Б.Батдэлгэр: “Капитал” банкийг аргадаж, гуйж байж 48 тэрбум төгрөгөө олж авъя гэсэн хариу яамнаас ирсэн

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 16

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ноос өнөөдөр /2019.04.16/ ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн  зээлийн эргэн төлөлт болон “Капитал” банкны талаар мэдээлэл хийлээ. Тус холбооны зүгээс 2019 он гарснаас хойш ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн  зээлийн эргэн төлөлт зогсонги байдалд ороод байгааг шүүмжлээд эрх баригчид зээлээ төлөхгүйгээр өөрсдөдөө ашигтай хууль батлах гэж байна хэмээн шүүмжилж байлаа. Мөн тус сангаар дамжуулан   олгож байгаа 26.5 тэрбум төгрөг баялаг бүтээгчид болох жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хүсэлтийг биелүүлж чадахгүй гэж байлаа.   

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр хэлэхдээ “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас  одоо 26.5 тэрбум төгрөг олгож байгаа. Энэ мөнгө эрэлт хэрэгцээгээ хангахгүй байна. Тиймээс зээлийн эргэн төлөлтөөс зээл олгодог болохыг баялаг бүтээгчид хүсч байна. Энэ жил улсын төсөвт 100 тэрбум төгрөгийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас  өгөх ёстой. Зээлийн эргэн төлөлт 100 тэрбум төгрөгөөс давсан тохиолдолд үлдэгдэл хөрөнгийг зээл болгон олгоно гэж байгаа. Гэтэл зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй байна. Үнэндээ 26.5 тэрбум төгрөг гэдэг бол тэрбум төгрөгөөр бодоход 26 зээлдэгчид оногдох мөнгө. 100 сая төгрөгөөр бодоход 260 төсөлд очих мөнгө. Судалгаанаас үзэхэд 3 хувийн хүүтэй зээл авахаар энэ жил 5-10 мянган төсөл ирэх магадлалтай байгаа. Тиймээс баялаг бүтээгчид зээлийн эргэн төлөлтийг сайжруулж байж, зээлийн хөрөнгийг нэмэгдүүлэхийг хүсч байна” гэлээ.  

Мөн тус  холбооноос дампуураад байгаа “Капитал” банкинд ЖДҮ-ийг хөгжүүлэх санд очих ёстой 48 тэрбум төгрөг байгааг санууллаа. Б.Батдэлгэр энэ тухай “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас дамжуулан зээлдэгчийн үүрэг гүйцэтгэж байсан “Капитал” банк 2011, 2016 онд гэрээ байгуулан иргэд болон аж ахуйн нэгжид зээл олгосон. Энэ зээлийн эргэн төлөлтөө ЖДҮ-ийг хөгжүүлэх санд өгөхгүй байгаа. Намайг энэ гэрээг дэлгэснээс хойш “Капитал” банк нэр төр гутаасан хэргээр Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээж аваагүй. Мөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс хүлээж аваагүй. Бид Ерөнхий сайдад энэ гэрээг хүчингүй болгож өгөхийг хүссэн. Үүнээс хойш Засгийн газраас ХХААХҮЯ-нд бичиг явуулж, 2019.03.11-ний өдөр хариу авсан. Уг бичигт яамнаас  "48 тэрбум төгрөгөө олж авахаар ажиллаж байна. “Капитал” банкийг аргадаж гуйж байж мөнгөө олж авъя"  гэсэн утгатай хариу ирсэн байсан. Эдгээр албан бичиг дээр ноцтой зүйлс их бий.

Гэрээний дагуу “Капитал” банкны хугацаа хоцроосон төлбөрийг эцсийн зээлдэгч хуваарьт төлбөрөө төлсөн эсэхээс үл хамааран банкаар төлүүлэхээр тохирсон. Тухайн банкны төлбөрийн чадваргүйг харгалзан үзэж гэрээний хугацааг сунгах хүсэлтийг яамаар дамжуулж олгосон гэж байгаа. Өөрөөр хэлбэл, 2016 онд “Капитал” банк хүндэрчихсэн байсан. Гэтэл Монголбанк, тухайн үеийн Засгийн газар арга хэмжээ авахгүй явсны уршгаар өнөөдөр “Капитал” банк дампуураад төр 340 тэрбум төгрөгөөр хохироод байна. 2011 оны гэрээнд хэрэв “Капитал” банк төлж чадахгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно гэж заасан. Гэтэл Засгийн газар нууц горимоор хэлэлцээд 2017.10.10-нд гэрээг байгуулахдаа жилийн 5 хувиар бодож алданги тооцсон. Эндээс ЖДҮ-ийг хөгжүүлэх санд  цугларах байсан 12 тэрбум төгрөгийн алдангийг болиулж улсыг хохироосон байна. Энэ гэрээний талаар АТГ-т гомдол гаргасан. Өнөөдрийг хүртэл шалгахгүй байна” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.66.152) 2019 оны 04 сарын 16

Худлаа ингэж ярьдагаа боль.Хүрэлсүхийг улайм цайм хамгаалаад дуунч гарахаа больсон биздээ.ЖДҮ-чидтэй тэмцсэн чинь хаана байгаа.Харинч үнэнг хэлсэн УИХ-н гишүүд хууль хяналтынханыг дарамталж ажлаас чөлөөлж өөрсдийнхөө хэргийг нуун дарагдуулж байгаа нь шударга зүйл мөн үү үүнтэй эвлэрээд байгаа чинь шударга ёс тогтоож байгаа юм уу

0  |  1
Top