“Нэг суурин нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийн хүрээнд 21 аймгаас 21 бүтээгдэхүүн шалгаруулна

2023 оны 09 сарын 26

Өнгөрөгч  бямба  гариг буюу есдүгээр сарын 23-нд “Намрын ногоон өдрүүд –Үндэсний үйлдвэрлэл 2023” арга хэмжээ, хоршоо, хөнгөн жижиг дунд үйлдвэрийн салбарын өдөрлөг болж төв цэнгэлдэх хүрээлэнд гадны зочид төлөөлөгчид болон иргэдийн хөлд дарагдлаа. Хэдий гадаа  хүйтэн бороотой ч 18 дахь  жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү  арга хэмжээнд оролцогч иргэдийн хөл тасрахгүй хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

Үндэсний хувцас бүхий загварын шоу, хамтлаг дуучдын тоглолтоор үргэлжилж, 21 аймгаас оролцож буй жижиг дунд үйлдвэрүүд бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан. Энэ үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮ-ийн газраас  үндэсний үйлдвэрлэгчид болон ногоочдоо хэрхэн дэмжин  ажиллаж байгаагаа танилцуулсан.

“Нэг суурин нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийн хүрээнд 21 аймгаас 21 шилдэг бүтээгдэхүүн шалгаруулж урамшуулж байгаагаараа энэ жилийн арга хэмжээ онцлог болж байгаа аж. “Намрын ногоон өдрүүд –Үндэсний үйлдвэрлэл 2023” үзэсгэлэнд 500 гаруй байгууллага 3000 гаруй бүтээгдэхүүнээрээ оролцож байгаа бөгөөд энэ сарын 26 ныг хүртэл үргэлжлэх аж.

Глобал Сивик шэйринг сангийн монгол дахь салбарын захирал Н.Батдорж

ОРОН НУТГИЙН МАЛЧИД ФЕРМЕРЧДИЙН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭДНИЙГ  ЧАДАВХИЖУУЛАХ ЗОРИЛГОТОЙ “АЛАГАА” БРЭНДЭЭ ГАРГАСАН

-Брэндийнхээ талаар манай уншигчдад танилцуулбал. Яагаад Алагаа гэж нэрлэсэн бэ?

-Манайх “Алагаа” гээд брэндийг зах зээлд танилцуулаад жил орчим болж байна. Хуучнаар партизаны сангийн аж ахуй, одоогийн хаяг нь СХД -ийн  21- р хороо жаргалант  тосгон маань алаг үнээний фермерийн аж ахуйтай  байсан. Одоо тухайн  бүс  нутгийг хар тарлан үйлдвэрийн үхрийг үржүүлэх  бүс  нутгаар  сонгон ажиллаж байгаа. Нэг ёсондоо жаргалант  тосгоны сүүний үхрийн  аж  ахуй  эрхэлж  байгаа  малчдыг хоршоо болгон нэгтгээд, хоршооны  гишүүдийн үйлдвэрлэсэн сүүг нэмүү өртөг шингээн, зах зээл дээр өрсөлдөж чадахуйц  чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхээр зорин  ажиллаж байна.  Тиймээс бид брэндээ  “Алагаа”  гэж нэрлэсэн.

-“Алагаа” брэнд хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа вэ?

-Сүү, аарц,  хорхой  ааруул, цөцгийн  тос  зэрэг зургаан нэр төрлийн  бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж байна. Сүү гэхэд л яг монголчуудын ууж  заншсан хамгийн  их тослогийн  хэмжээтэй буюу 3.2 хувийн  тослогтой  сүү.  Мөн хамгийн бага 0.1 хувийн тослогтой  буюу фитнесс сүү  гаргасан. Ааруул гэхэд л хорхой  ааруул, жимстэй ааруул гэх зэрэг 2 төрлөөр үйлдвэрлэгдэж байна.

- Бүтээгдэхүүн хөгжүүлэлт брэндингийн хувьд хөгжүүлэлт сайн өөр харагдаж байна л даа. Хэзээнээс комнпаниа байгуулсан бэ?

- “Жаргалант милк” хоршоо маань 2019 онд байгуулагдсан. Тодорхой хугацаанд  хугацаанд үйлдвэрийн орчин бэлтгэл ажилааа  хангаж байгаад 2022  оны 12  сараас  албан ёсоор бүтээгдэхүүнээ зах зээлд гаргасан.  Үйлдвэрлэл маань  төслийн хүрээнд явагдаж байгаагаараа  онцлог. Монгол  Улсад 21 дэх жилдээ  явагдаж байгаа “Глобал Сивик шэйринг”  олон улсын байгууллагын, хүртээмжтэй  мал  аж  ахуй төслийн хүрээнд хэрэгжиж  байгаа  төсөл. Энэхүү төслийн гол зорилго нь орон нутгийн малчид фермерчдын  амьжиргааг дэмжин  ажиллах зорилгоор хэрэгжиж байгаа. Зөвхөн сүү сүүн  бүтээгдэхүүн үйлдвэрлээд  зогсохгүй  сүүг  үйлдвэрлэж байгаа малчдыг  чадавхижуулах тэдний  амьдралын орчинг  сайжруулах сургалтад хамруулах,  зэрэг  олон ажлуудыг  цогцоор  нь шийдэж байна. Малын  тэжээлийн үйлдвэрлэл  зэрэг  шаардлагатай байгаа олон асуудлуудыг хөндөж  энэ асуудлуудыг шийдэхэд зорьж байгаа төсөл. 

