бусад албаны төлөөлөгчид оролцсон юм.

Форумын нэгдүгээр хэсэгт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Нийгмийн сүлжээний бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Ариунцэцэг илтгэл тавьсан бөгөөд панелистуудаар ХХМТГ-ын хэлтсийн дарга А.Золзаяа, ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг,  АНУ-ын Элчин сайд Майкл Клэчэски, Фэйсбүүк группийн Монгол, Хонгконг, Тайвань улс дахь бодлого, үйл ажиллагаа хариуцсан захирал Жорж Чэн, Германы “Фридрих Эберт” сангийн суурин төлөөлөгч Доктор Нийлс Хегевиш нар оролцлоо.

 “Олон улсын хэмжээнд хувь хүн фэйсбүүкийг ашиглах хугацаа нь 53 минут байхад Монгол Улсад ашиглах хугацаа нь 77 минут байна”

2018 онд ГҮҮГЛ хайлтын систем дэх жагсаалтын эхний тавд  ФЭЙСБҮҮК, ЮТҮБ, ГҮҮГЛ, ТРАНСЛЭЙТ, МОНГОЛ гэх үгнүүд бичигджээ. Дэлхийн 3,4 тэрбум хүн нийгмийн сүлжээний хэрэглэгчид бөгөөд 2,2 тэрбум нь фэйсбүүк идэвхтэй хэрэглэдэг байна. Монгол Улс дэлхийд сүлжээний бэлэн байдлын индексээрээ 57, ICT-ийн хөгжлийн индексээрээ 91, өрсөлдөх чадварын индексээрээ 101, цахим засгийн хөгжлийн индексээрээ 2018 оны байдлаар 92 дугаар байрт явж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top