“Бидний цөөхөн монголчууд” төсөл ГХЯ-нд 1000 зураг бэлэглэлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 08

Монгол орны онгон дагшин байгаль, ан амьтан, ардын урлаг, ахуй амьдрал, ёс заншил, үндэстэн ястангууд зэрэг 21-р зууны монголчуудын онцлогийг дуу авиа, дүрс бичлэг, гэрэл зураг, тэмдэглэлээр баримтжуулан авч үлдээх зорилготой “Бидний цөөхөн Монголчууд” төслийн баг 1000 ширхэг зургаа Гадаад харилцааны яам, сайд Д.Цогтбаатарт хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ, “Монголын амьдрал өөрөө бахархал юм. Энэ дэлхийн долоон тэрбум хүний дотор цаг агаарын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд байгальтайгаа зохилдон хэдэн мянган жил амьдарч, нүүдэлчдийн гэсэн соёл иргэншлийг бий болгон өнөөг хүрлээ. Бид бол дэлхийн түүхэнд нөлөөлсөн маш цөөн үндэстний нэг. Ингээд бодоод үзвэл М.Зоригтын санаачилж хэрэгжүүлж байгаа “Бидний цөөхөн Монголчууд” төсөл ямар ач холбогдолтой болох нь тодорхой харагдаж байна. Энэ төслийн багийнханд бид талархах ёстой, Гадаад харилцааны яам төслийн ажлыг дэмжсээр байх болно” гэлээ.

“Бидний цөөхөн монголчууд” төслийг “Мөнхчулуун сан” МҮОНРТ, “UNITEL” групп хамтран хэрэгжүүлж байгаа юм.  Монгол орны 21 аймаг, 400 орчим сум суурин, 1000 гаруй баг хороод, гадны улс орнуудад олноороо ажиллаж амьдарч буй Монголчууддаа хүрч ажиллах юм байна.

Гэрэл зураг хүлээлгэн өгөхөд “Бидний цөөхөн Монголчууд” төслийн хамтрагч МҮОНРТ-ын Ерөнхий захирал Л.Нинжжамц, UNITEL группын гүйцэтгэх захирал Д.Энхбат нар оролцлоо.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top