Европын Аваргуудын лиг эхэлж, хөлбөмбөгийн фанатуудын зүрх догдлон хайртай багийнхаа тоглолтыг үзэж эхэллээ. Энэ ч яахав, жил бүрийн л догдлол. Харин хөлбөмбөгийн энэ улиралд нэмж догдлох шалтгаантай болжээ. Тэр бол Туркийн хөтлөгч бүсгүй Эйсан Аксой.

Хэдхэн сарын дотор сошиалд олон мянган дагагчтай болж амжсан Эйсаны араас эрчүүд хөл алдан унаж, дурлаж биширсэн сайхан үгтэй сэтгэгдлээр “найрах” гэж оролдох болжээ.

Гэвч харамсалтай нь Эйсан хэзээ ч “найраа”-нд орохгүй. Яагаад гэвэл тэр хиймэл оюуны ухааны тусламжтайгаар бүтээсэн бодит биш бүсгүй.

Туркийн хоорондоо өш хонзонтой багуудын өмсгөлийг ээлжлэн өмсөж гарч ирээд байхад л фанатууд зүхэж, үзэн ядах бус харин ч бүр зүрхээ өлмий дор нь дэвсэж байгаа гэнэ.

“Чи яг сахиусан тэнгэр юм аа”, “Итгэмээргүй гоо үзэсгэлэнт минь”, “Зүрхний минь бүсгүй чи сайн уу. Гүнж минь, Султан Хатан хаан минь, хонгор минь” гэх сэтгэгдлүүд бол зүгээр жишээ.

“Ямар сайхан инээмсэглэдэг юм бэ? Үнэхээр тасархай юм аа, Эйсан” гэх мэтээр эрчүүд байдаг үгээ барах болжээ.

Эйсан ч эрчүүдийн толгойг эргүүлж, энд тэндгүй зугаалж, зураг оруулна. “Хүйтэн байлаа ч би тоохгүй. Яагаад гэвэл халуухан” гээд цасан дээгүүр нимгэхэн хувцастай алхаж буй зураг нийтлээд байхад л эрчүүд даардаггүй хиймэл хүн гэлгүй, мэдсэн ч мэдээгүй юм шиг шүтэн биширсээр байх аж.

Эйсаны гол зорилго бол дагагчдаа нэмэгдүүлж, мөнгө олох бололтой. Харин түүнийг хэн хаана урлаж, мөнгө олоод байгаа нь одоогоор тодорхойгүй байна.


Сэтгэгдэл ( 2 )
Shaa shaaa. Photoshop l bna
Царайлаг юмаа