СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар “Цэцэрлэгт хүрээлэнтэй номын сан” төслийг дүүргийн нутаг дэвсгэрийн дөрвөн байршилд байгуулах төслийг хоёр жилийн өмнө эхлүүлсэн юм. Тэгвэл өнөөдөр /2019.04.11/ тус төслийн хоёр дахь номын санг СХД-ийн 15-р хороонд нээлээ.
120м2 талбайтай, 6000 орчим номтой тус номын сан 09:00-18:00 цагийн хооронд иргэдэд үйлчлэх аж. Номын сан хоёроос дээш насны бүх иргэдэд зориулагдсан тул бага насны хүүхдэд зориулсан зурагт номоос эхлээд дэлхийн сонгодог бүтээл, хууль дүрмийн эмхэтгэлүүд ч байна.
Номын сангаар иргэд чөлөөт цагаараа болон цэцэрлэгт хүрээлэнд хүүхдээ салхилуулахдаа үйлчлүүлэх боломжтой. Энэ талаар СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Иргэд амралт, чөлөөт цагаараа гэрийнхээ ойр орчимд хүүхдээ салхилуулангаа ном уншаад суух нөхцлийг бүрдүүлэхийг зорьсон. Ном унших гэж номын сан орж цаг алдалгүйгээр гэрийнхээ ойр орчимд салхилах зуураа ном унших боломжтой. Энэ жилдээ багтаагаад дахин хоёр цэцэрлэгт хүрээлэнтэй номын сан барихаар төлөвлөн ажиллаж байна. Үүний нэг нь Толгойтод байх юм. Номын сан байгуулах санхүүжилтийг зам тавих, гэрэл суурилуулах зэрэг бүтээн байгуулалтын ажилд төсөвлөсөн мөнгөнөөс илүүчилж хийж байгаа. Нийслэлээс тусад нь төсөв гаргуулж байгуулна гэвэл нэг номын санд 300 гаруй сая төгрөгийн төсөв хэрэгтэй гээд байгаа. Ганц номын сан барихад ийм хэмжээний мөнгө төсөвлөх нь таатай биш учраас дүүрэгт хуваарилсан бүтээн байгуулалтын мөнгөнөөс илүүчилж энэ номын санг 150 орчим сая төгрөгт багтаан байгуулж байна” гэж ярилаа.
Номын сангийн номнуудыг дүүргийн иргэд болон төрийн албан хаагчид, байгууллага хамт олны хандиваар цуглуулсан бөгөөд ном хандивлах аян цаашид ч үргэлжилж дараагийн хоёр номын сангийн фондыг үүсгэх юм байна.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕОНООС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 0 )