Том тэмцээнд оролцож буй тамирчдыг их мөнгөтэй, жаргалтай амьдрагсад гэж боддог. Тэгвэл Дэлхийн чансааны 151-т бичигдэж буй Таро Даниел мэргэжлийн теннисийн элит тамирчдын амьдрал ч бусдын адил хатуу байдаг талаар ярьжээ.
Тэр одоо 32 настай. Япон гаралтай АНУ-ын Флоридад амьдардаг. “Их дуулга”-ын тэмцээнд 11 удаа оролцсоноос Уимблдонд 6 удаа тоглосон юм. Энэ долоо хоногийн сүүлчээр Уимблдон эхэлнэ.
Тиймээс Таро тэмцээнд оролцох эрхээ авчих гээд хичээж яваа. 2022 онд Австралийн нээлттэй тэмцээний хоёрдугаар шатанд алдарт Энди Мюррейг хожсоноор нь спорт сонирхогчид нэрийг нь тогтоож авсан байх. Тэр хожлынхоо төлөө 150 мянган еврогийн урамшуулал хүртсэн юм билээ. Монгол мөнгөнд шилжүүлбэл 621 сая төгрөг болно.
Ингэж олны анхааралд өртөм том ялалт байгуулсан ч гэлээ Тарогийн зардал нь орлогоосоо давдаг учир байнгын өртэй байдаг гэнэ. Ер нь ганц Тарогийн биш бусад чансаа багатай теннисчдийн зовлон ажээ.
“Би хэдхэн жилийн өмнө авокадо захиалаад авмаар санагдавч чаддаггүй байлаа. Яагаад гэвэл захиалахаар 3 ам.доллар илүү төлөх болчихно. Гэхдээ хэт их хэмнэх гэхээр эргээд бас сөрөг нөлөө гардаг юм билээ” хэмээн Таро ярьжээ.
Энэ жил гэхэд Австралийн нээлттэй тэмцээн болон Ролан Гаррост тэнцэж орж чадаагүй. Гэхдээ л жижгэвтэр тэмцээнд оролцоод 135 мянган паундын урамшуулал хүртээд амжжээ. Сонсоход их мөнгө шиг хэрнээ мэргэжлийн тамирчны хувьд бол юу ч болдоггүй гэнэ.
“Нэгд, мөнгөө бид гадаад улсад тэмцээнд оролцож олдог. Тэр улс татвар гээд багагүй хэсгийг нь авна. Тэмцээнийг зохион байгуулагчид тамирчны буудлын мөнгийг даадаг ч дасгалжуулагчийнх нь зардлыг даахгүй. Дасгалжуулагчийн байрлах буудал, ажлын хөлс, нааш цаашхи нислэгийн тийзийн үнэ гээд бүгдийг тамирчин өөрөө төлнө.
Ер нь тамирчин гэдэг жижиг компанитай төстэй. Гэхдээ ажилтнууд нь байнга ийш тийш явж байдаг. Үүнд их мөнгө гарна. Жирийн дундаж дасгалжуулагчийн жилийн хөлс, энгийн бэлтгэл сургуулилт бусад шаардлагатай жирийн хэрэглэгдэхүүн гээд тооцоход л 100 мянган ам.доллар орчим болно.
10 жилийн өмнө тэмцээнд оролцож эхэлж байхад арай ч ийм байгаагүй л юм. Олон тамирчин тэмцээнд ганцаараа ирдэг байлаа. Шалгуур ч ийм өндөр биш байж. Харин одоо бол тэмцээнд ганцаараа ирдэг тамирчин гэж бараг байхгүй.
Бүгдээрээ л хувийн дасгалжуулагчтай. Ийм байдлаас болоод тамирчид дампуурлын ирмэгт тулчихсан компанитай адил. “Их дуулга”-д оролцлоо гээд их мөнгө олно гэсэн баталгаа бас биш. Уимблдоны сонгон шалгаруулах тоглолт энэ долоо хоногт болно. Хэрвээ Уимблдонд оролцож чадвал орлого нэмэгдэж, замнал нь ахих найдлага бий болдог болохоор бүгд л маш их хичээдэг” гэж Таро ярьжээ.
Уимблдонд оролцох эрхээ авсан тамирчин эхний шатанд хожигдсон ч 66 мянган паунд хүртдэг гэнэ. Хоёрдугаар шатанд гарч чадвал 99 мянган паунд авна. Хоёрдугаар шатыг давчихвал 152 мянган паундын шагналтай байдаг ажээ.
Сэтгэгдэл ( 0 )