ТОЙМ: Гурван ХЯМРАЛ давсан банкны салбар

2019 оны 04 сарын 11

Капитал банк татан буугдсантай холбоотойгоор банкны системд хүндрэл үүсэхгүй ч арилжааны 14 банкны нэг ийнхүү үүдээ барьж буйтай зэрэгцэн банкны салбарын өчигдөр хийгээд өнөөдрийн нөхцөл байдал зүй ёсоор анхаарал татаж байна. Манай улсын тухайд 30 шахам жилийн хугацаанд банкны салбар эдийн засгийн ачааны хүндийг үүрч дүүрч ирснийг дурдах хэрэгтэй байх. Уг нь банк, даатгал, хөрөнгийн зах зээл гэсэн гурван сектор жигд хөгжиж гэмээнэ  санхүүгийн системийн иж бүрдлийг эрүүл байна гэж дүгнэдэг. Тэгвэл 1990 оноос хойш өнөөдрийг хүртэлх он жилүүдэд санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг банкны сектор дангаараа бүрдүүлж ирсэн. Эдийн засаг дахь энэ үнэмлэхүй нөлөөлөл нь банкны секторт  давуу болон сул талын аль алийг дагуулж байдаг.

Монголын арилжааны банкуудад дутагдаж буй хөрөн­гийн хэмжээ 513 тэрбум төгрөг байна гэсэн тооцооллыг Чехийн PWC компани хийсний дараа Монголбанкнаас өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагыг арилжааны банкуудад хүргүүлж байв. Энэ хүрээнд 2018 оны эхний есөн сарын байдлаар системийн хэмжээнд таван  банк 140 тэрбум төгрөгөөр хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсэн. Банкуудаас өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх хүсэлтүүд ирж буйг Төв банкны зүгээс мэдэгдэж байлаа. Тэгвэл 2018 оны IV улирлын байдлаар банкны секторын активын хэмжээ өмнөх улирлаас 6.5 хувиар өсч 33.1 их наяд төгрөгт хүрсэн. Активын өсөлтийг бүтцээр нь харвал банкны нөөц 46 хувь, дотоодын цэвэр зээл 4.7 хувь, үндсэн хөрөнгө 11.7 хувийн өсөлт үзүүлсэн байгаа юм. Харин төв банкны үнэт цаас 3.6 хувь, Засгийн газрын авлага 5.6 хувиар  буурсан. Төв банкны үнэт цаас болон Засгийн газрын авлага буурч байгаа нь банкны нөөц өндөр өсөлттэй гарахад нөлөө үзүүлсэн бөгөөд 2018 оны эцсээр улсын тө­сөв ашигтай гарсан нь банкны сектор дахь авлагыг бууруулах нөхцө­лийг бүрдүүлсэн. Нийт зээлийн 10.4 хувь нь чанаргүй зээл байгаа юм.

Банкны секторын өнөөдрийн дүр зургаас товч дурдахад ийм байна. Тэгвэл ӨЧИГДӨР-ийн буюу өнгөрсөн жилүүдийн нөхцөл байдлыг эргэн саная.

УНАЛТ ДАГАСАН УНАЛТ УУ, ЭСВЭЛ...?

Хоёр шатлалт банкны тогтолцоо бий болсноос хойшх хугацаанд буюу 1990-2011 онд манай улсад нийт 31 банк байгуулагдсан. Тэд­гээрээс 15 банк дампуурч, хоёр банк нэгдсэн байдаг. Банкны уналт гэдэг зөвхөн банкныхнаас хамаардаггүй. Улс төр, эдийн засгийн дархлааны асуудалтай хамаатай. Эдийн засгийн мөчлөгийн уналт банкны салбарт уналт дагуул­даг, компаниуд засаглалын зарчмаа барьж ажилладаггүй нь бас нөлөө үзүүлдэг гэхчлэн тал та­лын нөхцөл байдлыг шинжээчид, эдийн засагчид гаргаж тавьж ирсэн байна. Банкны секторын санхүүгийн байдал бодит салбарын санхүүгийн байдалд нөлөөлдөг учраас төл­бөрийн чадвартай, ашигтай банкны тогтолцоог дэмжилгүйгээр эдийн засаг оршин тогтнож, өсч  хөгжих боломж бүрхэг. Банк муу ажиллаж, компани бизнесийн салбарыг зээл, ажлын хөрөнгөөр хангаж чадахгүй бол компани болон бизнесийн салбарууд эдийн засгийн хувьд өсөхгүй эсвэл хязгаарлагдмал байдалд орж үр ашиггүй ажиллаж эхэлдэг гэдгийг гадны улс орнуудын жишээнээс харж болно. Тэгвэл манай улсад 30 шахам жилийн хугацаанд 16 банк дампуурч байгааг хэрхэн харах ёстой вэ? Банкны систем тогтворгүйгээс эрүүлжих тийшээгээ замнаж ирсэн гэж өнгөрсөн жилүүдэд дүн тавьж болно. Гэхдээ банкны тогтолцоонд хэд хэдэн сул тал байж ирснийг анзаарч байх нь зөв биз ээ.

