Энэ сарын 14-нд АНУ-ын Атлантад холимог тулааны UFC 236 тэмцээн болж, хөнгөн жингийн аваргын нэр тодорлоо. Хагас хөнгөн жингийн аварга Макс Холлоуэй хөнгөн жинд хүч сорьж, Дастин Порьетэй тулалдлаа. Бүтэн таван үе тулалдсаны эцэст шүүгч нар Дастинд ялалт өгсөн билээ. Ийнхүү Дастин Порье есдүгээр сард ОХУ-ын Хабиб Нурмагомедовтой тулалдах эрх авсан юм. Уг нь Хабибтай тулалдахад хамгийн ойр тамирчин бол Америкийн Тони Фергюсон байсан. Гэвч сүүлийн үед Тонигийн эрүүл мэнд муудаж, сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж эхлээд байгаа юм.
UFC холбооны түүхэн дэх 11 дараалан ялсан цорын ганц тулаанч болох түүнд юу тохиолдов?
Тони Фергюсон нийт 27 тулалдахдаа гурав л ялагдсан. Гэхдээ тэр аваргын жинхэнэ бүсний төлөө огт тулалдаж үзээгүй. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Хабибтай тулалдахаасаа долоо хоногийн өмнө телевизэд ярилцлага өгч байхдаа кабелийн утсанд тээгэлдээд хүнд гэмтсэн азгүй эр. Харин одоо түүний асуудал гэмтэл бэртэлд биш сэтгэл мэдрэлтэй холбоотой болжээ.
Тонигийн эхнэр Кристина 2019 он гарснаас хойш Цагдаагийн газарт таван удаа гомдол гаргасан байна. Учир нь нөхрийнх нь байдал хэвийн биш болж, галзуурлын шинж тэмдгүүд илэрчээ. Тони хэнд ч хэлэлгүй гэрийнхээ бүх түлхүүр, цоожийг сольсон байна. Мөн “ариун шидэт ус” цацан, гэр орон, хүүхдээ ариутгаж, ганцаараа хэрүүл хийн хашхирч эхэлсэн гэнэ. Мөн гурван өдөр унталгүй, гэрийнхээ бүх тавилгыг эвдэлжээ. Байрны хананд гаднын хүн нуугдсан гэж батлаад хөлөнд нь хэн нэгэн хүн тусгай дохиололтой чип хийсэн гэж зүтгэжээ.
“Ээж бид хоёр байнгын айдас дунд амьдарч байна. Тони юу ч хийж магадгүй болжээ. Тэр нэг өдөр хүү бид хоёрыг алах байх, үгүй бол амиа хорлох болно. Тони ганцаараа яриад, инээгээд, уйлаад сууж байхыг нь би олон удаа харсан, бичлэг хийж авсан” гэж ярьжээ.
Мөн удахгүй их үер болно гээд үерээс зугтах завь бэлтгэж, хүүгээ Иисүс Христ, өөрийгөө хоёр дахь Иисүс Христ гэж нэрлээд харин эхнэрээ шулам гэж загнасан байна.
“Нэг удаа Тони хөргөгчөө унтраагаад тэнд нууц камер байна гэж хэлсэн. Хэрэв хөргөгч бүрэн хүчээрээ ажиллах юм бол биднийг тэд мөрдөж чадна гэж яриад. Угаалгын өрөөний толийг хагалж, ард нь хүн нуугдаж байна гэсэн. Бас хүүг минь хордуулах гэлээ гээд бүх хоолыг нь асгасан. Эмнэлэгт оч гэж гуйтал тэгье, хамт явъя гэлээ. Аав бид хоёр дагаад явтал нурсан эзгүй байшинд аваачаад нууц хаалгыг нь олох хэрэгтэй, цаана нь эмч байгаа гэж дэмийрсэн” гэжээ.
Тонигийн твиттер, инстаграм дээр бичсэн зарим зүйлийг америкчууд нь ч ойлгодоггүй. Телевизийн ярицлага дээр ч учир нь олдохгүй зүйл ярьдагт нь хүмүүс хэдийнэ дассан билээ. Харин энэ удаад Тони үнэхээр эрүүл мэндийн том асуудалтай тулгарчээ. Хабиб Нурмагомедовтой биш өөртэйгээ хийх хүнд тулаан түүнийг хүлээж байна.
Тони Фергюсон эмнэлгийн тусламж авахаас удтал татгалзсан ч сэтгэл зүйч дээр очихыг зөвшөөрсөн байна.
Кристина Фергюсон ESPN-д ярилцлага өгөхдөө “Тони сайн нөхөр, сайн аав. Би түүнд туслах гэж л Цагдаагийн газарт хандсан юм. Түүнийг эдгээд UFC холбооны аваргын бүсний төлөө тулалдаасай гэж хүсч байна” гэж хэлжээ.
Байнга цус асгаруулан тулалддаг холимог тулаанчдын хувьд тархиндаа хүнд гэмтэл авах нь олонтаа. Хүнд цохилтод олон орж байсан, зугтаж, нуугдах дургүй Тони үзүүштэй сайхан тулалддагийнхаа золиос нь болох гэж үү?
Сэтгэгдэл ( 4 )
Edgerdeg l bgasai mundag tulaanch da
burhan tuunees nuuree buruulav
humuus denduu hargis bolj baina daa. iim yumnaas taashaal avdag humuus heviin gej uu?
haramsaltai