Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 9 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 597 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 444 мэдүүлгийг хянан шийдвэрлэв.
Одоогоор ажиллагаанд 153 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Нийслэлийн 74 дүгээр цэцэрлэг, Булган аймгийн Мал эмнэлгийн газар, Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ зэрэг байгууллагын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн зарим этгээдийн хувьд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар хариу мэдэгдэв.
Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 156 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 19 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв.
Төлөвлөгөөт хяналтаар 44 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгажээ.

Сэтгэгдэл ( 0 )