“Капитал” банк оюутнуудын төлбөр зургаан тэрбум төгрөгийг бас авчихаж

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 22

 “Капитал”-ын С.Дэлгэрцэцэг Анагаахын захирал асан Г.Батбаатарт хамгийн өндөр буюу

17.2 хувийн хүү санал болгосноор 12 тэрбум төгрөг байршуулжээ

“Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг. Сүүлийн үед дуулиан шуугианы гол давалгаа болоод буй “Капитал” банк дампуурсан даруйд олон зүйл нийгэмд ил боллоо. Юуны өмнө УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ нэгэнт дампуурлын ирмэгт ирчихсэн банкыг даатгалын мөнгөөр “угжсан” ч гэх шиг. Алдарт ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн 47 тэрбум төгрөг ч байх шиг.  Дуулиант Г.Алтангийн их хэмжээний мөнгө ч гэх шиг. Тэр ч бүү хэл үндэсний их сургуулиудын оюутны сургалтын төлбөр болох олон тэрбумаар хэмжигдэх мөнгө тус банктай хамт дампуурсан нь ч ил боллоо. Хамгийн гол нь эцэг эхчүүдийн хүүхдээ сургах гэж “зүдэрсэн” мөнгө ийнхүү салхинд хийсэхдээ тулчихсан байгаагийн бурууг хүү хүүлэх гэсэн сургуулийн захиралд тохох уу, эрсдэлээ нөхөх гэсэн банкинд тохох уу гэдэг асуудал зүй ёсоор тулгарч байна. Ямартай ч төлж сурснаараа өндөр дээд төр маань төлнө гэж найдахаас өөр аргагүй. Төр ч юу байхав, татвар төлөгч бид.

Учрыг тодотговол, АШУҮИС-ийн захирлаар ажиллаж асан Г.Батбаатар, Санхүү эдийн засгийн газрын дарга Э.Содномжамц нар 2016, 2017 онд “Капитал” банктай 2200001216, 2112002831, 2212000002 дугаартай тус тус мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж, нийтдээ 12 тэрбум төгрөгийн харилцах хадгаламж байршуулсан байна. Энэ нь мэдээжийн хэрэг оюутнуудын төлбөрийн мөнгө. Чухам үүнийг ямар зорилгоор дампуурч буй банкинд хүү хүүлэх замаар байршуулсныг өдгөө барин тавин батлах зүйл алга. Их дээд сургуулиуд аль нэг арилжааны банктай хамтран ажилладаг жишиг байдаг ч үүнийг өөрөөр тайлбарлах хүмүүс цөөнгүй байгаа учраас хөндсөн хэрэг. Ямартай ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Капитал банкны үйл ажиллагаа доголдоод дөрвөн жил болсон” гэдгийг дуулгасан. Тэгэхээр “Капитал” нь 2015 онд лавтай дампуурлын замдаа нэгэнт орчихсон байж. Ийм эрсдэлд орчихсон банкыг их хүү амлахаар нь нүдээ аниад мөнгөө хийчихсэн мэт. Түүнээс биш оюутнуудын сургалтын төлбөр болох тэр их хэмжээний мөнгийг ямар ч судалгаагүй байршуулах нь байж болохгүй зүйл. Хадгаламж эзэмшигч хувь иргэн бол өөр хэрэг, банкны салбарт удаа дараа хамтран ажиллаж байсан үндэсний хэмжээний их сургууль ийм алдаа гаргасан гэдэгт ч итгэх хүн ховор. Хувийн эрх ашгийн үүднээс тус банктай ямар нэгэн тохироо хийсэн байхыг үгүйсгэхгүй хардлага ч нийгэмд дүрэлзэж байна.

