Жижиглэн худалдаа эрхлэгчид төрөөс дэмжлэг хүсч, цуглаан хийлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 09

“Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо" ТББ-аас “Хамтын хүч, хамтын амжилт” уриатай жижиглэн худалдаа эрхлэгчдийн эв нэгдлийн цуглааныг өнөөдөр /2019.04.09/ Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Тэд энэхүү цуглаанаараа дамжуулан жижиглэн худалдаа эрхлэгчдийн хувьд тулгамдаж буй асуудлуудыг төрийн өндөрлөгүүдэд хүргэхийг зорьжээ.

Цуглаанд Монголд жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо болон худалдааны салбарт ажиллаж буй иргэд оролцов.

“Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-ын ерөнхийлөгч Д.Нарантуяа “Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо Монголд үйл ажиллагаа явуулж байгаа жижиглэн худалдаачдыг нэгтгэсэн 900 гаруй гишүүнчлэлтэй байгууллага. Гишүүнчлэлийн гол хүмүүс нь жижиг, дунд үйлдвэрлэгчид болон бичил бизнес эрхлэгчид байдаг. Өнөөдөр энэ хүмүүсийн бизнесийн орчин ,өдөр тутмын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд маш их байна. Жишээлбэл, банкны өндөр хүүтэй зээлтэй, эрх үүргийг нь тодорхойлсон хууль байхгүй, зөрчлийн хуулийн дарамт, мөн тамхины хуулийн нөхцөл гээд тоочоод байвал олон бэрхшээл байна. Зарим жижиглэн худалдаа эрхлэгчид тамхины хуулийг нэг талаасаа маш ихээр зөрчиж байгаа. Өөрөөр хэлбэл, хуулийн уян хатан байдлыг тусгаж өгөхгүй бол хавтгайрсан мөнгөний хэрэгсэл болж хувирч байна. Манай худалдаа эрхлэгчид хөгжье, шинэ технологи хэрэглэе, өөрийнхөө бизнесийг өргөжүүлье гэж боддог ч өндөр хүүтэй зээлтэй байдаг учраас шинэчлэлд хүч хөдөлмөрөө зориулах боломжгүй, өөрийнхөө хөдөлмөрийг хөнгөвчлөх талын мэдлэг дутмаг байна. Тиймээс “Хамтын хүч хамтын амжилт” гэдэг уриан дор төртэй нэгдэж, гарц гаргая гэсэн зорилгоор эл цуглааныг хийж байна" гэлээ. 
 

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо өмнөх жилүүдэд дөрвөн удаа чуулган хийсэн удаатай. Тэрхүү чуулганы үр дүнд хүрсэн санал, шийдлээ өнөөдрийн цуглааны үеэр төрийн гурван өндөрлөгт хүргүүлнэ гэж байв. Мөн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлд хамрагдаж, бизнесийн орчныг сайжруулах шаардлагатай болсныг “Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-аас удаа дараа мэдэгдээд байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top