Бичлэг: Ц.Цогтбаатар, О.Ууганбаатар хоёр Азийн аварга боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 22

АНЭУ-ын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Эхний 2 өдрийн байдлаар манай улсын шигшээ баг 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальтай, нийт 7 медальтай тэмцээнийг тэргүүлж байна.
 

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг, эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг жингийн барилдаанууд явагдаж дөрвөн бөх медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд Л.Сосорбарам мөнгө, 57 кг-д Л.Энхрийлэн хүрэл, эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Э.Ариунболд хүрэл, 66 кг-д Ё.Басхүү хүрэл медаль авлаа.
 

Харин тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 63 кг, 70 кг, эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг жингийн барилдаанууд явагдаж, манай гурван бөх алтан медалийн төлөө барилдаж, 2 нь Азийн аварга боллоо. Эмэгтэйчүүдийн 63 кг жинд барилдсан Б.Ганхайч эхний тойрогт гоц мөргөөд хоёрдугаар тойрогт Бахрейны Солтани Рим, хэсгийн аваргын төлөө Казахстаны Бердибекова Иолантаг давсан. Хагас шигшээд БНХАУ-ын жүдоч Тан Жинийг давсан ч аваргын төлөө БНХАУ-ын Ян Жунхиад ялагдаж, мөнгөн медаль зүүлээ.  
 

 

Эрэгтэйчүүдийн 73 кг жингийн С хэсгийг тэргүүлэн барилдсан Ц.Цогтбаатар дэлхийн аваргыг ялж, тивийн аварга боллоо. Цогтоо эхний тойрогт Ардчилсан Солонгос улсын Ким Чол Ваныг, хоёрдугаар тойрогт Бахрейн улсын жүдоч Мунаров Муборизыг ялж, С хэсгийн аваргын төлөө Австралийн Кноестер Калвинтэй барилдан цэвэр ялсан. Хагас шигшээд Ираны жүдоч Мохаммади Мохаммадыг 33 секундын дотор цэвэр яллаа. Тивийн аваргын төлөө барилдаанд түүнийг дэлхийн аварга БНСУ-ын Ан Чангрим хүлээж байлаа. ДАШТ-ийг оролцуулаад 3 унаад байсан өрсөлдөгчөө цэвэр давснаар Азийн аварга боллоо.  

Эрэгтэйчүүдийн 81кг жингийн С хэсгийг тэргүүлэн барилдсан О.Ууганбаатар эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Туркменистаны Башимов Парахат, дараа нь Узбекистаны Расулов Камолиддиныг ялж, хагас шигшээд Казахстаны Руслан Муссаевыг цэвэр давж, аваргын төлөө барилдахаар шалгарсан. Узбекистаны жүдоч Болтабоев Шарофиддинтэй барилдаан эхлээд вазари алдсан ч цаг дуусахаас 14 секундын өмнө цэвэр дарж, Азийн аварга боллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.169.110) 2019 оны 04 сарын 30

Цогтбаатар ч мундаг шүү. Олимп, дэлхийн аварга болоорой.

1  |  0
Top