Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, тус байнгын хорооны гишүүн М.Билэгт, Ц.Цогзолмаа нар Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгт ажиллаж, эмнэлгийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ эмч нартай уулзаж, санал бодлыг нь сонссон байна.
Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн танилцуулгадаа "Элэгний хорт хавдрын өвчлөл болон нас баралтаар Азийн орнууд, дэлхийн дундажтай харьцуулахад манай улс тэргүүлж байгаа төдийгүй хорт хавдартай гэсэн онош сонссон хүмүүсийн 65 хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд нас бардаг бол дэлхийн дундаж эсрэгээрээ 60 гаруй хувь нь гурав буюу түүнээс дээш жил байна. Манайд хожуу шатандаа оношлогддог учир ийм ялгаа гардаг. Ойрын 20-30 жилд Монгол Улсад хорт хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэх тооцоололтой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч гурван эрэгтэй тутмын нэг нь, таван эмэгтэй тутмын нэг нь хорт хавдраар өвдөнө гэдэг таамаглал дэвшүүлсэн. Тиймээс зогсоо зайгүй урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлгийн мэдээлэл түгээж, ард иргэдийг энэ талын боловсрол мэдлэгтэй болгох шаардлага байна" гэсэн юм.
Тэрбээр мөн дэвшилттэй тал байгааг мэдээлэлдээ онцолсон. Тухайлбал, мэс засал хийлгэсэн хүмүүсийн хагалгаа амжилттай болж, эмчилгээ авч байгаа тоон үзүүлэлт жилээс жилд нэмэгдэж 2018 онд 98 хувьд хүрсэн. 2007 онд 1150 хүнд мэс засал хийсэн бол энэ тоо өссөөр 2018 онд 2859 хүнд мэс засал хийсэн. Урьдчилсан таамаглалаар 2023 онд 3159 мэс засал хийгдэнэ гэж тооцвол мэс заслын өрөөний хүлээгдэл цаашид улам нэмэгдэхийг онцлон дурьдаад тус эмнэлгийн хамт олон байгаа төсвөө хэрхэн олон хүнд хүргэх вэ гэдэгт бүх анхаарал, боломж нөөцөө дайчлан ажиллаж буйг хэллээ.
Толгой, хүзүүний мэс заслын тасгийн эрхлэгч Г.Пүрэвдорж “Хүнд өвчтэй хүнд нэг хоног ч урт хугацаа болдог. Эмнэлгийн барилга анх ашиглалтад ороход стандартын дагуу тоноглосон хагалгааны хоёрхон өрөөг төлөвлөсөн ч хүлээгдэл дийлдэхээ больсон учир 2000 оноос дээрх хоёр өрөөний үүдний өрөөг тохижуулж, дөрвөн өрөөтэй болсон. Өрөөний хүлээгдлээс болж тухайн өдөрт төлөвлөсөн мэс заслаа дуусгахын тулд эмч нар наанадаж 21.00, цаад тал нь шөнө “Төрийн дуулал” эгшиглэхтэй зэрэгцэн ажлаа дуусгадаг. Мэдэхгүй хүнд энэ байдал эмч нарыг ажлаа удаан хойрго хийдэг, эсвэл ажлаа хийж чаддаггүй юм шиг харагдуулдаг байх” хэмээн бэрхшээлээ тоочлоо.
Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Р.Ганбаатар “Манай эмнэлэгтэй хамтын ажиллагаатай БНСУ-ын Корей их сургуулийн “Анам” эмнэлгийн ерөнхийлөгч 2018 онд 22 мянган хүн Монголоос ирж эмчилгээ, үйлчилгээ авсны 30 орчим хувь нь хорт хавдартай, нэг хүнд мэс засал хийсэн өртөг монгол мөнгөөр 50 сая төгрөг гэж хэлсэн. Тэгсэн хэрнээ мэс заслын чанар, амжилт нь манайхтай яг адилхан. “Анам” эмнэлгийн мэс заслын дараах нас баралт манай эмнэлэгтэй ойролцоо байдаг.
Бидний эмчилгээг голсондоо ард түмэн тэгж яваагүй юм билээ. Манайд тэр хөгжилтэй орнууд шиг аятай, тухтай үйлчилгээ үзүүлэх орчин алга, Гэтэл ийм үйлчилгээ, сувилгаа заавал хэрэгтэй. Энд нэг өрөөнд дөрөв тавууланг нь шахдаг бол “Анам” эмнэлэгт нэг өрөө нэг л өвчтөнд зориулагдсан. Бидэнд хамгийн хэрэгтэй байгаа зүйл одоо хүрэлцээтэй, багтаамжтай байр савны л асуудал байна. Нөгөө талаар эмч, ажилчдын цалин хөлс гээд системийн өөрчлөлт хийх шаардлага байна уу гэвэл тийм. “Анам” эмнэлэгт мэс заслын өндөр өндөртэй багажийг ажиллуулан мэс засал хийдэг өндөр мэргэжлийн эмч 70 сая төгрөгийн цалинтай байхад манайд дээд тал нь сая төгрөгийн цалин авдаг” гэлээ.