Нөгөө талаар Хүн ам, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан С.Эрдэнэ тус банкинд дэмжлэг үзүүлж даатгалын ихээхэн мөнгө байршуулсныг хэвлэлүүд онцолж байгааг нотлох гэсэнгүй. Гэхдээ тус банкинд  Тэтгэврийн даатгалын хүрээнд 104 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалаас 134.9 тэрбум төгрөг байгаа нь баттай эх сурвалжийн мэдээлэл байгааг хардахгүй өнгөрөх аргагүй. Тэгэхээр даатгалын сангийн энэ их мөнгийг хэн гэдэг эрх мэдэлтэн үйл ажиллагаа нь доголдсон банкинд байршуулахыг зөвшөөрөв гэдгийг  ч шалгах биз ээ. Байдал нь хүндэрсэн банкинд ийм хэмжээний мөнгийг өгч байгааг шууд утгаараа хууль бус дэмжлэг гэж харахаас өөр аргагүй. Төрийн чиг үүргийн яам ямар ч судалгаа баталгаагүй түмний тэр их мөнгийг мангасын ам руу цутгаж байгааг хуйвалдаан гэж ойлгоход ч багадна.

Тэгэхээр үүнийг хойш тавьж, “Капитал” банк АШУҮИС дунд болж өрнөсөн үйл явцын талаар баримт түших нь зүйн хэрэг болно. Өнгөрөгч 2016 оны наймдугаар сарын 27-ны өдөр “Капитал” банкны Байгууллагын харилцааны газрын дарга С.Дэлгэрцэцэг АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарт хамтран ажиллах хүсэлт илгээжээ. Мэдээжийн хэрэг чанаргүй зээл нь хэмжээнээсээ давсан, хяналтад орж, үйл ажиллагаа нь нэгэнт доголдсон банк мөнгө татах тал дээр анхаарах нь юу юунаас илүү байсан биз. Тиймээс л тус банк үндэсний томоохон сургуулиудын оюутны төлбөр гэх хэдэн тэрбумаар хэмжигдэх мөнгө байгааг “шиншилсэн” бөгөөд том сургуулиудад хамтран ажиллах санал илгээж эхэлсэн байна. Нөгөө талд оюутны сургалтын төлбөрөөс хүү хүүлэх санаархалтай удирдлагууд байдгийг ч яахин мартах билээ. Түүний нэгээхэн жишээ нь АШУҮИС-ийн тухайн цагийн удирдлагууд гэхэд болно. Ийм л үед Г.Батбаатар захирал Санхүү, эдийн засгийн газрын даргаа банк бүрт илгээж, хаана өндөр хүү байгааг судлуулж байж, “Капитал” банк ч өөртөө мөнгө төвлөрүүлэх харилцагч хайхаас өөр гарцгүй, дотоод мэдээллээ чандлан нууцалсан ийм үе таарч. Тиймээс С.Дэлгэрцэцэг дарга Г.Батбаатарт хүргүүлсэн санал хүсэлтдээ банкаа чамгүй магтахын зэрэгцээ “Бид та бүхэнтэй хамтран ажиллах чин хүсэлтэй байгаа бөгөөд харилцах данс нээлгэх, мөн ажилчдыг картжуулан цалин тавьж олгох, сургалтын төлбөр, үндэсний тэтгэлдэг буюу оюутнуудад олгодог 70.000 төгрөгийг манай банкаар дамжуулах болон бусад гэрээ хэлцлийг байгуулан хамтын ажиллагаагаа эхлүүлэх хүсэлтийг хүлээн авч нааштайгаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн бичиг илгээсэн нь баримтаар бий. 

Тухайн үед Э.Содномжамц дарга захирлынхаа даалгавраар өндөр хүүгийн эрэлд мордож, банкуудаар явж судлахад “Хаан” банк 16.6 хувийн хүү, “Голомт” банк 15.5 хувийн хүү, “Чингис” банк 16.8 хувийн хүү тус тус санал болгосон бол дампуурлын ирмэгт нэгэнт ирчихсэн “Капитал” банкны Байгууллагын харилцааны газрын дарга С.Дэлгэрцэцэг хамгийн өдөр буюу 17.2 хувийн хүү санал болгожээ. “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэдэг энэ. Хардаж үзвээс банкны байдал хүндэрсэн эсэхийг тунгаахыг огт хүсээгүй бололтой. Ямар нэгэн тохирооны үндсэн дээр нүдээ анисан байхыг үгүйсгэх арга алга. Ингээд тус сургуулиас эхний ээлжийн хоёр тэрбум төгрөгийг тус банкинд байршуулахаар болсон байдаг.

