АТГ 46.8 сая төгрөгийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлэхээр санал болгов

Я.Болор | Zindaa.mn
48 минутын өмнө

 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны аравдугаар сарын 12-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 93 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 1016 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 992 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж хүргүүллээ.

“Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан Б.А нь бараа нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллах хугацаандаа хууль бусаар шалгаруулсан аж ахуйн нэгжээс 46,8 сая төгрөгийг авсан гэх, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ч.М, гаалийн улсын байцаагч Л.Э нар албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэх, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын удирдах албан тушаалтан П.Ч нь бусадтай бүлэглэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зэрэг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top