Ё.Баатарбилэг: Боловсролын агуулгаар оролдох сайн зүйл биш

Админ | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэгтэй ярилцлаа.


-Гэгээрлийн яам нэртэйгээр анх байгуулагдсан боловсролын салбар өдгөө 95 жилийн түүхт ойтойгоо золгож байна. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл цар хүрээ нь өргөжиж Монгол Улсын хамгийн том салбар боллоо. Та боловсролын салбарын 32 дахь сайдаар ажиллаж байгаа. Энэ сарын 11-ний өдөр багш нарын долдугаар Их хурал болно. Та өмнө нь харьяалагдах байнгын хороонынх нь дарга байлаа. Гэгээрлийн яамнаас БСШУСЯ хүртэлх 95 жилийн түүхийг сөхөхгүй юу?

-1924 оны Ардын Засгийн газрын 31 дүгээр тогтоолоор Ардыг гэгээрүүлэх яам нэртэйгээр анх байгуулагдсан байдаг. Анхны сайдаар нь бидний сайн мэдэх Д.Сүхбаатар жанжны багш онход Жамъян гуай томилогдож байсан. Түүнээс хойш боловсролын салбар хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай болж байлаа, Монгол Улс. Энэ жил 95 жилийнхээ ойтой золгож байгаа юм. Монголын багш нар анх 1935 онд Монголын бүх багш нарын анхдугаар Их хурлаа хийсэн. Тэр цагаас хойш Монголын багш нар зургаан удаа Их хурлаа хийж, өөрсдийн өмнө тулгамдсан асуудлуудаа хэлэлцэн ярилцаж, төр засгийн хэмжээнд асуудлаа шийдэж ирсэн. Эдгээр хурлуудыг харж байхад тухайн цаг үедээ багш нарын болон боловсролын салбарын өмнө тулгамдаж байсан асуудлуудаа нээлттэй ярьж ирсэн байдаг. 1935 онд болсон Монголын багш нарын анхдугаар Их хурлаар Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга А.Амар гуайн илтгэлд “Өнөөдөр бид 150 гаруй багштай болсон байгаа. Нэг хүн жилд 100 хүнд бичиг үсэг заалаа гэж бодоход нэг түм таван мянган хүнийг сургаж чадахаар байна” хэмээн онцолсон байдаг. Тэр үеийн хамгийн тулгамдсан асуудал нь ард түмэндээ бичиг үсэг тайлах нь нэн тэргүүний ажил байж. Мөн “Багш нар өөрийн үргэлж заадаг хичээлүүдэд заах аргын тулгамдсан зүйлс байнга гарч байгаа тул харьяат Ардыг гэгээрүүлэх яамны дэргэд Заах аргын зөвлөл лүгээ амаар болон бичиг захидлын үргэлжийн харилцаа байгуулсугай” хэмээн Ардын гэгээрлийн хэлтсийн дарга Намсрайн илтгэлд дурдсан байдаг. Тэр үед багш нарын заах аргын тал дээр мэдэхгүй асуудлууд их гардаг байж. Заах аргын тал дээр амаар болон бичгээр биднээс зөвлөгөө аваарай гэдэг зүйл ярьж байсан байгаа биз.

-Одоо ч гэсэн заах аргын тухай асуудал яригдаж байдаг. Хоёрдугаар Их хурлаар нь ямар асуудлууд хэлэлцсэн байдаг вэ?

-Мэдээж 1937 оны хоёрдугаар Их хурлаар арай өөр түвшний асуудал яригдана. “Манай багш нар болбоос өөрсдийн эрдэм боловсролыг дээшлүүлэхийг хүсэхгүй байна” гэдгийг МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Лувсаншаравын илтгэлд байх жишээтэй. “Таньж мэдэхийг хүсэхгүй. Тэр ч байтугай манай багш болбоос эрдмийг бага зэрэг мэддэг болчихоод түүндээ эрдэн ташуурч давамгайлан надаас илүү мэддэг хүн байхгүй хэмээн ухвар мөчид бөгөөд биеийг хуурсан зохисгүй үйлдлүүд бий. Энэ болбоос цаашид эрдмийг судлахад бага бус саад болно” гэж илтгэлд онцолсон байдаг юм. Тэр үеийн багш жаахан дадлагажаад ирэнгүүтээ өөрсдийгөө боловсруулахгүй биеэ тоогоод эхэллээ хэмээн шүүмжилсэн юм.

