Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Багш нарын VII Их хурал” Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, өндөрлөлөө. Энэхүү хуралд Монголын өнцөг булан бүрээс дээд боловсролын салбараас 70, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаас 40, нийслэл болон аймаг орон нутгийн цэцэрлэг, сургуулийн багш нараас 400, мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэл, олон улсын болон төр, төрийн бус байгууллагуудаас урилгаар 90 төлөөлөгч нийт ирсэн 800 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч оролцсон бөгөөд Засгийн газрын шийдвэрээр таван жил тутамд хуралдаж байхаар тохиролцсон юм.
Багш нар салбарынхаа өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой болсон уг хуралдааны нээлтийг /энд дарна уу/ бид сурвалжлан хүргэсэн билээ. Харин энэ удаад багш нарын VII их хурлыг хаалтын үеэр УИХ-ын НББСШУ-ны Байнгын хорооны дарга Д.Оюунхоролын хэлсэн үгийг онцолж байна. Тэрбээр:
Монголын багш нарын VII их хурал та бүхний дэмжлэг оролцоотойгоор хоёр өдөр амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.
Дэлхий ертөнц даяарчлагдахын хэрээр өнөөдөр улс орон бүр тогтвортой хөгжлийн эх сурвалж, хөдөлгөгч хүчийг хүн төрөлхтний олон зууны туршид хуримтлуулсан оюун санааны үнэт зүйлс, их өвтэй холбон үзэж байна. Энэхүү цаг үед эрдэм боловсролыг хойч үедээ өвлүүлэн, тэднийг хөгжил дэвшлийн хурдацтай хөл нийцүүлэн алхаж чадах идэвхтэй бие хүн болгон хөгжүүлж, төлөвшүүлэхэд багш Та бүхний хүлээсэн үүрэг, бүх талын оролцоо өндөр байх учиртай гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Улсын Их Хурлаас “Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль”-ийн төслийг өнгөрсөн онд хэлэлцэн баталсан билээ. Хууль батлагдсанаар багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, оролцоог хангах, тэдний хөдөлмөрийг бодитой үнэлэх асуудлыг зохицуулсан бие даасан эрх зүйн орчинтой болсон бөгөөд багшид ажлын гүйцэтгэлд суурилсан урамшууллыг олгож эхэллээ.
23 жилийн дараа хуралдаж байгаа энэ их хурлын индэр дээрээс Монгол улсын Ерөнхийлөгч, Монгол улсын Ерөнхий сайд, БСШУС-ын сайд бүгд чин сэтгэлээсээ багш нарыг хөнгөлөлтэй нөхцлөөр орон сууцжуулах шийдвэрийг яаралтай гаргах хэрэгтэй хэмээн ярьж байгаад туйлын баяртай байна.
Орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийг шийдвэрлэх улс төрийн шийдвэр гаргахад НББСШУ-ны байнгын хороо манлайлан ажиллана гэдгээ та бүхэндээ энэхүү эрхэм хүндтэй индэр дээрээс амлаж байна.
Монголын боловсролын салбарын 95 жилийн түүх бол үргэлж урагшилсан, ахиж дэвжсэн, үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид та бидний бүтээсэн хамтын түүх гэж бодож, ойлгож, бахархаж байдаг юм.
Өнөөдөр монголын боловсролын салбар дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн хөгжиж байгаагийн нэг илэрхийлэл бол олон мянган оюунлаг залуус маань дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өндөрт гаргаж, бахдам сайхан амжилт гарган ажиллаж амьдарч байна. Эдгээр залуус бүгдээрээ багш та бүхний хөдөлмөрийн үр шимээс соёолон гарсан үр дүн юм аа.
Энэ зааланд 10 жилийн ангийн Ичинхорлоо багш маань хүрэлцэн ирсэн байгаа. Багш тандаа болон нийт багш нартаа мянга мянган шавь нарынх нь өмнөөс баярлалаа гэдэг үгийг дахин дахин хэлмээр байна.
