Өрхийн эрүүл мэндийн төвүүд чуулж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 04

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролын санаачилгаар “Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2019.06.04/ боллоо. Улаанбаатар хотын 152  хорооны 134 өрхийн эрүүл мэндийн төв буюу иргэдийн нэрлэж заншсанаар өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нар оролцсон уг хэлэлцүүлэг өрхийн эрүүл мэндийн төвийн эрхзүйн орчныг сайжруулж, хууль, журмын хэрэгжилтийг хангахад бүх шатны төрийн байгууллагуудын уялдаа холбоо, үүрэг оролцоог нэмэгдүүлж, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх, чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулсан байна.

Хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Хүн амд төрөөс үзүүлэх анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэгтэй хувийн хэвшлийн өрхийн эрүүл мэндийн төвийн өнгөрсөн 20 жилийн хугацаанд олсон ололт амжилт, хийж гүйцэтгэсэн ажлын талаар харилцан ярилцаж, алдаа оноогоо дүгнэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд анхаарах асуудлын талаар санал бодлоо солилцсоноор тодорхой шийдвэрийг гаргахад энэхүү хэлэлцүүлэг хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд зарим  мэдээллийг дурьдлаа. Тухайлбал, дотоодын нийт бүтээгдэхүүнд эрүүл мэндийн улсын зардлын эзлэх хувь хангалттай  хэмжээнд биш байгаа ч жил ирэх бүр нэмэгдэж буйг тэмдэглэв. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эрүүл мэндийн улсын зардлын эзлэх хувь 2017 онд 2.5, 2018 онд 3.44, 2019 онд 3.59 хувь болон нэмэгдсэн байна.

Тэрбээр мөн хэлсэн үгэндээ, өрхийн эрүүл мэндийн төвүүд нь нэг иргэнээр тооцсон зардлын тарифаар санхүүжиж ирсэн бөгөөд нэг иргэнээр тооцсон зардал 15650 төгрөг байгааг цаашид нэмэгдүүлж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан жишиг үнэ болох 12 америк доллар хүртэл нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглээд өрхийн эрүүл мэндийн төвийг иргэд хувийн хэвшлийн байгууллага гэдэг талаас бус төрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэдэг анхан шатны нэгж гэж хардаг учир харилцаа, хандлагаараа эрүүл мэндийн салбарын эерэг нүүр царай болж явах учиртайг захив.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн анхан шатлалын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл тавилаа.

Үргэлжлүүлэн салбарын төлөөлөгчид, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал, дүүргийн эрүүл мэндийн төв, амаржих газар болон өрхийн эрүүл мэндийн төвийн хамтын ажиллагаа, хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудал, сайн туршлага, өрхийн эмч бэлтгэх тогтолцоо, ажлын онцлог, эмч, мэргэжилтний ёс зүй, харилцаа, хандлагын талаар илтгэл тависан.  

Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн эмч нарын төлөөлөл, өрхийн эмнэлгийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, эмч, ажилтнуудын нийгмийн асуудал дандаа орхигдож байдгийг засаж залруулж, нийгмийг асуудлыг шийдвэрлэхэд анхаарах, эмнэлгийн байр сууцыг томсгох зэрэг асуудлыг шийдвэрлэх талаар саналаа хэлж байлаа.  

Энэхүү хэлэлцүүлгийн төгсгөлд зөвлөмж гаргах бөгөөд зөвлөмжийг Засгийн газар хэрэгжүүлж  ажиллах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top