Харин 1961 оны гуравдугаар Их хурлын ярих сэдэв хүрээгээ тэлсэн. Тухайл­бал, “Багш нар орчин үеийн шинжлэх ухаан, техникийн ололт нийгэм, улс төрийн амьдралтай мөр зэрэгцэн өсч байхгүй бол залуу үеийг сурган хүмүүжүүлж чадахгүй. Үүнийг манай гэгээрлийн ажилтан бүх багш нар мартаж болохгүй” гэж Гэгээрлийн сайд Жамсрангийн илтгэлд бий. Мөн хурлын үеэр “Манай сургуулиуд ихэвчлэн хоёроос гурван ээлжээр хичээллэж байгаа нь сурагчдын сурлагад муугаар нөлөөлж, багш нарын ажлыг хүндрүүлж байна” гэсэн байдаг. Өнөөдөр бидний өмнө тулгамдаж буй асуудал тэртээ 1961 онд яригдаж байсан байгаа биз. Тэгвэл 1975 онд дөрөвдүгээр Их хурлын үеэр Архангай аймгийн Ардын боловсролын газрын дарга Шагдарсүрэн “Сурах бичгийн чанарыг сайжруулах, хэвлэх хугацааг түргэтгэх явдал чухал байна. Цаашид сурах бичиг хэвлэдэг газартай болох нь зүйтэй” гэж хэлж байж. Энэ асуудал одоо ч бидний ярьдаг сэдэв шүү дээ. Шатлан харвал анхдугаар Их хурлаасаа хойш яригдаж буй асуудал нь дэвшээд байгаа биз. 1989 оны багш нарын тавдугаар Их хурлаар Ж.Батмөнх дарга илтгэлдээ “Боловсрол тасралтгүй байх ёстой. Нэгдсэн системтэй байх ёстой. Бүрэн бус дунд сургууль төгссөний дараа ерөнхий боловсролын ахлах ангид үргэлжлүүлэн сурах юм уу, тусгай мэргэжлийн сургууль буюу техникумд шилжин суралцах салаа замын мөчир дээр бүрэн бус дунд сургууль төгссөн хүүхдүүд очиж байна. Цаашид хөдөлмөрийн насанд хүрэх хамгийн хариуцлагатай үедээ амьдралынхаа чиг замыг сонгож авах нь хувь хүний асуудал. Ийм учраас бага, дунд ангид суралцаж байхад нь ирээдүйд эзэмших мэргэжлийн чиг баримжааг олж авах нь хүүхдэд туслах нь нэн чухал” гэдгийг хөндсөн байдаг л даа. Тавдугаар Их хурлаар хэлэлцсэн асуудал өмнөх хурлуудаасаа цар хүрээний хувьд тэс ондоо болж ирж байна. Мөн хурлын үеэр ерөнхий боловсролын наймдугаар анги төгсөөд техникум төгсөөд ирж байгаа хүүхдүүдийн 60-аас дээш хувь нь онц сайн дүнтэй ирдэг болж. Тэднээс мэдлэгийн түвшний шалгалт авахаар 60-90 хувь нь сул дүн аваад байна. Тиймээс бидний тавиад байгаа дүн хэр бодитой вэ гэдгийг Цэцэрлэгийн сургуулийн захирал Шагдарсүрэн хэлсэн байдаг юм. Энэ байдал өдгөө ч бидний өмнө харагдаж байгаа асуудлын нэг нь.

-Цаг үеэ дагаад хэлэлцэх асуудал нь өөр болж байна.  Зургадугаар Их хурлаар ямар асуудал хэлэлцсэн бол. Хоёр нийгэм солигдоод ороо бусгаа цаг үе байлаа шүү дээ?

