Марат Гафуров: Мартин Нгуен бол асуудал биш

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 08

ОХУ-ын холимог тулаанч, ONE FC холбооны аварга асан Марат Гафуров сүүлийн үед ихэд чимээгүй байгаа билээ. Марат хамгийн сүүлд 2018 оны 9-р сарын 22-нд Японы Коёоми Мацүшиматай тулалдаж ялагдаад рингнээс холдсон. Харин өнгөрсөн 3-р сарын сүүлчээр тэр вКонтакте хуудсандаа удахгүй тэмцээнд орохоор бэлтгэлдээ гарснаа мэдэгдсэн байлаа. Гэхдээ өрсөлдөгчийн нэр одоохондоо тодорхой бус байна гэж бичжээ. Ингээд Кобра хочит Марта Гафуровын mmaboxing.ru сайтад өгсөн ярилцлагыг орчуулан хүргэе.

- Марат та гэрээ ёсоор ONE FC холбоонд хэдэн тулаан хийх үлдсэн бэ?

- Үнэнийг хэлэхэд би гэрээгээ өөрөө хараагүй. Удахгүй дуусна гэсэн.                                                                                                                         

- Гэрээгээ сунгах уу?

- Нөхцлийг нь сайн судлаж байж шийднэ. Хэрэв санаанд нийцвэл сунгана, үгүй бол баяртай гэнэ дээ.

- Хэрэв холбооны санал санаанд тань нийцэхгүй бол өөр холбоонд очих уу, эсвэл зодог тайлах уу?

- Мэдээж өөр холбоо. Би зодог тайлах бодолгүй байна.

- Ямар нэг холбоотой ярилцаж эхэлсэн үү?

- Үгүй, эрт байна.

- Та One FC холбоонд 2014 оноос хойш харьяалагдаж байна. 2015-2017 онд аваргын бүстэй байсан.

- Тиймээ.

-  М-1 холбооны аварга байхдаа One FC-д шилжсэн биз дээ?

- Тиймээ, зөв.                                                                                                                                                                               

- Яагаад тэр үед Азийн энэ холбоог сонгов? Өөр хувилбар байсан уу?

- Менежер маань судлаж үзээд санал тавьсан. Гэхдээ UFC-д орох боломж бол байсан. Харин нөхцлийн хувьд  One FC нь илүү байлаа. Тэр үед UFC холбооноос надад нэг тулаанд 8000 доллар, ялбал бас 8000 доллар санал болгосон. One FC-гийн шагналын мөнгө нь илүү байлаа. Мөн One FC-д орвол илүү хурдан аварга болж чадна гэж үзсэн, үнэхээр ч тэгсэн шүү.

- One FC  холбоо бусад холбооноос ялгаатай зүйл юу вэ?

- Тамирчдын ур чадвар өндөр. Зохион байгуулалтын хувьд Dream, Pride FC холбоотой төстэй гэж хэлж болно.

- Яг юу нь төстэй гэж?

- Юуны өмнө тэмцээний уур амьсгал. Тамирчдын танилцуулга, рингэнд гарах шоуг сүртэй сайхан хийдэг нь.

- One FC холбоонд сэргээшийн шалгалт байдаг уу?

- Байхгүй. Хар тамхины шалгалт шиг юм хийдэг ч сэргээшийн шалгалт байхгүй.

- Тэгвэл таны зарим өрсөлдөгч сэргээш хэрэглэсэн байхыг үгүйсгэх аргагүй гэсэн үг үү?

- Мэдээж, бүгд сэргээш хэрэглэдэг. Бүгд мэдэж, ойлгож байгаа.

- One FC холбоонд орохдоо та энэ талаар мэдэж байсан уу?

- Мэдэж байсан.

- М-1 холбоонд сэргээшийн шалгалт байсан уу?

- Тэнд ч бас байгаагүй.

- 2017 онд та Мартин Нгуенд ялагдаж, замналынхаа анхны ялагдлаа амссан. Яагаад ялагдав?

- Хэт өөртөө итгэсний гай гарсан. Би түүнтэй 2015 онд анх тулалдахдаа ямар ч асуудалгүй эхний үед ялж байсан юм. Бэлтгэл сайн байсан ч харамсалтай нь хэт басчихсан.

- Хариу тоглолт хийхийг хүсэхгүй байна уу?

- Хариугаа авах гэсэн хүсэл бол алга. Би түүнийг ялна гэдгээ угаасаа мэдэж байгаа. Мартинаас хариугаа авах гэхээс илүү бүсний төлөөх тулаан миний сонирхлыг татаж байна.

- Аваргын бүсээ алдсаны дараа таны тулааны шагнал багассан уу?

- Шууд багассан шүү.

- Энэ талаар гэрээнд юу гэж заасан байдаг вэ?

- Гэрээгээ би өөрөө хараагүй гэж хэлсэн дээ. Менежер маань одоо ийм мөнгөөр тулалдах боллоо гэж хэлсэн, би ч за л гэсэн. Асуудал байхгүй. Харин дараа нь гэрээ байгуулахдаа шинэчлэх болно.

- One FC холбооны шагналын мөнгө хэр вэ? Та ямар нэг тодорхой тоо хэлж чадах уу?

- Холбооны том одод дэлхийн хэмжээний сайн шагнал авдаг. Японы Шиняа Аоки нэг тулаанд л 300 мянган доллар авдаг гэж би дуулсан.

- Та тэгэхээр түүнээс бага авдаг байх нь?

- Хамаагүй бага авдаг.

- Холимог тулааны тэмцээн үздэг үү?

- Байнга үздэг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
робөор(27.123.214.2) 2019 оны 04 сарын 09

Менежер нь луйвардаад байгаа бололтой. Гарын цохиолтуудаа сайжруулчихвал сайн тамирчин шүү

0  |  0
Top