Ичиро “Ард Түмний гавьяат” цолыг хүлээн авсангүй

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 05

Японы бейсболын домог Ичиро Сүзүки өнгөрсөн сарын 21-нд 45 насандаа зодог тайлсан билээ.

Японы Засгийн газраас түүнд “Ард түмний гавьяат” дээд шагнал олгохоор шийдвэрлэсэн ч Ичиро татгалзсан байна. Ичиро урьд нь 2 удаа (2001, 2004 онд) тус шагналаас сайн дураар татгалзаж байсан. Гэхдээ тэр үед “Энэ шагнал нэр хүндтэй сайхан шагнал ч зодог тайлах үедээ авмаар байна” гэж хэлж байсан юм. Харин энэ удаад ямар шалтгаанаар  нэрээ татсанаа хэлээгүй байна. Уг нь түүнийг Рэйва эриний анхны “Ард түмний гавьяат” болно гэж ард түмэн хүсэн хүлээж байлаа. Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ёшихидэ Сүга “Ичиро бол хүүхэд багачууд, бейсбол сонирхогчдод хүсэл мөрөөдөл хайрласан супер од. Үнэхээр гайхамшигтай замналтай тамирчин тул энэ шагналыг олгох нь зөв гэж бодож байгаа хүн маш олон байгаа гэдэгт итгэж байна” гэж ярьж байсан юм.

“Кокүминэйёошёо” буюу “Ард түмний гавьяат” шагнал нь 1977 оноос эхэлсэн бөгөөд Японы Ерөнхий сайд олгодог дээд шагнал юм. Энэхүү нэр хүндтэй шагналаас татгалзаж байсан эрхэм Ичирогоос гадна хоёр бий. 1983 онд бейсболын Ютака Фүкүмото шагнал авахгүй гэдгээ урьдчилан мэдэгдсэн бол 1989 онд нэхэн шагнагдсан хөгжмийн зохиолч Юүжи Косэкигийн ар гэр тус шагналыг хүлээн авахгүй гэж мэдэгдсэн байдаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
123456(202.21.100.210) 2019 оны 04 сарын 05

manaixan bol aan bi bi geed l avnadaa gazar gazryn xunee gej...

0  |  0
Top