“Боовон чих”-тэй болгох боловсон үйлчилгээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 16

Бөхчүүдийн нэрийн хуудас болсон “боовон чих”. Олон жил бэлтгэл сургууль хийж, нухлуулсаар байгаад чихний мөгөөрөс нь хугаран, шар ус гүйгээд хатахаараа тийм болдог учиртай. Гэвч манай хойд хөршид багахан хэмжээний гоо сайхны мэс засалд ороод ийм чихтэй болохыг хүсдэг залуус олон бий. Хүн айлгаж, сүрдүүлэх, хүндэтгэл хүлээх нь тэдний гол зорилго. Машины цонхон талын зүүн чихээ л “боов” болгодог хүн ч байдаг. Учир нь замын цагдаа зогсоогоод чихийг нь хараад “алдартай тамирчин” байна гээд зүгээр явуулчихдаг аж.

“Үнэнийг хэлэхэд би чихээ “боов” болгохыг маш их хүсдэг байлаа. Азаар наймдугаар ангид байхад чих минь хугарч билээ. Гудамжинд залуус хоргоогоод чих хараад л зугатдаг байлаа” гэж холимог тулаанч Расул Мирзаев дурсан ярьж байна.

Английн википедэд “Cauliflower ear” (Cauliflower – өнгөт байцаа, ear - чих) гэсэн нийтлэл бий. Тэнд бөх, рагбийн тамирчид чихний ийм гэмтэл их авдаг гэж тайлбарлажээ.

Бөхчүүдийн “боовон чих”-ний талаар онигоо, хошин яриа олон. Бөхчүүд чихээ “сайн бөхийн шинж” гэж үздэг бол тамирчин бишүүд нь “хамгаалалт” гэж ярьдаг. ОХУ-ын инстаграмд чихийг 1000-1500 рублиэр “боов” болгодог үйлчилгээ санал болгодог аккаунт 15 орчим байдаг гэнэ.

ОХУ-ын спортын “Матч ТВ” сувгийн сэтгүүлч Вадим Тихомиров энэ талаар биечлэн сурвалжлага хийсэн байна. Ихэнх нь ярилцлагаас татгалзсан ч Гудермесийн нэгэн мэргэжилтэн “Би гараараа чих янзалдаг. Яаж хийдгээ хэлэхгүй. 1000 рублиэр сургалтын бичлэг илгээж болно” гэжээ.

Харин Дагестаны Макачкалагийн нэгэн эмч утсаар ярилцлага өгсөн байна.

-Та ямар аргаар чихийг боов болгон хувиргадаг вэ?

-Аргаа би танилцуулахгүй. Бусад хүмүүс халбага, гар, бахь, зарим нь бүр хаалга ашигладаг гэсэн. Миний техник маш боловсон, цэвэрхэн.

-Яагаад хүмүүс “боовон чихтэй” болохыг хүсдэг вэ? Барилддаг гэж хүмүүсийг айлгах зорилготой юм болов уу?

-Магадгүй л юм. Барилддаг залуус бөх гэдгээ харуулах гэж хийлгэнэ. 10-15 жил барилдаад чих нь эвдрээгүй бөхчүүд ч байна. Тэд бас чихээ боов болгох гэж ханддаг. Би гэмтэл судлаач эмч хүн. Сургууль соёлыг нь төгссөн. Миний мэс засал маш хурдан, цэвэрхэн, хамгийн гол нь 100 хувь нууц хадгална.

-Танаар үйлчлүүлэхэд дараа нь хэн ч тэр хүнийг чихээ санаатайгаар боов болгосон гэж мэдэхгүй юу?

- Хэн ч мэдэхгүй.

-Үйлчлүүлэгч олон уу?

-Өдөрт 2-10 хүн.

-Санаатай чихээ янзлах нь сайн зүйл үү?

-Сайн муу гэдэг харьцангуй ойлголт. Үйлчлүүлэгч байгаа болохоор л би ажиллаж байна. Хүчээр хэнийг ч дуудаагүй. Би аюулгүй газарт мөгөөрсийг хугалдаг болохоор тухайн хүний сонсголд ямар ч нөлөө байхгүй. Чихэвч зүүхэд ч саад болохгүй.

-Хэрэв 13 настай тамирчин хүүхэд үйлчлүүлэхээр ирвэл яах вэ?

-Зөвшөөрөхгүй. Зөвхөн 16-гаас дээш насныханд үйлчилнэ. Тэд ч аав, ах нартайгаа хамт ирдэг.

-Огт барилддаггүй шинжийн залуу хүрээд ирвэл яах вэ?

-Тийм үйлчлүүлэгч байлгүй яахав. Барилддаггүй ч бөх шиг харагдахыг хүсдэг хүн олон.

Чөлөөт бөхийн 1997 оны дэлхийн аварга, Европын  удаагийн аварга Курамагомед Курамагомедов энэ талаар ийнхүү ярьжээ.

-Хэрэв та “боовон чих”-тэй болчихлоо гэхэд сэтгүүлч нар дундаа сүртэй харагдах байх. Харин бөхчүүд бүгд нэг нэгнээ мэднэ. Хэн хаана түрүүлсэн, хэн нь ДАШТ-д оролцсон гээд л.

-Та анх чихээ “хугалж” байснаа санаж байна уу?

-Бөхчүүдийн хэн нь ч санадаггүй байх. 1996-1997 онд идэрчүүдэд барилдаж байсан үед л болов уу. Ер нь бол чих босоогоос барьц булаалдах эсвэл гуя, биенд нь тулан барилдахад гэмтдэг. Эхлээд өвддөггүй ч шөнө нь хэцүү шүү. Сүүлдээ ч чихэнд эрүүл газар байхгүй болж, тоохоо ч больдог юм.

-Яагаад хамгаалалттай барилдаж болохгүй гэж? АНУ-д бөхчүүд нь чихэвч, дуулгатай барилдаж харагддаг.

-Би хамгаалалттай барилдаж үзсэн. Барьц алдах, мэхэнд ороход чих улам их өвддөг юм билээ. Өрсөлдөгч шилдэж татаад, чих, эрүүнээс зулгааж байхад чихэвчээ янзлах гээд садаатай. Ер нь бол “боовон чих”-ийг янз бүрээр хүлээн авч болно. 90-өөд оны үед “боовон чих” хараад шууд хашир бөх гэдгийг нь ойлгодог байлаа. Гадаад Иран, Турк, Болгар, Америк явахад ижилхэн чихтэй хүн хараад л шууд бөх яриад, анд найз болдог, нэг нэгэндээ тусладаг байлаа. Харин одоогийн залуучууд чих хугарангуут л онгироод гайхуулаад эхлэх юм.

“Муухай харагддаг ч энэ чихийг тань дагаад явах бүсгүйчүүд их олон бий” Бээжингийн олимпийн чөлөөт бөхийн аварга, UFC холбооны хөнгөн жингийн аварга Генри Сехудо

Харин домогт Сан Саныч хэмээх Карелиний чих зүв зүгээр. Үүнийгээ тэр бэлтгэл, барилдааны өмнө чихээ халааж, бэлтгэдэг байсан гэдгээр тайлбарлаж байна.  

Холимог тулаанч Алексей Махно “iPhone-ий жирийн чихэвч миний чихэнд ордоггүй. Тийм болохоор хамгийн жижигхэн чихэвч л худалдан авдаг. Аав ээж минь зодог тайлаад чихээ хэвийн болгох мэс засалд ор гэдэг юм. Харин миний хувьд “боовон чих” бол миний бахархал, ажил, амьдралын минь нэг хэсэг” гэж ярьж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нямдаваа(66.181.161.141) 2024 оны 03 сарын 03

Чихээ боов болгохгээл

1  |  0
guy(202.179.27.182) 2024 оны 05 сарын 04

iim chihtei hynees holhon yav deer yed memphis baarnii gadaa shidyyleed aluulangaa aldsan shyy haha

4  |  1
Top