Тэртээ тэргүй өндөр хүүний эрэлд мордсон Э.Содномжамц дарга “Хаан банктай байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээ дууссан тул “Капитал” банкинд нэг жилийн 17.2 хувийн 2.0 тэрбум төгрөг байгуулах нь зүйтэй байна” хэмээсэн албан бичгийг 2017 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр үйлдэж байжээ. Дахин хэлье. Сангийн сайдын хэлснээр 2015 онд үйл ажиллагаа нь нэгэнт доголдоод эхэлчихсэн банк шүү дээ. Ингэж л түмний үрсийн сургалтын төлбөр гурван тоот дансаар нийтдээ 12 тэрбум болон үржигдсэн учиртай. Харин одоо үлдэгдэл дөрвөн тэрбум төгрөгийг хэрхэн хэзээ яаж барагдуулах вэ гэдэг нь тодорхой бус байна. Яагаад гэхээр Монголбанкны өгч байгаа мэдээллээс харахад 20 сая төгрөгөөс дээш хадгаламж эзэмшигчдийн мөнгө эрсдэлд орохгүй гэж мэдэгдсэн ч тусгай графикийн дагуу олгоно хэмээсэн. Эх сурвалжийн өгсөн мэдээллээс харвал Анагаахын сургуулиас гадна МУБИС-ийн хэдэн тэрбумаар тоологдох мөнгө бас банктай хамт дампуурчихаад байгаа юм.

Иймд АШУҮИС-ийн удирдлагаас  БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс дэмжлэг хүсэх тухай албан бичиг илгээжээ.  Тус хүсэлтэд “...тус банкинд байршуулсан 12 тэрбум төгрөгийг татан авах хүсэлт удаа дараа тавьж, найман тэрбум төгрөгийг татан авч АШУҮИС-ийн бүтээн байгуулалтад зарцуулж байгааг үүгээр мэдэгдэе. Өнөөдрийн байдлаар Капитал банкинд дөрвөн тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, сургуулийн зүгээс мөнгөө буцаан авах бүхий л арга хэмжээг авсан ч Капитал банк төлбөрийн чадваргүй учраас санхүүжилт авч чадалгүй өнөөдрийг хүрсэн ” гээд салбарынхаа сайдаас энэхүү мөнгийг буцаан авахад тусламж хүсчээ.

Одоо бидэнд байгаа мэдээллээс харвал банкинд 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай 800 гаруй харилцагчийн 42 тэрбум, Нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл 101 тэрбум, тэтгэврийн даатгалын хүрээнд 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалаас 134.9 тэрбум, Хөгжлийн банкны 52 тэрбум, ЖДҮ-ийн 47 тэрбум, АШУҮИС, МУБИС-ийн зургаан тэрбум төгрөг тус тус байгааг дуулгасан. Тэгэхээр дээрх мэдээллээс харвал 400 орчим тэрбум төгрөгийг төр төлөхөөс өөр аргагүй байдалд орчихсон байна. Яагаад гэхээр үүнийг хянаж зохицуулж байх ёстой Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо гээд төрийн мэдлийн эрх бүхий байгууллагууд ажлаа хийгээгүй байна гэсэн үг. Нэгэн салбар нэгж болох “Капитал”-ын үйл ажиллагаа доголдоод олон жилийн нүүр үзэж байхад чухам юугаа хийж байсан юм бол. Урьд өмнө “Анод”-ыг ч гэнэт ийн дампууруулсан гашуун түүх бий. Сангийн сайд нь ч “Капитал банк 2015 оноос хойш төлбөр хийх чадваргүй болсон” хэмээн мэдээлэл хийгээд зогсч байгаа нь ч зүйд нийцэх үү, үгүй юу. Өдгөөгийн Сангийн сайд 2015 онд Монгол Улсын мөнгөний авдарны түлхүүрийг атгаж байгаагүй ч УИХ-ын гишүүний бүрэн эрх эдэлж байсан. Тус банк нь УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн 2018 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгт 99.7 хувийг эзэмшдэг хэмээн байдаг ч эрхэм гишүүн “надад хамаагүй” хэмээн нэг гүрийж, “үүнд улс төр орсон” хэмээн мэлзэж буй. Ямартай ч хамгийн үнэн зөв мэдээлэл бүхий АТГ-аас мэдээлдэг энэ баримтад Б.Ундармаа нь “Капитал” банкыг 99.7 хувь эзэмшдэг гээд заасан учраас түүнтэй яах аргагүй холбогдож таарна. Эрхэм гишүүний Хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад түүний нэр дээр ББСБ, барилгын  компани гээд 26 ААН бүртгэлтэй байгаа юм. Тэгэхээр өдгөө тодорхой болоод буй 400 тэрбум төгрөгийг төлчих бэл бэнчин харагдана. Алийн болгон ихэс дээдэс идэж, ард түмэн төлөх юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Huraa!(98.113.248.233) 2019 оны 04 сарын 22