Манай улсын эдийн засгийн мөчлөг 1990-1993 он, 1998-2003 он, 2009-2010 оны хооронд уналтын үедээ байсан аж. Тэгвэл эхний эдийн засгийн мөчлөгийн уналтын дараа буюу 1993-1996 онд нийт зургаан арилжааны банк эрсдэлд оржээ. Харин хоёр дахь уналтын үед буюу 1999-2000 онд нийт долоон арилжааны банкны үйл ажиллагаа унасан бол сүүлийн уналтын үед буюу 2008-2010 онд хоёр арилжааны банкны үйл ажиллагаа төлбөрийн чадварын эрсдэлд орсон байдаг.Эргээд харахад ерээд оноос хойш манай улсад хэд хэдэн удаа санхүүгийн хямрал үүссэн байдаг. Тэгвэл санхүүгийн хямралын нэг төрөл нь банкны хямрал. Банкуудын чанаргүй зээлийн хэмжээ өөрийн хөрөнгөөс их болсон буюу их хэмжээний зээлийн эрсдэл, тухайн зээлийг олгох шийдвэр гаргасан удирдлагуудын алдаатай шийдвэр нөлөөлсөн зэрэг шалтгаануудын улмаас олон арилжааны банк нэг зэрэг дампуурч, их хэмжээний алдагдал хүлээж, төлбөрийн чадваргүй болохыг банкны хямрал гэж үзэж болох юм. Арилжааны банкны гол эх үүсвэр нь хадгаламж байдаг учир банкны үйл ажиллагаа харилцагч хадгаламж эзэмшигчдийн итгэл дээр тогтдог онцлогтой. Тиймээс банкны байгууллага нь бусад бизнесээс илүү их хэмжээний эрсдэлтэй үйл ажиллагаа явуулдаг. Банкны үйлчилгээ өргөжин тэлэхийн хэрээр банкны үйл ажиллагаанд учрах эрсдлийн хэмжээ, төрөл ч нэмэгддэг. Манай улсын анхны арилжааны банкууд ихэвчлэн хадгаламж, зээл, төлбөр тооцоо гэх мэт нийтлэг үйл ажиллагаа явуулж байсан учир зээл, хөрвөх чадварын эрсдэлд их өртөж байсан байдаг. Тухайлбал, Монголын ууган арилжааны банкны нэг болох “Монгол хоршоо” банк 1993 онд их хэмжээний зээлийн эрсдэлд өртөж, төлбөрийн чадваргүй болсон. Энэ нь нэг талаас тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой байж болох ч нөгөө талаас банкны үйл ажиллагаа явуулж байсан мэдлэг, туршлага хомс, эрсдлийг үнэлэх арга аргачлал сул байсантай, мөн удирдлагуудын алдаатай бодлого, хяналт шалгалтын дутмаг байдал ч их хэмжээгээр нөлөөлсөн байдаг. Тэгвэл удирдлагуудын алдаатай бодлого, хяналт шалгалтын дутмаг байдал Анод, Зоос банкуудын дампуурал дээр давтагдаж байв.

Ер нь банк хямралд орох хүртэлх хугацаандаа ужгирсан их асуудлуудтай явдаг аж. Манай улсад 1993-1996 онд, 1999-2000 онд, 2008-2009 онд нийт ГУРВАН удаагийн банкны хямрал болсон гэж судлаач  Б.Мөнхзаяа үзсэн байдаг. Тодруулбал, ОУВС-гийн судлаачдын зүгээс санхүүгийн салбарын тогтвортой байдлыг тухайн жилд төлбөрийн чадваргүй болсон банкны тоо, банкуудын их хэмжээний алдагдал, ДНБ-ий бууралт, гадаад валютын ханшийн огцом өөрчлөлт, хөрөнгийн зах зээлийн индексийн бууралт гэсэн үзүүлэлтийг ашиглан судалсан судалгаанд үндэслэн Монголын банкны салбарын хямралыг гурван  үе шатанд хуваасан байдаг.