-Багш нарын зургадугаар Их хурал 1996 онд болсон байдаг. Таны хэлсэнчлэн нийгэм шилжээд дан ганц боловсролын салбар гэлтгүй улс даяараа хэцүү байлаа шүү дээ. Гэгээрлийн сайд Лхагважавын илтгэлд “Багш нарын нийгмийн баталгааг хангах асуудал, цалин хөлсийг хугацаанд нь олгодог байх, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг засварлах, шинэчлэх, түлш, эрчим хүчээр хангах урсгал ажлаас эхлээд бодлогын чанартай ажлуудыг шийдэх хэрэгтэй байна” хэмээн дурсдаг байлаа. Тэр үед сургуулиудыг дизель мотороор эрчим хүчээр хангадаг, багш нарын цалингаа хугацаандаа авч чаддаггүй тийм л цаг байсан учраас багш нарын өмнө тулгамдсан асуудлаа тийнхүү оруулж ирж хэлэлцүүлсэн байдаг юм. 2007 онд Ө.Энхтүвшин сайд Боловсролын сайдаар ажиллаж байхдаа Монголын багш нарын анхдугаар зөвлөгөөнийг хийсэн байдаг. Тэр үед Ө.Энхтүвшин сайд “Манай бага сургуулийн насны 6830 хүүхэд сургуулиас завсардсаны 3840 нь огт сургуульд явалгүй орхигдсон” хэмээн онцолсон байна лээ. Боловсролын төсөв ДНБ-ий 6.4 хувь болж 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 1.1 функтээр өслөө. Ялангуяа мэдээлэл зүйн боловсролыг түлхүү анхаарч нэг компьютерт ногдох хүүхдийн тоо 2000 онд 341 байсныг 2007 онд 94 хүүхэд болгож бууруулаад байна хэмээн илтгэлдээ хэлж байж. 2007 оны үед багш нар ихээр ажлаасаа гарах урсгал нэмэгдэж эхэлсэн. Гэтэл ерөнхий боловсролын салбарт 500 гаруй багш дутагдалтай байсан. Тэр үеийн өөр нэг чухал асуудал нь багш нарыг мэйл хаягтай болгож, компьютерээр хангах ажлыг шат дараатай хийж эхэлсэн байдаг. Энэ мэтчилэн хурал бүр өөрсдийн цаг үеийн өмнө тулгамдсан асуудлаа шийдэх гарц олоход чиглэгдэж байж. 

-95 жилийн хугацаанд зургаан удаагийн Их хурал хийсэн байна гэхээр энэ том салбарын хувьд жаахан орхигдож ирсэн зүйлс олон байсан юм биш үү. Хурлын давтамж арай хол байгаа юм биш үү. Өмнөх хурлаасаа 23 жилийн дараа болж байна шүү дээ?

-Одоо хуралдах долдугаар Их хурал хүртэл 2-23 жилийн давтамж­тай болж байна. Багш нарын Их хурал хол, ойр болсонтой холбоотойгоор салбарын ажил сайн, муу яваад байгаа юм байхгүй. Монголын төр боловсролын салбарт үргэлж анхаарал хандуулж ирсэн. Улс орны нөхцөл байдал яаж ч хүндэрсэн боловсрол, эрүүл мэндийн салбарт улсын төсвийн томоохон хэсгийг хуваарилж байсан. Боловсролын салбар цаг ямагт болохгүй, бүтэхгүй бүхний уурхай болж ирээгүй юм аа. Боловсролын салбар тухайн цаг үеийнхээ нийгмийнхээ тусгал болоод нөхцөл байдалтайгаа уялдан хүндрэл бэрхшээлүүдээ шийдээд ирсэн л дээ. Магадгүй долдугаар Их хурлаас проблем болж яригдаж байгаа асуудал наймдугаар Их хурал болоход шийдэгдчихсэн, арай өөр түвшний зүйл ярьж байна гэдэгт итгэлтэй байгаа.

-Долдугаар Их хурлын онц­лог юу байх бол. Ямар сэдэв, асуудлыг хөндөж түлхүү ярилцаж, гарц шийдлээ олох бол. Манайхан бол хурал болж л байдаг. Үр дүн гарахгүй яриад л дуусна гээд үл итгэгчийн байр суурьнаас хандах гээд байдаг л даа. Тэгсэн хэрнээ цаана нь хүлээлт байсаар л байдаг?