 Өвөрхангай аймгийн “Арвижих дөлгөөн” ХХК-ийн захирал Д.Сумьяа

“НЭГ СУУРИН НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦСОНООС ХОЙШ  МАНАЙ  БҮТЭЭГДЭХҮҮНИЙ  БОРЛУУЛАЛТ ЭРС САЙЖИРСАН

-“Намрын ногоон  өдрүүд” үзэсгэлэн яармаг маш  өргөн хүрээнд явагдаж байна. Та  бүхэн ямар ямар  бүтээгдэхүүнээр оролцож байна вэ?

Манай компани Өвөрхангай аймгийн 13 төрлийн, цагаан идээ брэнд бүтээгдэхүүнээрээ энэ  үзэсгэлэнд  оролцож байна. Идээний дээж “Таван тансаг” бүтээгдэхүүн маань аймгийн хэмжээнд брэнд бүтээгдэхүүнээр шалгарч батламж  авсан. Мөн бид компаниараа “Нэг суурин  нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрт амжилттай оролцоод номин сүлжээ дэлгүүрийн бүх салбарт бүтээгдэхүүнээ борлуулах  батламжаар  шагнагдсан. Одоогоор номингийн 38  салбар  дэлгүүрт  бүтээгдэхүүнээ  борлуулж байна.  “Нэг суурин нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрт оролцсоноос  хойш  манай  бүтээгдэхүүний  борлуулалт эрс сайжирсан. Өвөрхангай аймгийн хөдөө аж ахуйн газар,  жижиг дунд  үйлдвэрлэлийн газар бидэнд  туслаж  дэмжиж манай компанийг өдий зэрэгтэй компани болтол бойжуулж,  бүтээгдэхүүнээ хөгжүүлж, олны  танил брэнд болтол  дэмжлэг үзүүлсэнд маш их баяртай байдаг.

-Танай компанийг ЖДҮ- ийн хөнгөлөлттэй зээл авах нөхцөлөө хангасан байгаа гэж сонссон?

- Аймагтаа “Бест”  хөтөлбөрийн сургалтад  хамрагдаад ЖДҮ - ийн шалгуур үзүүлэлтэд тэнцэж 100 сая төгрөгний зээл авахад бэлэн болсон. Манай компани 2012  онд  байгуулагдаад, 2018  онд Өвөрхангайн  брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Нийт 8 ажилтантай 13  төрлийн  бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хамгийн сүүлд амжилттай гаргасан инноваци шингэсэн “Найрын ширээний айраг” маань ёслолын үйл ажиллагаанд зориулагдсан шилдэг  бүтээгдэхүүнээр шалгараад байгаа. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ сайн хийхэд аймгийн хөдөө аж  ахуйн  газар дэмжиж сайн бүтээгдэхүүн хийхэд  тус дэм  болдогт манай хамт олон үргэлж  талархаж явдаг.

 

Сэлэнгэ аймгийн ногоочин Б.Цэцэгээ

“ТӨР ЗАСГААС  БИДНИЙГ ДЭМЖИЖ ЖИЛ БҮР ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦУУЛЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙДАГ” 

-“Намрын ногоон  өдрүүд  үзэсгэлэн”-д  хэд дэх  жилдээ оролцож байна вэ. Хэдэн төрлийн ямар ямар ногоогоор  оролцож байна?

-Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ирсэн. Миний хувьд “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн яармаг анх болсоноос  хойш 18 дах  жилдээ оролцож байна. Арван зургаан төрлийн дарсан ногоо, 14 төрлийн кг- ийн ногоогоор энэ үзэсгэлэнд оролцож байна. Энэ жилийн хувьд үзэсгэлэн яармаг  зохион байгуулалт сайн болж байна. Зохион байгуулж байгаа хүнс  хөдөө аж ахуйн яамныханд юуны өмнө баярласанаа  илэрхийлье.

-Сэлэнгэ аймгийнханы  хувьд зундаа ногоо тарьж, ногоогоо дарж амьжиргаагаа  залгуулдаг онцлогтой хүмүүс байх шүү?

-Тэгэлгүй  яахав. Угаасаа ногоо тарина, тарьсан ногоогоо дарна гэдэг бидний  хувьд амьжиргаа  төдийгүй хобби  болсон. Энэ ажилаа  хийж л  байвал бид  чинь жаргалтай байдаг. Хавар 3 сараас  үрсэлгээгээ хийж эхэлнэ. Зундаа ногоогоо тарьж намартаа зарж дуусаад, өвөл сувилалд амарна. Ерөнхийдөө  иймэрхүү  хэмнэлтэй  амьдардаг. Төр засгаас  биднийг дэмжиж жил бүр талбайн түрээс гэхгүй үзэсгэлэнд оролцуулж байгаад баяртай  явдаг даа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top