Азийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-ны XXIX их хурал Малайз улсын Куала Лумпур хотод энэ сарын 6-нд боллоо. Тус хурлаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар Азийн хөлбөмбөгийн холбооны Зүүн бүсийн Дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Монголын хөлбөмбөгийн холбооны нэр хүнд өсөн нэмэгдэж байгааг энэ үйл явдал харууллаа. Манай Хөлбөмбөгийн холбоо 2018 онд АХБХ-ны "Өсөх ирээдүйтэй холбоо"-гоор шалгарч байсан билээ.
Бахрейн улсын шейх Салман бин Ибрагим Аль-Халифа Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо. Сонгуульд түүнтэй өрсөлдөж, нэрээ дэвшүүлэх хүн гарсангүй. 51 настай Салман Аль-Халифа Азийн хөлбөмбөгийн холбоог 2013 оноос эхлэн удирдаж байгаа бөгөөд 2023 он хүртэл ажиллахаар боллоо.
АХБХ-ны дэд ерөнхийлөгчөөр Сауд Азиз Эль-Моханнади (Катар), Мехди Тадж (Иран), Макдум Сайед Файзал Салех Хайят (Пакистан), Зо Зо (Мьянмар), А.Ганбаатар нар сонгогджээ.
Сэтгэгдэл ( 0 )