Монгол Улсын Их Хуралд 2019 оны улсын төсвийн хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллах завшаан тохиож гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахын тулд улсын төсвийн санхүүжилтийг 231.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 2019 оны төсөвт ерөнхий боловсролын сургууль 123, цэцэрлэг 176,сургууль-цэцэрлэгийн цогцолбор 7-г шинээр барихаар суулгаснаас 58 сургууль, 134 цэцэрлэг, 5 цогцолборыг 2019 онд дуусгаж ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн билээ. Эдгээр сургууль, цэцэрлэгүүд ашиглалтанд орсноор сургуулиудын, анги танхимын хүртээмж нэмэгдэж мөн нөгөө талаас багш нарын ачаалал буурах бололцоо бүрдэнэ. Энэхүү шийдвэрийг гаргах, хэрэгжүүлэхэд сэтгэл гарган зүтгэж байгаа Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт нийт багш нарынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлж, амжилт хүсье.
Боловсролын үйлчилгээнд иргэдийг жигд хамруулах, тэгш боломж олгох, чанартай боловсрол эзэмшүүлэх, багш, ажилтны нийгмийн баталгааг хангах зэрэг асуудлаар хууль, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гүйцэтгэлд хяналт тавих талаар тус Байнгын хорооноос Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч энэ асуудалд онцгой анхаарч илүү идэвхтэй, үр дүнтэй хамтран ажиллах болно.
Багш нарын хувьд ажлын ачаалал ихтэй, цалин хөлс багатайгаас гадна илүү цагаар хөдөлмөрлөдөг, ажлын орчин нөхцөл хангалтгүй, нийгмийн хамгааллын асуудлаа бүрэн шийдвэрлүүлэх боломжгүй явж ирснийг бид бүхэн сайн мэднэ.
Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт болон багш нарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр гаргасан өнөөдрийн шийдвэр нь эх орны ирээдүй болсон хүүхэд, залуу үеийг сурган хүмүүжүүлэх их үйлсэд өөрийн эрүүл мэнд, ажил амьдрал, ар гэрээ умартан хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөж ирсэн багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхний ирээдүйд том ахиц өөрчлөлт, урам зориг, итгэл авчрах чухал шийдвэр гаргасан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд мянга мянган багш нарынх нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Энэхүү шийдвэрийн хэрэгжилтийг хангахад Байнгын хорооноос бодлогын дэмжлэг үзүүлж, бүхий л талаар Засгийн газартай хамтран ажиллах болно.
Хувь хүний мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс, хандлага, хувь хүний зан үйлийг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын идэвхтэй хэлбэрт шилжих, өнөөдөр бидэнд хамгийн тулгамдаад байгаа нийгмийн гаж үзэгдэл болох бүхнийг шүүмжлэх сэтгэлгээнээс салах, цаашлаад залхуурал, ядуурал, стресс дарамтын тойргоос иргэдийг гаргахад багш та бүхнийг манлайлан ажиллаж чадна гэдэгт би итгэлтэй байна.
“Сайн багш - хөгжлийн үндэс суурь” гэдэгтэй хэн бүхэн санал нийлдэг. Хүн ардаа эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх орноороо бахархдаг, иргэншиж төлөвшсөн, шинэ үеийн хариуцлагатай иргэн болж төлөвшүүлэхэд онцгой анхаарч монгол хүний иргэний боловсролыг дээшлүүлэхэд өөрсдийн эрдэм оюун, хүч чадлаа зориулан ажиллахыг нийт багш, сурган хүмүүжүүлэгчид төлөөлөгч Та бүхэндээ уриалж байна гэсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )
manai bagsh nudee anij baigaad l ih l idehtei duulj baih chine,tegeed ch ene muu chavgants 2020 ond bas dahiad l end suuj bug bolohiin tuluu erhem bagsh nart hudlaa hair zarlaj baigaam,tertee tergui nigem soyoljij bair suuts ntr geed hugjliin shat ahij l taaraa,naad muu chugantsaa huuguud yavuulahgui dee
ЭНЭ ҮЕЭ ӨНШӨРӨӨСӨН ЧАВГАНЦ ХООСОН ЧАЛЧИЖ НЭР НҮҮР ОЛОХ ЮМ БАЙХ ДАА. СОНГУУЛЬ ОЙРТСОН ТУЛ ИНГЭЖ ХУЦАЖ БАЙНА... БҮҮ ИТГЭЭРЭЙ... ХУДЛАА ШҮҮ...