Эм зүйн албаны эрхлэгч Ж.Жавхлан “Эм. Эмнэлгийн хэрэгслийн төсвийн хүрэлцээгүй байдал хүндрэлтэй хэдий ч бид боломж нөөцөөрөө гал алдахгүй шийдвэрлээд явдаг. Сүүлийн үед бай эмчилгээ хэмээх шинэ төрлийн эмчилгээ нэвтэрсэн ч өндөр өртөгтэй учир бид иргэдийн хувиараа олж ирсэн эмийг эмчилгээнд нь ашиглаж байна. Цаашид энэ эмийг эрүүл мэндийн даатгалд хамруулах замаар бай эмчилгээ, дархлаа эмчилгээ зэрэг шинэ тутам нэвтэрч буй дэвшилттэй эмчилгээг нутагшуулахад төсвийн дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Мөн эмнэлгийн ачаалал хэдэн арав дахин нэмэгдсэн байхад эм, эмнэлгийн хэрэгсэл хадгалах агуулах талбайн хэмжээ нэмэгдээгүй нь бидний ажилд хүндрэл учруулдаг” хэмээлээ.
Үг хэлсэн эмч нар хавдрын тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэхэд байрны хүрэлцээгүй, дутмаг байдал гол бэрхшээл үүсгэж, мэс заслын хүлээгдэл буурахгүй байх үндсэн шалтгаан болж байгаа төдийгүй мэс заслын хэт ачаалал нь халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэл үүсгэж буйг анхааралдаа авч ажиллахыг хүслээ.
Мөн улсын хэмжээнд хамгийн өндөр хүчин чадалтай цөмийн энерги ашигладаг цорын ганц эмнэлэг, цорын ганц объект болох тус төв эмнэлэг тойруулаад хувийн хэвшлийн байгууллагуудын барилга байшинд хашигдаж, баруун талаасаа ганцхан орц, гарцтай болсон нь хүнд өвчтэй хүмүүсийг чирэгдүүлэх төдийгүй болзошгүй гамшиг аюулаас сэргийлэх, яаралтай тусламж авах бүхий л боломжийг хаасныг хэлсэн.
Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгийн үйл ажиллагаа, газар авсан хорт хавдар өвчинтэй тэмцэх чиглэлээр Монголын төр засаг ямар шийдвэр гаргаж, бодлого хэрэгжүүлдэг талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан байгаа. Асуулгын хариуг дөрөвдүгээр сарын 05-нд хаврын ээлжит чуулган эхэлсний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсож, төр засаг ямар бодлого хэрэгжүүлж, ямар үүрэг хүлээн ажиллах шаардлагатай байна, тэр түвшинд ажиллахыг шаардана. Байнгын хороон дээрээ энэ талаар хөндөж ярина. Шаардлагатай бол УИХ-ын нэгдсэн чуулганаас тогтоол гаргаж, Засгийн газарт саналаа хүргүүлнэ. Эмнэлгийн барилга байшингийн багтаамжгүй байдал эмчилгээ, үйлчилгээнд сөргөөр нөлөөлж байгааг эмч та бүхэн төдийгүй эмнэлгээр үйлчлүүлж буй иргэн бүр хэлдэг. Үхэлтэй өрсөлдөж байгаа хүмүүст 20 хоног хүлээнэ гэдэг маш урт хугацаа. Тиймээс байрны асуудлыг шийдвэрлэх гэх зэрэг олон чухал шийдвэрийг Монголын төр монголын ард түмний төлөө гаргах ёстой, энэ чиглэлээр эцсийн үр дүнг үзэх хүртлээ хамтран ажиллана” гэв.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, “Зөвхөн нэг тасгийн мэс заслын хүлээгдэл дөрвөн долоо хоног байгаагаас харахад л эмнэлгийн байр савны асуудалд төр засаг зайлшгүй анхаарахаас өөр аргагүй болсон байна. Байрны асуудлыг Байнгын хорооноос салбарын яам, Засгийн газартайгаа хамтраад шийдвэрлэх найдвар бий гэж харж байгаа. УИХ дахь эмэгтэй бүлгийн гишүүд энэ асуудлаар дуу хоолой болж ажиллана” гэлээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол уулзалтын төгсгөлд дагалдан ажилласан Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнд энэ долоо хоногтоо багтаан ХСҮТ эмнэлгийн урд талд хувийн хэвшлийн барьж буй хавдрын эмнэлгийн зориулалттай 13 давхар барилгыг улсад авах асуудлын талаар ажлын хэсгийн ахлагчийн хувьд Байнгын хороонд танилцуулж, цаашид яаралтай шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах үүрэг, чиглэл өглөө.
Энэхүү уулзалтын үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн ХСҮТ эмнэлгийн урд талд барьж буй эмнэлгийн зориулалттай 13 давхар барилгыг улсад авах ажлыг судлах ажлын хэсгийн ахлагчийн хувьд товч мэдээлэл хийсэн. Тэрбээр bэргэжлийн хяналтын байгууллага зэрэг холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаад, концессийн гэрээгээр улсад авах боломжтой гэсэн санал урьдчилсан байдлаар гарч байгаа талаар мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
Их хурлын гишүүн улсад байшингаа худалдах нь ёс зүйтэй юу