Нэгдүгээр үе шат буюу 1993-1996 он: Эдгээр жилүүдэд зургаан  арилжааны банк дампуурсан аж. Ер нь бол банкны сектор төдийгүй улс орны хувьд шилжилтийн үед байсан ба ДНБ буурч, чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хэмжээ өссөн нь банкны системийг хямралын үедээ байсан гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Хоёрдугаар үе шат буюу 1999-2000 он: Баянбогд, ММ Инвест, Монгол бизнес, Сэргээн босголт, Хотш, Эдийн тэнгэр, Экспорт импортын банкууд төлбөрийн чадваргүй болж дампуурчээ. ДНБ өмнөх оноос 66 хувиар буурч, арилжааны банкуудын чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хэмжээ 54,3 хувьд хүрсэн байна. Тухайн үед Засгийн газраас 100 тэрбум төгрөгийг төсвөөс гарган хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгожээ. Энэ үед үүдээ барьсан банкуудын цаана улс төрчдийн нөлөөлөл байсныг хэвлэлүүд бичдэг тул эдийн засгийн агуулга талаас хөндөх нь зөв биз ээ.

Гуравдугаар үе шат буюу 2008-2009 он: Зоос, Анод банкууд төлбөрийн чадваргүй болж, үүдээ барьсан. Эдгээр банкуудын хадгаламж эзэмшигчдэд “Банкны мөнгөн хадгаламж баталгаа гаргах тухай” хууль батлагдсантай холбогдуулан одоогийн байдлаар 225 тэрбум төгрөгийн  зардал гарган хохирлыг барагдуулсан. Энэ үед ДНБ өмнөх оноос 1.6 хувиар буурч, арилжааны банкуудын чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хэмжээ 17.4 хувийн үзүүлэлттэй байжээ. Банкны эдгээр хямрал тохиосон цаг хугацааг харахад эдийн засгийн мөчлөгийн уналтын үетэй давхцсан байдаг аж.

Эдийн засгийн мөчлөг 1990-1993 он, 1998-2003 он, 2009-2010 оны хооронд тус тус уналтын үедээ байсан байгаа юм. Тэгэхээр нэг талаас авч үзвэл эдийн засгийн мөчлөгийн уналтын үед банкны секторт хямралын сигнал дуугарч байсныг улс төрийн нөлөөлөлтэй холбож үзэх үндэслэлүүд бас бийг хэлэх хэрэгтэй. Тэгвэл Капитал банк үүдээ барьж буй энэ үед эдийн засгийн нөхцөл байдлыг харахад өсөлттэй байгаа. Тус банк  энэ оны хоёр­дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 28 салбар нэгж, 165,257 харилцах данс эзэмшигч, 56,164 хадгаламжийн данс эзэмшигчтэй, активын хэмжээгээр банкны системийн 1.1 хувийг бүрдүүлж байгаа юм. Хадгаламжийн даат­галын сангийн үлдэгдэл 421 орчим тэрбум төгрөг байгаа учраас, Капитал банкны харилцагчдын хувьд элдэв асуудал үүсэхгүй гэж холбогдох байгууллагууд мэдэгдэж буй. Мөн тус банкинд байршуулсан  Нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл 101 тэрбум төгрөг эрсдэлд орохгүй, Капитал банкны эрхийг хүлээж авч байгаа Монголбанкинд хандаж, графикийн дагуу хөрөнгийг барагдуулна гэж НХХ-ийн сайд С.Чинзориг хэлнэ лээ.

Дашрамд өгүүлэхэд, эдийн зас­­гийн мөчлөгийг түрүүлэгч инди­каторын тусламжтайгаар банкны хямрал болох үеийг урьдчилан мэдэх боломжтой гэсэн дүгнэлтийг судлаач хийсэн байдаг. Нөгөө талаас эдийн засгийн гол багануудын нэг банкны секторын дархлааг сайжруулах шаардлага үргэлж чухалд тавигдахын сацуу улс төрийн оролцоо, нөлөөллөөс ангид байх ёстойг дурдах нь илүүдэхгүй болов уу. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
pp(66.181.183.170) 2019 оны 04 сарын 18

munguu avyaaa.luivarchidaaa

0  |  0
itgen(59.153.114.167) 2019 оны 04 сарын 12

Bankni salbar achaanii hundiig uureh bish ashgiin ihiig ovortolson gevel unen nolno.

0  |  0
Top