-Ноднин тогтвортой хөгжлийн чиглэлээр сургуулийн өмнөх боловсрол, их, дээд боловсрол, ерөнхий боловсрол гээд салбар тус бүр дээр зөвлөгөөнүүдийг хийсэн. Зөвлөгөөнүүдээс гарсан зөвлөмжүүд бий. Тэр Тогтвортой хөгжлийн зөвлөгөөнөөс гарсан Засгийн газар, УИХ-ын түвшинд яаралтай нэн шаардлагатай асуудлуудыг хэрхэн хөдөлгөж, ямар бэрхшээлүүд гарч байна вэ гэдэг дараагийн шатны зүйлсийг нь ярих гээд байгаа юм. Ноднин тулгамдсан бэрхшээлүүдийг жагсаасан асар урт жагсаалт гарсан. Тэдгээрийг багцлаад явна. Тухайлбал, багш нарын нийгмийн асуудал, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэнд, багш нарын хариуцлага, ёс зүйгээс эхлээд шагнаж урамшуулах бүх асуудлыг багц багцаар нь хөдөлгөж эхэлсэн. Эхнээсээ багш нарын ажлын ачааллыг бууруулна гээд ажиллаж байна. Багш нарын мэргэжил дээшлүүлэх өөрсдийгөө сурч боловсрох тал дээр ийм асуудал багц болоод орсон гэх мэтчилэн аль болох бүгдийг нь ярих юм. Мэдээж багш нарын ажиллах орчин нөхцлийн асуудал яригдана. Сургууль, цэцэрлэгийн анги танхим дүүргэлтээс эхлээд ярих зүйлс их байгаа. Багш нарын өмнө тулгамдсан асуудал боловсролын салбарын өмнө тулгамдсан асуудал мөн. Эргээд боловсролын салбарын өмнө тулгамдсан асуудал нь өөрөө багш нарын өмнө тулгамдсан асуудал байхгүй юу. Гэхдээ багш мэргэжил эзэмшсэн багшаар ажиллаж буй хүмүүст багшийн өнцгөөс нь асуудлыг гаргаж ирж ярих гээд байгаа юм. Ноднин боловсролын салбарын асуудлууд судалгаа авсан бол энэ жил зөвхөн багш нарт зориулж гарц шийдлээ ярина. 21 дүгээр зууны багш ямар байх ёстой юм гэдгээс эхлээд Монголын багш нарын өмнө тулгамдсан асуудлыг багцаар нь шийдээд явна. Хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа нэлээд өргөн хүрээнд ярьсан үр дүнтэй уулзалт болж олон санал санаачилга гарах байх.

-Багш нарын өмнө тулгамдсан асуудлыг Их хурлаараа ярилгүй яахав. Гэхдээ багш нар өөрсдөө энэ цаг үеэсээ хоцрохгүй байж чадаж байна уу. Багш нарын өмнө тулгамдсан асуудлыг шийдэхийн хэрээр багш нар өөрсдөө хариуцлагажих ёстой байх, тийм үү?

-Миний үндсэн илтгэл дотор өчигдөр, өнөөдөр, маргааш гэж ангилсан байгаа. 2019 онд нэгдүгээр ангид орж байгаа хүүхэд 2030 онд 12 дугаар анги төгсөнө. Энэ хүүхэд төгсөхөд ийм мэдлэг боловсролтой, ийм ур чадвартай, ийм хүн болж төгссөн байх ёстой гэдэг сургалтын хөтөлбөр, заах арга, хүүхдэд зайлшгүй эзэмшүүлэх ёстой агуулга бүр ингэж чиглэгдэж явах учиртай. Бид 2030 онд төгсөх хүүхдийн төлөө ирээдүйг харж өөрсдийгөө бэлдэх шаардлагатай болж байна. Гэтэл 2030 онд ямархуу болох гэж байгааг олон улсын материал харж багцаа авч байгаа болохоос дорвитой судлаад гаргаад ирсэн судалгаа алга. Тэр утгаараа бид одооноос анхаарах хэрэгтэй болж байгаа юм. 2030 онд сурагч төгсөхөд багш нар одооноос өөрсдийгөө бэлдэх зайлшгүй шаардлага бий. Багш нар юун дээр анхаарах вэ, эрдэмтэд юу гэж байна вэ, дэлхий хаашаа харж байна вэ гэдгийг би илтгэлдээ дурдаж байгаа. Илтгэлийн дараа багш нар маань өөрсдийн санаа оноогоо хэлэх байх.

-Орон нутагт багшийн хүрэлцээ хэр байгаа вэ. Багш мэргэжил эзэмшээд нутаг орондоо бус мэргэжлийн биш ямар ч хамаагүй ажил хийгээд Улаанбаатарт үлдэх сонирхолтой хүмүүс их болсон. Цалин багатайгаас эхлээд мэргэжлээрээ ажиллах сонирхол алга. Үүн дээр хэрхэн анхаарал хандуулах вэ?

