Байгаль орчин, аялал жуулчлын яамнаас Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл доор “Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт” үндэсний чуулганыг 2019 оны 04-р сарын 22-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна.
Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлж, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен чуулганд оролцогчдод зориулж мэндчилгээ дэвшүүллээ.
Чуулганд төрийн болон төрийн бус байгууллагууд, аялал жуулчлалын мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн аж, ахуйн нэгжүүд, эрдэмтэн судлаачид, орон нутгийн төлөөллөөс бүрдсэн нийт 800 гаруй төлөөлөгчид оролцож байна.
“Түүхэн аялал жуулчлал ба хөрөнгө оруулалт” чуулганаар “Чингис хаан өв соёлын хүрээлэн”, “Аялал жуулчлал 20:1”, “Аялал жуулчлалын бүсчилсэн хөгжил”, “Аялал жуулчлалын дэд бүтцийн хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх боломж” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлж байна.
Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Түүхэн аялал жуулчлал ба хөрөнгө оруулалт”илтгэлдээ Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж, Дэлхийн нийт бүтээгдэхүүний 10 хувь, экспортын 7 хувь, үйлчилгээний экспортын 30 хувийг тус тус бүрдүүлж, ажил эрхэлж буй 10 хүн тутмын 1 нь тус салбарт ажлын байраар хангагдаж, тэр дундаа Ази,номхон далайн бүс нутгийн ДНБ-ий 9,8 хувийг, нийт ажлын байрны 9,3 хувийг тус тус аялал жуулчлалын салбар бүрдүүлж буй үзүүлэлттэй байна.
НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан статистик мэдээллээс үзэхэд 2017 онд олон улсад 1,3 тэрбум жуулчин аялж, тэдгээрээс 1,4 их наяд ам.долларыг зарцуулсан бөгөөд үүнээс 323 сая жуулчин Ази, номхон далайн орнуудад аялж, 390 орчим тэрбум ам.долларыг зарцуулжээ. Цаашид 2030 он гэхэд олон улсын аялагчдын тоо 1,8 тэрбумд хүрэх бөгөөд үүнээс хамгийн өндөр өсөлтийг Ази, Номхон далайн орнуудыг зорих жуулчдын тоо эзлэх төлөвтэй байна.
Монгол Улсын хувьд 2018 онд анх удаа хагас сая гаруй буюу 529 мянган гадаад жуулчин хүлээн авч, дотоодын эдийн засагт 569 сая ам.доллар буюу 1,5 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй 270 орчим тур оператор компани, 460 гаруй зочид буудал, 400 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж 34 мянга орчим ажлын байрыг бий болгосон байна.
Монгол Улсын Засгийн газраас “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” зэрэг бодлогын баримт бичгүүдэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх замаар “Аялал жуулчлал”-ыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлж, улмаар 2020 он гэхэд Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын тоог 1 саяд, аялал жуулчлалын салбарын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлсэн билээ.
Энэ ажлын хүрээнд нэн тэргүүнд Зүүн бүсийг Түүхэн аялал жуулчлалын бүс болгох хөгжүүлэхээр зорьж, тэр дундаа Их эзэн Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймгийн Чингис хаан, Нууц товчоотой холбоотой түүхэн газар нутгуудад түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлуудыг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Улсын төсвийн 5,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Биндэр суманд Их Монгол Улс, Монголын эзэнт гүрэн, Хэнтий аймгийн Батноров суманд Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө, Хэнтий аймгийн Норовлин суманд Шихихутаг нууц товчоо түүхэн аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулах ажлыг эхлүүлсэн гэдгийг онцолсон юм.
Мөн Аялал жуулчлалын салбарт анх удаа 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Тогтвортой аялал жуулчлал” төслийг хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээрийг байгуулсан бөгөөд төслийн хүрээнд Их Эзэн Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан төслийг 19 сая ам.доллароор, Хөвсгөл аймгийн Хатгал, Ханх сумдад “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийг 19 сая ам.доллароор тус тус хэрэгжүүлэх юм.
Эдгээр төслүүд нь Монгол Улсад түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх төдийгүй олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчид төдийгүй хүүхэд, залуучуудад Монголын түүх, соёлын мэдээ, мэдээллийг үнэн зөвөөр танин мэдэх, сурталчлах боломжийг бүрдүүлэх, хамгийн гол нь орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, ажлын байрыг бий болгох, жуулчлалыг дагасан худалдаа үйлчилгээг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх замаар тогтвортой хөгжлийг цогцлоох боломжийг бүрдүүлэх, олон улсын хөгжлийн болон хандивлагч байгууллагууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн анхаарлыг хандуулахад энэ удаагийн үндэсний чуулганы зорилго оршино.
Эх сурвалж: БОАЖЯ
Сэтгэгдэл ( 0 )