Холимог тулаан боксоос илүү гэдгийг баталсан 7 шалтгаан

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

Сүүлийн үед спорт сонирхогчдын анхаарал боксоос холдож, холимог тулаанд тэмүүлэх хандлагатай боллоо. Бокст Майк Тайсон, Флойд Мейвейзер нар шиг хурц од цөөрч, харин холимог тулаанд МакГрегор, Хабиб нар гялалзаж байгаа нь нөлөөлж байна. “Холимог тулаан бол цаг зуурын үзэгдэл, ММА ч гудамжны зодоон доо, удахгүй алга болно, харин бокс бол мөнх” гэж ярьдаг хүн олон байдаг ч ММА мөхөх шинж харагдахгүй л байна. Мэдээж боксын спортыг унтраах, гутаах гэсэн бодол хэнд ч үгүй.

Ингээд “Fight” сэтгүүлийн газраас гаргасан “Холимог тулаан боксоос илүү гэдгийг баталсан 7 шалтгаан”-ыг танилцуулья.

1. Шилдэг боксчид хоорондоо бараг тулалдаггүй

Боксын промоутерууд том оддоо хэт “хайрлаад” хооронд нь бараг зодолдуулдаггүй. Жинхэнэ томчууд тулалдлаа гэхэд тэд сайн тоглосноороо биш, тулаанд орсныхоо төлөө л их хэмжээний мөнгө авдаг болохоор сонирхолтой сайхан тулаан цөөхөн болдог. Флойд Мэйвезерийг Мэнни Пакьяотой тоглуулах талаар 2009 оноос ярьж эхэлсэн ч бүтэн зургаан жилийн дараа л биелсэн. Флойд  230 сая, Пакьяо 150 сая доллар авсан ч нэг нэгнээсээ болгоомжилсон, хэт тактикийн энэ тоглолт оноогоор ялагчаа тодруулсан билээ. 

Харин ММА-д шилдгүүд хоорондоо байнга тулалддаг. Нэг жингийн томчууд хоорондоо учрах нь мэдээжийн зүйл тул үзэгчид бокс шиг 5-6 жил хүлээх шаардлага байхгүй. Альдо - МакГрегор, Жонс - Кормье, Вердум – Веласкес гээд л олон сайхан тулаан гарсан. Холимог тулаанд ялагдал мэргэжлийн бокс шиг тамирчны замналд нь том саад, хар толбо болдоггүй. Шагналын систем нь ч шийдэмгий, зоригтой тулалдахаас өөр аргагүйд хүргэдэг. Шагналын мөнгө боксоос хавьгүй бага ч ялсан тамирчинд бонус болон уран тоглолтын тусгай шагналуудтай.

2. Хурц од алга

Рой Жонс, Жеймс Тони, Эрик Моралес, Артуро Гатти зэрэг хуучин одод хөгширч, зарим нь нөгөө ертөнцөд оджээ. Тэдний байранд гарч ирсэн шинэ залуус ах нар шигээ өвөрмөц, хурц биш аж. Андрэ Уорд, Альварес нарын аваргууд өрсөлдөгчөө тун болгоомжтой сонгодог, сайхан үзэлцэж, түүхэнд нэрээ мөнхлөхөөсөө илүү мөнгө хураахыг илүүд үздэг нь илт. Мэргэжлийн боксын хамгийн том од нь 2015 онд сүүлийн тулаанаа хийсэн Флойд Мэйведер хэвээр байна. Флойд одоо боксын од гэхээсээ илүүтэй “үлэг гүрвэл” гэдэг нэрэнд тохирох болсон.

Харин ММА-д тулаанчид нь зоригтой, шазруун. Орчин үеийн боксын өнгө төрхийг Уорд, мэтийн уйтгартай боксчид тодорхойлж байгаа бол тэдний дэргэд Конор МакГрегор, Хабиб Нурмагомедов нар рок од л гэсэн үг. Тэд өмнөө өндөр зорилго тавьсан, шазруун тул спорт сонирхдоггүй хүмүүсийн анхаарлыг ч татаж чаддаг. UFC-ийн шилдгүүд хэрүүл шуугиан хийж, шоудахаасаа огт ичдэггүй, үр дүн ч гардаг.

3. Бокс хэт олон аварга, холбоотой

WBC, WBA, IBF, WBO гэсэн дөрвөн том аварга загаснаас гадна өөрийн аваргаа тодруулдаг хэдэн арван жижигхэн холбоо мэргэжлийн бокст бий. Дөрвөн том нь ч гэсэн жинхэнэ аваргын бүснээсээ гадна түр зуурын аварга, мөнгөн бүс гэх мэт есөн шидийн цол хэргэмтэй. Олон төрлийн аваргын бүс, салбар холбоодын тоогоороо WBA рекорд тогтоодог. Энэ холбооны дунд жин саяхан болтол Геннадий Головкин, Дэниэл Жейкобс, Дмитрий Чудинов гэсэн гурван аваргатай байлаа. Ингэхээр бокс сонирхогчид ч толгой нь эргэж, төөрөлдөх нь аргагүй. Бүх холбооны үнэмлэхүй аваргын төлөөх тулаан маш ховор болдог. 

