“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн худалдаа өчигдрөөс /2023.06.26/ Сүхбаатарын талбайд үүдээ нээлээ.
Арьс шир, ноос ноолуур, органик хүнс, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, мэдээллийн технологи болон гар урлалын чиглэлээр дотоод, гадаадын нийт 200 гаруй аж ахуйн нэгж энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Ингэснээр экспортын шилдэг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчийн гарт хямд үнээр, нэг дороос хүргэх боломжийг олгож байгаа юм.
Нөгөө талаар, энэхүү үзэсгэлэн худалдаа хөгжиж буй орнуудын худалдаа, экспортыг дэмжих, жижиг үйлдвэрүүдийг бараа бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах, дэлхийн бүс нутгийн нэмүү өртгийн сүлжээнд нэгтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.
Дашрамд өгүүлэхэд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас жил бүр зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэнг өнөө жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Дэлхийн экспортыг дэмжих форум”-тай хамтатгаж байна.
Дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, дэмжих зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассемблейгаас жил бүрийн зургадугаар сарын 27-ны өдрийг “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Энэ хүрээнд зохион байгуулж буй “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн худалдаа 28-ныг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 0 )