ББСБ-ын зээлийн жигнэсэн дундаж хүү 42 хувь байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 25

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2025.06.25/-ийн хуралдаанаар Монголбанкан дахь Үндэсний баялгийн төрөлжсөн сангуудын зарцуулалт, үр дүнг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсэг болон Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай байнгын хорооны хоёр тогтоол баталлаа.

Хуралдаанд “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд танилцууллаа. ”Зээлийн хүүг бууруулах стратеги”-д тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлснээр зээлийн хүүг 2019 оны суурь түвшнээс 4 нэгж хувиар бууруулж, 2023 оны жилийн эцэст сарын 1 хувьд хүргэх зорилтыг тодорхойлсон бөгөөд 2023 оны байдлаар арилжааны банкны зээлийн жигнэсэн дундаж хүү 17,25 хувь, ББСБ-ын зээлийн жигнэсэн дундаж хүү 39,6 хувь, 2024 оны байдлаар арилжааны банкны зээлийн жигнэсэн дундаж хүү 16,61 хувь, ББСБ-ын зээлийн жигнэсэн дундаж хүү 42 хувь, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн зээлийн хүүгийн дээд хязгаар нь 54 хувьтай байна. Иймд стратегийн хэрэгжилт зорилтод түвшинд хүрээгүй тул зээлийн хүүг бууруулах хүрээнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэж ажлын хэсэг үзжээ. Түүнчлэн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж, холбогдох хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар уг ажлын хэсгийн санал, дүгнэлтийн үр дүнд тогтоолын төсөл боловсруулан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эзэмшлийн болон “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүртгэлтэй хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах бэлтгэл ажлын явц, хөрөнгийн үнэлгээний талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэдээллийг сонсож, байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр үүрэг чиглэл өгөв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu