Сэлэнгэ аймгийн хэмжээнд ӨНДӨРЖҮҮЛСЭН бэлэн байдал зарлалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 06 сарын 25

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Шаамар, Ерөө, Түшиг, Цагааннуур сумдад ой хээрийн түймэртэй байгаатай холбогдуулан Аймгийн Онцгой Комисс яаралтай хуралдаж, Сэлэнгэ аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа.
 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 4 суманд гарсан 5 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдөр /2025.06.25/ 09:00 цагийн байдлаар нэг түймэр цурманд, дөрвөн ойн түймрийн дуудлагатай байна. Тодруулбал,
 

  • Алтанбулаг сум Цөх 3-р баг “Доргон толгой” гэдэг газар гарсан ойн түймэр
     
  • Цагааннуур сумын Оргих 1 дүгээр баг Товхон хан уулын ар "Хоорондын ам" гэдэг газар гарсан ойн түймэр
     
  • Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг “Даваат” гэдэг газар гарсан ойн түймэр
     
  • Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг Ялбаг “Асгатын ам” гэдэг газар гарсан ойн түймэр
     
  • Түшиг сумын Жаргалмандах 1 дүгээр багийн "Самдан шовх" гэдэг газар гарсан ойн түймрийг 2025.06.24-ны өдрийн 19:05 цагт цурманд оруулжээ.
     


Ойн түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан нараар ахлуулсан Үндэсний аврах бригад, НОБГ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Алтанбулаг, Түшиг, Цагааннуур, Мандал, Ерөө сумын ЗДТГ, сумын мэргэжлийн анги, Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны болон орон нутгийн иргэд ажиллаж байна.

Иймд иргэн бүр сонор сэрэмжтэй байж, цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
 

Эх сурвалж: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Засаг(103.212.119.151) 2025 оны 06 сарын 26

Монголд амьдарч байгаа эрин зууны өнөөдрийн хүмүүс маш хариуцлагагүй, үйлдлээ хянадаггүйгээс гад түймэр энд тэндгүй гарах болжээ. Дор бүрнээ хариуцлагатай байгаад үз.

0  |  0
Close menu