Ц.Цэцэгдэлгэрэх: ХОМ-ын тоон дүн, хэмжих нэгжийг зөв тайлж уншихыг хүсч байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 04 сарын 15

Хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХОМ)-ийн хураангуйг байршуулсантай холбоотойгоор зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цэг, таслал андуурч ойлгосноос үүдэн буруу ташаа мэдээлэл цацагдах болжээ. Иймд тус газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээс дараах зүйлийг тодрууллаа.

-Нийтийн албан тушаалтнуудын ХОМ-ийг олон нийтэд мэдээлж буй ач холбогдол нь юу вэ?

-Улсын хэмжээнд 2013 оноос эхлэн ХОМ-ийг цахим системээр гаргуулан авах үйл ажиллагааг амжилттай эхлүүлж, шинэ  техник, технологийг нэвтрүүлснээр дан ганц бүртгэж, хүлээн авах  биш судалгаа, дүн шинжилгээ хийх, мэдээ, тайланг цаг алдалгүй гаргах, ХОМ-ийн хяналт шалгалтын үйл ажиллагааг оновчтой, үр дүнтэй буюу  мэдүүлэг гаргах албан тушаалтан болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийн өсөлт, бууралт болон бусад үйл ажиллагаанд дүн шинжилгээ, харьцуулалт, судалгаа хийх чиглэлээр ажиллаж байна. 

Өмнө нь зөвхөн төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг олон нийтэд мэдээлдэг байсан бол цахим системийн үйл ажиллагааг сайжруулсантай холбоотойгоор 2018 оны нэгдүгээр улирлаас эхлэн ХАСХОМ гаргах үүрэгтэй бүх албан тушаалтны ХОМ-ийн хураангуйг цахим мэдээллийн сүлжээнд нээлттэй байршуулах болсон.

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг нь Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд байршигдах бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл өгөх журмыг Авлигатай тэмцэх газар батлах хуулийн зохицуулалттай.

Дээрх хууль, журмыг үндэслэн Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т заасан Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн төрийн өндөр болон бусад 282 албан тушаалтны 2018 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг тус газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд дөрөвдүгээр сарын 5-ны өдөр байршуулсан.

Ингэж мэдүүлгийг нээлттэй, ил тод байршуулж иргэдийн хяналтад өгч байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чухал үйл ажиллагаа. Нөгөө талаас нийтийн албан тушаалтны үүрэг хэдий ч шударга ажиллаж байгаа гэдгээ нээлттэй харуулах баталгаа болж байгаа явдал. Цаашид хуваарийн дагуу бусад мэдүүлэг гаргагчийн хураангуй мэдүүлгийн цахим мэдээллийн сүлжээнд үе шаттайгаар байршуулагдана.

-Зарим иргэдийн хувьд цэг, таслалыг буруу ойлгох явдал байна. Мөнгөн дүнг хэрхэн ойлгох ёстой вэ? 

-ХОМ-ийн хураангуй цахим системд тавигдсанаас хойш хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд, ялангуяа зарим сайтууд таслал, цэгийг буруу ойлгож мэдээлэх явдал гарч байна. Бид сайтдаа байршуулахдаа мянгачилж тавьдаг. Тухайлбал 21298.20 мянган төгрөг гэхийг зарим сайтын сэтгүүлч 212 сая, эсвэл хоёр тэрбум төгрөг гэж уншиж хүмүүсийн орлого хэд дахин өссөн гэх зэргээр буруу зөрүү мэдээлэл гарч байна. Уг нь энэ тоо 21 сая 298 мянган төгрөг гэсэн үг. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтнууд, Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн дарга нарын ХОМ-т судалгаа, харьцуулалт хийхдээ мянгачилж тавьсан тоог буруу уншиж, хэт өссөн байдлаар харуулж байгаа нь улстөржих, хүний нэр хүндэд халдах сөрөг үр дагавар гарч байна. 

“Газар” гэсэн хэсэг бий. Мэдүүлэг гаргагч өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээрх өмчлөлийн, эзэмшлийн, ашиглалтын газрыг мэдүүлэх үүрэгтэй. Хэзээ авсан, төрөл, хэмжээ, зориулалт, үнийн дүнг зах зээлийн ханшаар илэрхийлэн бичих ёстой байдаг. “Газар” гэсэн энэ хэсэгт мэдүүлэг гаргагч өөрсдөө м2-аар нь, эсвэл га -аар нь мэдүүлэх эрхийг нь нээлттэй олгочихсон. Өөрөөр хэлбэл өрхийн хэрэгцээнд олгодог газраа 700м2 гэх үү,  0,07 га гэж мэдүүлэх нь тухайн хүн сонголт хийх боломжтойгоор нь оруулж өгсөн байдаг юм. Гэтэл энэ асуудал дээр мөн алдаа гаргаад их хэмжээний газартай юм шиг мэдээлэгдээд байна.

-Зарим албан тушаалтны орлого хэд дахин өссөн харагдаад байдаг. Энэ ямар учиртай вэ?  

-ХОМ-ийн маягтад заасны дагуу мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүний тухайн тайлант онд орсон 7 төрлийн орлогыг мэдүүлж байгаа. Тухайлбал, үндсэн цалин, хөдөлмөрийн хөлс,  шагнал урамшуулал, үйл ажиллагааны орлого, хөрөнгө борлуулсны орлого гэх мэт орлогыг мэдүүлдэг.