-Багш нарын хүрэлцээ өмнөх үеээ бодоход харьцангуй сайжирсан. Зарим мэргэжлийн багш нар бүр илүүдэлтэй болчихсон. Манай багш мэргэжил эзэмшсэн залуус орон нутагт очиж ажиллахгүй байна. Зарим сумдад тухайлсан мэргэжлийн багш нар шаардлагатай болохоос хавтгайрсан багшийн хүрэлцээ муу байгаа зүйл алга. Цаг үе бүрт багш нарын цалин хангамжтай холбоотой зүйлс гарч байдаг. Энэ мэтчилэн зүйлс нь тухайн цаг үеийнхээ толь нь болоод явж байгаа юм.

-Та өнөөдөр боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт гээд дөрвөн том салбарыг нэгтгэсэн яамны бодлого тодорхойлогч. Өргөн цар хүрээг хамарсан сайд гэж ойлгож байгаа. Өмнөх 31 сайд ямар бодлого барьж ажиллаж байсан бол. Таны бодлоготой бас танилцмаар байна?

-Өмнө нь ажиллаж байсан сайд бүр энэ салбарыг сайн удир­даж ажиллачих юмсан гэсэн чин эрмэлзэлтэй ажиллаж ирсэн гэдэг­тэй санал нэг байгаа. Гэхдээ 2016-2020 оных шиг дөрвөн том салбарыг нэгтгэсэн ийм том яам байсангүй. Социализмын үед Ардын гэгээрлийн яам нэртэй явж байгаад Боловсролын яам болж сүүлд нь шинжлэх ухаан, соёлын асуудал нэмэгдсэн. Сүүлд дөрвөн том салбарыг нэгтгэсэн нэлээд ачаалал ихтэй яам болсон. Үе үеийн сайд нар тухайн цагийнхаа асуудлуудыг гаргаж тавин төр засгийн шийдвэрийг бодлогын хэмжээнд салбартаа тусгаж ажилласан. Миний харамсч явдаг нэг зүйл нь сүүлийн 20 жилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сургалтын хөтөлбөрийн агуулга богино хугацаанд олон удаа өөрчлөгдсөн. “Шавь” төвтэй, “Багш” төвтэй, “Кембридж”, “Цөм” хөтөлбөр гээд хөтөлбөрийн энэ олон өөрчлөлт нь салбарыг бүхэлд нь доргиож байгаа юм. Нэг хөтөлбөр явж байгаад үр дүн нь гараагүй байхад дараагийн хөтөлбөр хэрэгждэг. Үүнд л харамсаад байгаа юм. Засгийн газар нь хурдан солигддог, дөрвөн жилийн хугацаатай улс төрийн циклиэ дагаад бодлого алдагдаж өмнөх Засгийн газрынхаа хэрэгжүүлж ирсэн ажлыг үгүйсгээд ирэхээрээ буруудчихдаг. Боловсролын тогтолцоо тэр дундаа ерөнхий боловсролын агуулгаар оролдоод байгаа нь сайн зүйл биш. Өнөөдрийн тухайд багш нар, сурагчдын сурах ачаалал үнэхээр нэмэгдсэн гэдгийг судалгаа нотлоод байна. Тийм болохоор “Цөм” хөтөлбөрийг эргэж харж байгаа. “Цөм” хөтөлбөрийг бүхэлд нь өөрчилж байгаа юм биш. Засч, сайжруулах зүйлсээ засаад ачааллыг нь багасгаад явна. Хичээлийн хөтөлбөр сурагчдын бие, насны онцлог, сэтгэл зүй гээд бүхий л зүйлтэйгээ уялдаж явах ёстой юм. Сургалтын хөтөлбөрөөрөө бага оролдсон ОХУ өнөөдөр жишиг болж байна. ОХУ-ын ерөнхий боловсролын сургуулийн тогтолцоог барууны өндөр хөгжилтэй орнууд судлаад, нутагшуулаад эхэллээ. БНХАУ-ын сургалтын тогтолцоог судална. Өмнөд хөршийн сургалтын бодлого маш тогтвортой явж ирсэн.

-2030 он хүртэл дунд хугацааны хөтөлбөр гаргаад түүнийхээ хүрээнд явчихаж болдоггүй юм уу. Аль ч нам засгийн эрхэнд гарсан тэр бодлогыг жанжин шугам болгоод явах хэрэгтэй санагдах юм?