Харин ММА-д бүх юм тодорхой. UFC-ийн аварга тулаанч жиндээ шилдэг нь. Боксоос ялгаатай нь холимог тулаанд аваргын бүсийг байгууллага биш промоушен олгодог. Хамгийн хүчтэй промоушен болох UFC-ийн аварга жиндээ аварга нь буюу хамгийн хүчтэй нь. Энд мөн түр зуурын аваргын бүс өгдөг ч хоёр бүсийг эзэмшигчид тогтмол хоорондоо тулалддаг. Сүүлийн үед Bellator холбоо ширүүн гарч ирж байгаа ч одоохондоо тэдний аваргууд дунд UFC-ийн аваргуудаас хүчтэй хүн алга. Харин ч Bellator холбооны томчууд UFC-д шилжих тохиолдол олон.

4. Боксын дүрэм хэцүү

12 үе тоглоно гэдэг хэт удаан. 15 жилийн өмнөх үетэй харьцуулахад боксын тактик бараг өөрчлөгдөхөө байсан тул боксын үе болгон хоорондоо маш адилхан. Үзэхэд уйтгартай. Цаас харандаа барьж тэмдэглэхгүй л юм бол хэн нь ялж буйг тодруулахад бэрх. Шүүгчдийн саналаар ялагчийг тодруулах нь элбэг тул маргаан их гардаг.

Харин холимог тулаанд тоглолт богинохон, эрчтэй, ойлгомжтой. Энд тулаан 5 минутаар 3 үе явагдана. Аварга цолын төлөө бол 5 минутаар 5 үе. Цөөхөн үетэй тул хэн ялсан нь тодруулахад амар. Орчин үеийн амьдралын хэмнэлд бүтэн 12 үе суугаад үзэх нь залхуутай. Хөл гарын цохилт, барилдаан нь ММА-г илүү олон талтай, сонирхолтой болгодог. Мэдээж уйтгартай тулаан ММА-д ч гардаг ч боксыг бодвол хурдан дуусдаг.

5. Бокс хуучиржээ

Орчин үеийн амьдралын хэв маяг болсон олон нийтийн сүлжээ, реалити-тв, видеоблог зэрэг зүйлд бокс дасан зохицож чадахгүй байна. Боксын спортын имижийг 85 настай Боб Арум мэтийн хөгшчүүл тодорхойлж байгаа нь цаг үеэсээ хоцорсныг харуулна. “ММА бол халзан толгойтой цагаан арьстнуудын спорт”, “Жинхэнэ эр хүн газар өнхөрч зодолддоггүй” зэрэг түүний мэдэгдлүүдийг нь хар.

Харин холимог тулаан яг одоо моодонд ороод байна. Энэ бол орчин үеийн технологи ашигласны ач тус мөн. UFC-ийн тулаанч бүр твиттер хаягтай байх ёстой гэж холбооноос тушаасан. Тулааныг телевизээр дамжуулахад нэрнийх нь дор жиргээний хаяг нь гардаг. UFC-ээс дагагчдынх нь тоо нэмэгдсэн, эсвэл сонирхолтой пост оруулсан тамирчнаа шагнадаг гэж байгаа. Ерөнхийлөгч Дана Уайт холимог тулааны хөшигний ардах амьдралыг харуулсан видео блог хөтөлдөг. Хэвлэл мэдээллийн анхаарлыг холимог тулаанчид илүү татдаг болжээ. Энэ бол цоо шинэ маркетинг.

6. ММА-д чанартай олон тэмцээн бий

UFC бараг долоо хоног бүр тэмцээн зохиож, бараг сар бүр ямар нэг дуулиант явдал болж байдаг. Өөрөөр хэлбэл чимээгүй суудаггүй. “The Ultimate Fighter” реалити шоу, шинэ тэмцээнүүд гээд энэ холбоо үнэхээр өөр түвшинд гарсан. Тэгвэл бокст сонирхолтой тулаан хэдэн сар, хагас жилд бараг ганцхан болно. Сүр дуулиантайгаар зарлагдсан тулаанууд нь сонирхолгүй болох нь олонтаа. Дэлхийн бараг бүх шилдгүүдийг эгнээндээ нэгтгэж чадсан нь UFC-т сонирхолтой тамирчдыг тааруулж, шинэ од төрүүлэх боломжтой болгосон.

7. Тулааны урлагийн төрөл зүйлүүд

Мэдээж хоёр хүчтэй боксчин тулахад бүгд сонирхон үзнэ. Хэн нэг нь хүчтэй цохилттой, нөгөө нь хамгаалалт сайтай гэх мэт. Тэгвэл холимог тулаанд жүдоч кик боксчинтой таарч, чөлөөт бөхийн мастер бразил жижицүгийн тамирчинтай зодолдож болно. Цохилт сайтай нэг нь давуу талаа ашиглаж чадалгүй жүдо суурьтай тулаанчид бариулаад боолгочих гэх мэт олон төрлийн тулааны урлагийг үзэж, харах сайхан боломжтой. Тийм болохоор л холимог тулаан энэ зууны эхээр авсан “дүрэмгүй зодоон” нэрийг таягдан хаяж чадсан билээ. Өөрөөр хэлбэл холимог тулаан тулааны урлагуудын хөгжлийн эцсийн цэг байж мэдэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top