“КАТАР-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тоглолт энэ жилийн зургаадугаар сараас 2022 оны гуравдугаар сар хүртэл үргэлжилнэ. Ази тивийн урьдчилсан шатны тоглолт зургаадугаар сарын 6-нд болон 11-нд болох юм.
Өнөөдөр 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ний урьдчилсан шатны эрхийн төлөө тоглох багуудыг тодруулах сугалааны үйл ажиллагаа Малайз улсын нийслэл Куала Лумпур хотод явагдлаа.
“Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын шигшээ баг дэлхийн чансааны 194-р байрт бичигдэж байгаа Брунейн багтай учраа таарлаа. Эхний тоглолт зургаадугаар сарын 6-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод, хариу тоглолт зургаадугаар сарын 11-нд Брунейн Бандар Сери Бегаван хотод явагдана” гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ. Дэлхийн чансаа Монгол 187, Бруней 194-т бичигдэж байна.
Сугалааны дараа Брунейн шигшээ багийн дасгалжуулагч Жон Виттл “Их хүнд сугалаа таарлаа. Мэдээж энэ шатны бүх багууд чанга ч бидний хувьд Монгол бол хэцүүхэн өрсөлдөгч. Тэд Германы дасгалжуулагч ажиллуулж, сүүлийн жилүүдэд амжилт нь өссөөр байна” гэж ярьсан байна. Брунейн шигшээ багийн ахлагч Фаяк Жефри Болкиа Английн Премьер лигийн “Лестер сити” клубт харъяалалтай бол бусад тоглогчид нь дотоодын лигтээ тоглодог гэнэ.
Хэрэв Брунейн шигшээ багийг ялах юм бол урьдчилсан тоглолтын хоёрдугаар шатанд шалгарна. Тэгвэл Иран, Япон, БНСУ, Австрали, Саудын Араб гэх мэт Азийн шилдгүүдтэй тоглох сайхан боломж гарах юм.
Сэтгэгдэл ( 0 )