Чөлөөт бөхийн Азийн АШТ-д оролцох Монголын шигшээ баг

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 12

Бөхийн төрлүүдийн 2019 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 23-28-нд БНХАУ-ын  Шэньши мужийн төв Ши-Ань хотод болно. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 32, эмэгтэйчүүдийн 22 дахь удаагийн Азийн АШТ-д оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо. Энэ удаагийн Азийн АШТ-д манай улс чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа, сонгомол бөхийн төрөлд хоёр тамирчин оролцох бөгөөд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Батцэцэг, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт, Азийн наадам болон Азийн АШТ-ий медальт А.Батцэцэг, Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Гантуяа, З.Болортунгалаг гэсэн туршлагатай тамирчдаас гадна залуучууд зодоглохоор болов. Манай бүрэлдэхүүний дийлэнхийг манай өсч яваа залуу тамирчид бүрдүүлж байгаа бөгөөд Азийн аваргад хүч үзэх 20 тамирчны 12 нь тивийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулна. Эрэгтэйчүүдийн 10 жингийн дундаж нас 22 байгаа бөгөөд Азийн аваргын медальтай бөх байхгүй гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Түүнчлэн өнгөрсөн сард Улаанбаатарт болсон 23 хүртэлх насны Азийн АШТ-д сонгомол бөхийн 55 кг-д хүрэл медаль хүртсэн М.Даваабанди, 67 кг-д мөнгөн медаль хүртсэн Г.Ханбүргэд нар хүч үзэхээр болсон. Манай бөхчүүд хамгийн сүүлд сонгомол бөхийн төрлөөр 18 жилийн өмнө буюу 2001 онд хүч үзэж байв.

Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Баттулга, дасгалжуулагчаар Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр, эмчээр Баатар, шүүгчээр Ц.Сэрээтэр нар ажиллах юм.

Манай эрэгтэй бөхчүүд Тоорил ханы хүрээ жуулчны баазад, бүсгүйчүүд “Хасу-Мегаватт” компанийн “Эко” спорт цогцолборт, сонгомол бөхийн хоёр тамирчин ӨМӨЗО-ны Хөх хотод тус тус бэлтгэлээ базааж байна. Эрэгтэйчүүд дөрөвдүгээр сарын 21, эмэгтэйчүүд үүнээс хоёр хоногийн дараа урд хөрш рүү мордох бол сонгомол бөхийн хоёр тамирчин 25-нд Хөх хотоос шууд Шианийг зорино гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Азийн АШТ-д оролцох Монголын шигшээ баг:

Эрэгтэйчүүд

57 кг: Нармандахын Насанбуян

61 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах

65 кг: Төмөр-Очирын Тулга

70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн

74 кг: Батсуурийн Отгонбаяр

79 кг: Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ

86 кг: Ганбаатарын Ганхуяг

92 кг: Баасанцогтын Өлзийсайхан

97 кг: Өлзийсайханы Батзул

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл

Эмэгтэй

50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг

53 кг: Батбаатарын Энхцэцэг

55 кг: Болормаагийн Дөлгөөн

57 кг: Сүхээгийн Цэрэнчимэд

59 кг: Алтанцэцэгийн Батцэцэг

62 кг: Энхбатын Гантуяа

65 кг: Зоригтын Болортунгалаг

68 кг: Соронзонболдын Батцэцэг

72 кг: Ганбатын Ариунжаргал

76 кг: Найгалсүрэнгийн Загардулам

Сонгомол бөх

55 кг: Мөнх-Эрдэнийн Даваабанди

67 кг: Ганхуягийн Ханбүргэд

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.141.188) 2019 оны 04 сарын 13

Эндээ л сурхий болохоос гадаадын тэмцээнд шал арчаад ирэх байлгуй дээ, угаасаа л тэгдэг дээ

0  |  0
Top