Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль магистрын элсэлтээ авч байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 19

Монголын Үйлдвэрчний Холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль өнөөдөр /2019.04.19/ 21 дэх удаагийн төгсөлтийн баяраа тэмдэглэлээ. 1993 онд байгуулагдсан цагаас хойш 26 дахь жилийг ардаа орхисон тус сургууль тун удахгүй 32 дахь хичээлийн жилтэйгээ золгох гэж байна.

Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль нь Хөдөлмөр, нийгмийн харилцааны чиглэлээр бакалавр, магистрын түвшний сургалт явуулж, судалгаа шинжилгээний ажил эрхлэн явуулдгаараа  Монголдоо цор ганц билээ. Тиймээс төгсөгчдийн 95 орчим хувь нь Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Үндэсний аудитын газар, банк, санхүү, татварын байгууллага, төрөл бүрийн бизнесийн байгууллага, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгааллын төвүүд зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, тэдгээрийн хэлтсүүд, орон нутгийн салбар, аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийнхээ дагуу үр бүтээлтэй ажилладгаараа тун онцлог билээ.

Мөн тус сургууль нь ОХУ-ын Хөдөлмөр, нийгмийн харилцааны академи, Өвөр Монголын Ажилчны ерөнхий эвлэлийн Кадрын сургууль, Олон улсын Хөдөлмөрийн байгууллага, Олон улсын ажилчдын боловсролын байгууллага, Сингапурын Хөдөлмөрийн институт, Беларусын Хөдөлмөр, нийгмийн харилцааны академи, Вьетнамын Хөдөлмөр, нийгмийн харилцааны сургууль, Бүх Хятадын Үйлдвэрчний эвлэлийн холбооны  их сургууль гээд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гадаадын их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж, амжилттай суралцаж байгаа  оюутнуудаа туршлага судлуулах,  суралцуулах ажлыг зохион байгуулсаар иржээ.

Одоогоор тус сургууль гурван тэнхимтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Увс, Дорноговь аймагт салбар сургуулиа байгуулж амжээ. Бакалаврын түвшинд өдөр, орой, эчнээ хэлбэрээр, мөн ахисан түвшний магистрын  сургалтаа 500 гаруй оюутан, 30 шахам эрдэмтэн багштай аж. Нийт багшлах бүрэлдэхүүний 30 орчим хувь нь докторын зэрэгтэй бөгөөд эрдмийн зөвлөл, эрдэмтэн нарийн бичгийн дарга хяналт шинжилгээ үнэлгээ, гадаад харилцаа,  захиргаа аж ахуй, үйлчилгээний нийт 40 гаруй ажиллагсадтайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

Нийгэмд эрэлт хэрэгцээтэй Хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл мэндийн бакалаврын сургалтаараа анхдагчид тооцогдох тус сургууль ХАБЭМ-ийн магистрын хөтөлбөртөө ирэх тавдугаар сарын 01-н хүртэл элсэлтээ авах аж. Сургуулийн  үүсгэн байгуулагч нь МҮЭХ  учраас үйлдвэрчний эвлэлийн байгууллагын боловсон хүчин бэлтгэх нэр хүндтэй үүргээ чанартай биелүүлэн, үе үеийн залгамж халааг чадварлаг мэргэжлийн боловсон хүчнээр хангасаар ирлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Д.Майннэгэн(66.181.161.35) 2019 оны 07 сарын 02

танай сургууль нийгмийн ажилтаны анги байна уу

0  |  0
Top