Энэ жил Владивостокт Монголын Худалдааны төлөөлөгчийн газар байгуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 09

ОХУ-ын Приморийн хязгаарын дэд захирагчийн үүрэг гүйцэтгэгч Константин Богданенко Монгол Улсаас ОХУ-ын Буриад Улсад суугаа Ерөнхий Консул Д.Чадраабалыг энэ сарын 8-нд Владивосток хотноо хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар гадаад худалдааны эргэлтийн талаар голчлон ярилцлаа. Тус хязгаараас Монголд жилд 5.5 сая ам.долларын бараа нийлүүлсэн бол манай улсаас дөнгөж 3 мянган долларын бүтээгдэхүүн авсан байна.

Ерөнхий Консул Д.Чадраабал “Бид зохион байгуулалтын асуудлыг шийдэж байгаа. Приморийн хязгаарт Худалдааны төлөөлөгчийн газар нээснээр манай бизнес эрхлэгчид бараа, бүтээгдэхүүнээ сурталчлах, шинэ зах зээл эзэмших боломжтой болно. Энэ нь хоёр талын худалдааны хөгжилд түлхэц болох юм. Приморийн хязгаарын нутаг дэвсгэрээр дамжуулан, Монголын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын төв хэсэг төдийгүй Азм, Номхон далайн бүс нутгийн орнуудад гаргах боломжийн талаар хэлэлцэж байгаа” гэж тэмдэглэжээ.

Харин Приморийн хязгаарын дэд захирагчийн үүрэг гүйцэтгэгч Константин Богданенко “Бид Монголын Худалдааны төлөөлөгчийн газар Владивосток хотод нээгдэхийг тэсэн ядан хүлээж байна. Манай мэргэжилтнүүд Монголын аж үйлдвэрийн үзэсгэлэн, худалдааг зохион байгуулах, Приморийн хязгаарын бизнес эрхлэгчидтэй холбоо тогтооход туслах болно” гэж ярьсан байна.

Манай Ерөнхий консулын хөндсөн бас нэгэн асуудал бол тус хязгаарт өндөр мэргэжлийн далайчин бэлтгэх байлаа. Ерөнхий Консул Д.Чадраабал “Далайд гарцгүй ч манай улсын далбаан дор хэдэн зуун худалдааны хөлөг онгоц байдаг. Манай улс далай тэнгисийн мэргэжилд залуусаа Владивосток хотод сургах төлөвлөгөөтэй байна. Тэд далайн боомт хэрхэн ажилладаг талаар мэдлэгтэй болоод эх орондоо ирэх болно” гэж хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top