Парисын Дарь эхийн сүмийг сэргээн засварлахад зориулж 700 сая евро хандивлаад байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 17

Өнгөрсөн даваа гарагт /2019.04.15/ түймэрт өртсөн Парисын Дарь эхийн сүмийг сэргээн засварлахад зориулж хандив өргөх аянд дэлхийн улс орон, хувь хүмүүс идэвхтэй оролцож байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ дэлхийн соёлын өв болсон тус сүмийг таван жилийн дотор сэргээн засварлана хэмээн мэдэгджээ.

Парисын ширээт лам Мишель Опети Нотр-Дам сан Парисын Дарь эхийн сүмийг сэргээн засварлахад өргөж буй хандивыг хүлээн авах олон улсын зохицуулах системийг бий болгосон талаар мэдээлжээ. Нотр Дам дэ Пари галд өртсөнөөс хойш нэг хоногийн дотор нийт 700 гаруй сая еврогийн хандив цуглараад байна.

Францын тэрбумтан Франсуа-Анри Пино анхны 100 сая еврогийн хандив өргөсөн бол L'Oreal компани болон түүнийг үндэслэн байгуулсан гэр бүлийн “Бетанкур-Шуллер” сан 200 сая евро хандивлажээ.  

Дэлхийн алдартай удирдаач, хийлч Андре Рье 700 тонн ган хандивлахаа мэдэгджээ. Тэрбээр дэлхийгээр аялан тоглох үеэр ийм хэмжээний ганг Шенбрунн цайзын хувилбарыг босгоход ашиглаж байжээ.

ЮНЕСКО түймрийн улмаас дэлхийн соёлын өвд учирсан хохирлын хэмжээг тогтоох шинжээчдийн баг ирүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлээд байгаа бол Их Британи, ОХУ зэрэг улс орнууд мөн тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдээд байна.

Нотр Дам дэ Пари түймэрт өртсөнөөс хойш Виктор Гюгогийн “Парисын Дарь эхийн сүм” роман Amazon худалдааны сайтын хамгийн борлуулалт сайтай номын жагсаалтад орсон бол Парисын хөтөч номын эрэлт өссөн байна.

Өнгөрсөн даваа гарагт дэлхийн соёлын өв болох Парисын Дарь эхийн сүм галд өртөж, сүмийн орой, дээвэр шатсан. Түймрийг унтраахад 400 гал сөнөөгчид ажиллаж, есөн цагийн дараа түймрийг бүрэн унтрааж чадсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top