-Тогтвортой хөгжлийн зорилт 2030 гээд бий. Үүн дотор боловсролын салбартай холбоотой тодорхой заалтууд бий. Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдаад дөрөв дөрвөн жилээр уялдаад бодлогоо тодорхойлоод явахдаа боловсролын салбарынхаа бодлогыг илүү оновчтой болгоод явна гэдэг. 2016 онд МАН-аас байгуулагдсан Засгийн газар 2012-2016 оны хооронд Ардчилсан намын байгуулсан Засгийн газрын ерөнхий боловсролын салбарт хэрэгжүүлсэн “Цөм” хөтөлбөрийг нь үргэлжлүүлээд явж байна. Таван жилийн дараа хөтөлбөрийн эхний дүгнэлт хийтэл “Хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байна. Засч сайжруулах шаардлагатай” гэдэг дүгнэлт гарсан. Тиймээс засахаас өөр аргагүй болсон юм. Түүнээс Баатарбилэг сайд болоод дураараа засах гээд ч байгаа юм биш. Би ямар ч шийдвэрийг судалгаан дээр үндэслэж гаргана.

-Багш нарын илүү цагийн мөнгө олгогдохгүй байна. Ажлын ачаалал их байна гэдэг зүйлс олон жил яригдсан. Та харин энэ мэтчилэн асуудлууд дээр шийдэл гаргаж ажиллах нь гэж харагдаж байгаа. Багш нарын өмнө тулгамдсан зүйлс олон. Тэдгээрийг хэрхэн шийдэх вэ?

-Нэг ангид сурч байгаа хүүхдийн тоотой нь харьцуулаад туслах багш авах уу, үндсэн багшид цалингийн нэмэлт олгох уу гэдэг олон улсын судалгаа бэлэн байна. Тэр судалгаануудтай танилцаж байгаа. Багшид нэмэгдэж байгаа ачааллыг хуваалцсанаас нэмэгдсэн ачаалалд тохирсон нэмэгдэл мөнгийг нь өгөөд явбал багшид илүү үр дүнтэй байдаг гээд судалгаан дээр бэлхэнээ биччихсэн байгаа юм. Багшийн ажил хөнгөн байлаа гээд цалин нь хангалтгүй байвал тэр багш цалингийнхаа хэмжээнд тааруулж ажиллах гээд байдаг талтай. Миний хувьд тухайн багш таатай орчинд санаа зовох зүйлгүй ажлаа явуулах нөхцөл боломжоор хангах тал дээр анхаарч байгаа гэж ойлгоорой. Энэ хүрээнд эхний ээлжинд багш нарыг орон сууцжуулах тал дээр судалгаа хийж байгаа. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 30900 үндсэн багш байдаг. Орон сууцанд 41.9 хувь нь амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Суманд ажиллаж, амьдарч байгаа багш яагаад аймгийн төв, Улаанбаатар хотод орон сууцтай байж болдоггүй юм. Үр хүүхдүүд нь төв бараадан сургууль соёл гээд явна. Өөрсдөө ирж очно гээд орон сууцны шаардлага бий шүү дээ. Монгол Улсын иргэн хаана ч өмч эзэмших эрхтэй. Ийм агуулгаар Монголын багш нар өмчтэй болох боломжтой. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд саналаа тавьсан, дэмжиж ажиллахаар болсон. Багш нарыг орон сууцтай болгох асуудлыг УИХ, Засгийн газар хамтраад тодорхой шийдлүүд гаргахаар ажиллаж байна. Зарим хүмүүс үүнийг улстөржүүлээд “Багш нар хэзээ байтлаа 40 хувь нь орон сууцанд амьдраад байгаа юм” гэхчилэн мушгиж байна лээ. Хэн нэгэн мушгиж гуйвуулж байгаа бол тэр хүний л асуудал. Би салбар хариуцсан сайдын хувьд тооцоотой, судалгаатай, үндэслэлтэй тоо баримт л ярина. Хариуцлага нь над дээр байгаа гэдгийг гүнээ ухамсарлаж байна.

Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.51) 2019 оны 04 сарын 11

Баатар билэг сайдыгаа дэмжиж бна ХУИС-ийг татан буулгаж өгөөч багш нар нь муу лекц семинараа үргэлж хуулж заадаг багшлах эрхийн үнэмлэхгүй багш нар хичээл заадаг дан арын хаалгын багш нар хичээл заадаг багш нар нь мөнгөний шуналтай сургалтын төлбөр нь маш их чанаргүй муу сургууль

0  |  0
Top