Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа өнөөдөр "Хоршоологдын өдөр"-өөр үргэлжилнэ

2023 оны 06 сарын 28

Сүхбаатарын талбайд энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд болж буй “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн худалдаа болж байна. Үзэсгэлэн өнөөдөр "Хоршоологдын өдөр"-өөр үргэлжилнэ.

Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн худалдааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Харин энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар, Олон улсын худалдааны төвтэй хамтран Улаанбаатар хотноо болж буй “Дэлхийн экспортыг дэмжих форум”-ын хүрээнд зохион байгуулж байна.

Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортлогч аж ахуйн нэгжүүд, олон улсын төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэг авсан аж ахуйн нэгжүүд болон гадаадын экспортлогчид энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр бүтээгдэхүүнээ олон нийт, хөрөнгө оруулагч, худалдааны түнш байгууллагуудад танилцуулж буй. Арьс шир, ноос ноолуур, органик хүнс, оёмол бүтээгдэхүүн, мэдээллийн технологи болон гар урлалын чиглэлээр дотоод, гадаадын нийт 200 гаруй аж ахуйн нэгж энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож байна.

Дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, тэдний үйл ажиллагааг дэмжих зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн зургадугаар сард “Олон улсын жижиг, дунд үйлдвэрийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

Хөгжиж буй орнуудын зах зээлийн хувьд ихэнх албан ёсны ажлын байрыг ЖДҮ эрхлэгчид бүрдүүлдэг буюу арван ажлын байр тутмын долоог бий болгодог. Дэлхийн Банкны тооцоолсноор 2030 он гэхэд өсөн нэмэгдэж буй ажиллах хүчийг шингээхэд 600 сая ажлын байр шаардлагатай болох бөгөөд дэлхийн олон орны Засгийн газар ЖДҮ-ийн хөгжлийг тэргүүлэх зорилтоо болгосноор энэхүү хэрэгцээ шаардлагыг  хангана гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top