ОХУ, Ирландын тулаанч Артем Лобов холимог тулааны хамгийн том холбоо болох UFC-тэй гэрээгээ цуцалсан билээ. Тэр холимог тулаанд 28 оролцохдоо 13 ялж, 15 ялагдсан. Харин одоо тэр тулааны өөр төрөлд шилжсэн бөгөөд анхны ялалтаа байгуулжээ.
Өнгөрсөн Ням гарагт Лобов "Bare Knuckle FC” холбооны нударган зодооны тэмцээнд оролцсон. Нударган зодоон гэдэг нь холимог тулаанаас огт өөр. Бээлийгүй бөгөөд барилдаж ноцолдох, өшиглөх хориотой. Өрсөлдөгчийнхөө толгойг дарж, шилдэж болох ч ердөө 3-хан секундын зөвшөөрөлтэй. Ер нь бол зөвхөн нударгалцаж, нэг нэгнээ цусанд нь хутгах гол нь. Дугуй рингэнд 2 минутаар 5 үе үзэлцэнэ.
Дээр үед дэлхийн олон оронд явагддаг байсан нударган зодооныг 1889 онд хориглосон ч 129 жилийн дараа буюу өнгөрсөн жилээс Америкийн “Bare Knuckle Fighting” холбоо сэргээсэн юм.
Лобовын өрсөлдөгч нь АНУ-ын Жейсон Найт байлаа. Тулаан эхлээд ердөө 12 дахь секундэд Найт зүүн гарын хүчтэй цохилтоор Лобовыг унагаасан. Гэхдээ эхний үед Лобов өрсөлдөгчийнхөө хөмсгийг нь задлаж, 2-р үеийн эхэнд унагааж чадсан билээ. Ер нь тэр илүү тоглосон, Найт 4 шүдгүй болоод рингнээс буусан нь нударган зодоон хэр хатуу спорт болохыг илтгэн харууллаа. Тулааны дараахь хоёр тамирчны зургийг харахад ойлгогдоно.
Шүүгч нар санал нэгтэй Лобовт ялалт өгсөн. Ялалтын медалиа тэр Найтад өгсөн ч Найт өөрийгөө ялсан гэж зүтгэсээр байлаа. Тулааныг үзсэн UFC холбооны тулаанч Келвин Гастелум “Жинхэнэ дайн байна. Бурхан минь. Найтын нүүр царай зомби шиг харагдаж байна” гэж дуу алджээ.
Тулааны дараа Артем “13 оёдол тавиуллаа. Нүүр минь Сүнсний баярын баатар шиг л болж. Гэхдээ энэ бол зөвхөн гадна төрх. Үнэндээ холимог тулаанд тамирчид илүү гэмтэл авдаг. Нүцгэн нударга бээлийтэй гараас бага гэмтэл тархинд учруулдаг. Нударган зодоонд 10 минут л тулалддаг бол бокс 36, холимог тулаан 15, 25 минут тулалдана. Тулааны дараа бид аймшгийн кино шиг харагдаж байгаа ч тархи, биенд учирсан гэмтэл хавьгүй бага байгаа” гэж нударган тулааны талаар тайлбар хийжээ.
Сэтгэгдэл ( 0 )