Buh tolboriig ni Kapital banknii ezengeer toluul. Ter ochnoon olon bishrelt kompany ger oron bayan oron suutsnuudiig ni huraa. Ter Bolormaa geed baigaa duugiinh ni emiin uildver san bolon Bishrelt company-g ni huraa!

0  |  0
matilda(156.0.212.13) 2019 оны 04 сарын 22

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай тулгардаг, банкны хоригдол, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359

0  |  0
ИРГЭН(202.179.26.234) 2019 оны 04 сарын 22

ЭНЭ БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВЦЫГ ӨНӨӨГИЙН ӨНДӨРЛӨГӨӨС ХАРАХАД ЭРТНЭЭС БЭЛДСЭН ЕРДИЙН НЭГ ЛУЙВРИЙН ТОГЛООМ БАЙЖ ГЭДЭГ НЬ ИЛ БОЛЖ БАЙНА.СҮҮЛИЙН АЛХМАА ХИЙЧИХЭЭД ТӨРӨӨР ТӨЛҮҮЛЖ ОРОЛЦОН ТОГЛОГЧИД ХЭДЭН ЖИЛИЙН ТОГЛОСОН МӨНГӨӨ ӨВӨРТЛӨӨД БАЯРТАЙ.ТӨР СҮР ДУУЛИАНТАЙГААР ДАМПУУРЛИЙ НЬ ЗАРЛААД ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ ДАШИЙН ШОГ.ЭРДЭНЭТИЙН ЛУЙВРИЙН СХЕМ АДИЛХАН.ГАНЦХАН МӨНГӨН ДҮН Л ӨӨР БАЙГАА.ТӨР ШУДАРГА БОЛЖ БАЙГАА НЬ ҮНЭН БОЛ ЭНЭ МЭТЭД ТӨМӨР НУДАРГАА ҮЗҮҮЛЖ АРД ИРГЭДЭЭ ХАМГААЛАХ ЁСТОЙ.ХАРАХ Л ҮЛДЭЖ БАЙНА.

0  |  0
Nergui(73.252.146.109) 2019 оны 04 сарын 22

Capital zeeleer yaj luuvar hiisniig MB medseer baij hudluuguu olol jil yavsan zeeliin zahiral ni yaj ter olon jil shalgaltuudiig ni davaad garaad irseng jaahan uhaad uzuul ih l sonirhol tatam zuuluud bii dee, zeelgui kompani hurtel zeeltei boltson baihgui gazar genet baishin bosood gerchilgeetei boltson gee daan ta nar medkuuldee 2013[2014 ond ih l bantan bsn odoo bur gaihaltao nuuj daldlaa bizee

0  |  0
nergyi(202.179.22.229) 2019 оны 04 сарын 22

za odoo naad huugiin mongiig yaj zartsuulsan ih sonirhol tatna dansana n orsan uu zabshisan uu shalgaad uzeh heregtei dee

0  |  0
Top