Бид олон нийтэд хураангуй байдлаар байршуулахдаа орлогын төрлүүдийг нэгтгэн мэдүүлэг гаргагчийн өөрийн нийт орлого, гэр бүлийн гишүүдийн нийт орлого гэж тавьдаг. Гэтэл зарим хүмүүс буруу ойлгох явдал гарч байна. Тухайлбал иргэн С нь 2017 онд 14 сая төгрөгийн орлоготой байсан мөртлөө 2018 онд орлого нь огцом өсөөд 200 сая төгрөг болчихлоо гэж бодъё. Яагаад төрийн албан хаагчийн орлого ингэж огцом өсч байгаа юм гээд байдаг. Үүнд шалтгаан бий. Тухайн мэдүүлэг гаргагч нь хоёр орон сууцтай байж байгаад нэгийг нь 2018 онд худалдан борлуулсан байж болно, тэрийгээ “Хөрөнгө борлуулсны орлого” хэсэгт мэдүүлснээр түүний орлого өссөн байна. Гэтэл орлого нь  өмнөхөөсөө хэд дахин өссөн байна гэсэн хардлага төрдөг.

Мөн үл хөдлөх хөрөнгөө борлуулаад мөнгийг нь “Хадгаламж”-даа байршуулсан байхад хадгаламж нь өссөн харагдана. Энэ мэтчилэнгээр орлого хөрөнгүүдийн хоорондын уялдаа холбоо их гардаг. Үүнийг зарим хүмүүс ойлгохгүй, жилээс жилд өссөн байна гэж хардаг. Ингэж нэмэгдсэн, буурсан шалтгаан эх үүсвэрээ хөрөнгө, орлогоо мэдүүлэгч өөрөө үнэн зөв  тайлбарлах ёстой. Цаашид бид цахим сайтаа улам боловсронгуй болгож, яаж байршуулбал иргэдэд илүү ойлгомжтой, нээлттэй байх гэдэгт анхаарч, өөрчлөлт шинэчлэлтийг хийн ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид, иргэд, олон нийтэд хандан хэлэхэд тухайн албан тушаалтны ХОМ-ийг, хөрөнгө, орлогын тоон дүн, хэмжих нэгжийг зөв тайлж уншиж, ул суурьтай хандаасай гэж хүсч байна.

-Цахим системд яг ямар шинэчлэл хийсэн бэ?

-Авлигатай тэмцэх газар ХОМ-ийг байршуулахдаа орон сууц барилга байгууламжийн тоог нэлээд задалж өгсөн. ХОМ-ийн “Барилга байгууламж” гэсэн хэсэгт автомашины зогсоол, зуслангийн байшин, гэр, хашаа байшин, амбаар нь хүртэл бичигддэг. Энэ бүгд нийлээд их олон байгууламж, орон сууцтай мэт харагддаг байсан. Энэ жилээс иргэдэд ойлгомжтой, нээлттэй байлгах үүднээс үүнийг дэлгэрүүлж өгсөн. Өөрөөр хэлбэл, амины орон сууц, нийтийн орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний оффис, авто зогсоол гэх мэтээр бүгдийг нь төрөлжүүлж өгсөн.

“Хадгаламж” хэсэгт дотоод дахь хадгаламж, гадаад дахь хадгаламж гэж ялгавартай байдлаар харуулдаг болсон. Сая дөрөвдүгээр сарын 5-ны өдөр төрийн өндөр болон тэдгээртэй адилтгах 282 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг зарлахдаа програм хангамжийн сүлжээний дотоод техникийн алдаанаас үүдэн УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын 4 хүний дотоод дахь банкны хадгаламжийг гадаад хадгаламж гэж мөр алдаж буруу зарласан. Бид залруулгыг цахим сайтдаа нэн даруй хийж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт албан бичгээр залруулгыг хүргүүлсэн.

Энэ оноос эхлэн Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг (iad.iaac.mn) цахим системээр хүлээн авч хянаж байна. Өнөөдрийн байдлаар Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт томилогдохоор нэр дэвшсэн этгээдүүдийн урьдчилсан мэдүүлгийг цахим системээр туршилтын журмаар хүлээн авч хянан шийдвэрлэж байна. 2019 онд багтаан бүх хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргагчийн мэдүүлгийг цахим системээр бүрэн хүлээн авч хянадаг болно. Энэ нь төрийн байгууллагуудын үйл ажиллагааг цахимжуулах, хүнд суртал, чирэгдлийг арилгах, хүний оролцоог багасгах, төсвийг хэмнэлттэй, зүй зохистой зарцуулах Үндэсний хөтөлбөрийн зорилтын хүрээнд хийгдэж байгаа ажил юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(49.0.161.66) 2019 оны 04 сарын 15

АТГ-ынхан өөрсдөө хэн ч хараад ойлгох хэмжээний задалж бичих хэрэгтэй шдээ, хэргээр ард түмний толгойг эргүүлэх гэж байгаа юм шиг нэг их олон тооны араас цэг тавиад дахиад тоо бичхээр хэн ч алдаж уншина шдээ...

0  |  0
Top