NBA-гийн энэ жилийн драфтын нэг тодорхой болчихсон. Түүнийг “Даллас” авахын тулд драфтын эхний байраа хэнээр ч солихыг хүсэлгүйгээр хүлээсэн юм.
Жэйсон Кидд сарын хэнийг авахаа зарлачихсан. “Өөр багт очвол энэ хөвгүүнээс шууд л гайхамшигтай сайн тоглолтыг шаардана. Харин энд бол дарамт бага. Ахмад тоглогчдоос суралцах боломж их. Талбайн хоёр талд хоёуланд нь тэгшхэн сайн тоглодог ч гэлээ нас дэндүү бага байна. Сайн тоглох, замналаа зөв эхлэх замыг нь засаж өгөх хэрэгтэй” гэж Кидд сарын өмнө ярьсан юм. Түүнийг Күпэр Флэгг гэдэг.
“Дьюк”-ийн энэ залуу тамирчин NCAA-гийн Улирлын шилдэг тоглогчоор нэрлэгдсэн. Одоо NBA рүү тэмүүлж байна.
“NBA-гийн аль ч багт очлоо гэсэн би жаргалтай байх болно. NBA бол миний мөрөөдөл. Сэтгэл их догдолж байна. Сонирхолтой долоо хоног болох нь. Төрөл төрөгсөд, найзууд маань ч ирнэ. Миний нэрийг дуудна л гэж найдаж байна” гэж Нью-Йоркт болох драфтад оролцохоор өнгөрсөн пүрэв гаригт ирсэн Флэгг өгүүлжээ.
206 сантиметр өндөртэй залуугийн тухай Кармело Энтони “****, бид энд ийм цагаан залууг харалгүй удсан байна шүү” гэж уулга алдсан ч удаатай.
Харууд гэх үү, эсвэл өнгөт арьстнууд голчилсон лигт том цагаан залууг таатай хүлээж авах магадлал бага. Гэхдээ Флэггийг бол бүгд л хүндэлж, их юм хүлээх шинжтэй байгаа гэнэ. Яагаад гэвэл Флэгг олон таван үггүй, ажлаа хийсэн шиг хийдэг, хатуу тоглолттой ч элдэв жүжигчин зангүй.
Кэйтлин Кларк WNBA-д ирээд бужигнуулж буй ч гэлээ нэр муутай болох шинжтэй байгаа. “Би энд хүссэнээ хийнэ” гэж өрсөлдөгчтэйгээ хэрэлдэх юмуу эсвэл шүүгч рүү удаа дараалан хашхирч техникийн алдаа Кларк авсан бол Флэгг хожигдлоо ч элдэв авир гаргаж, хараалын үгс хэлдэггүй зантай.
“Дьюк”-ийнхэн үргэлж хэл ам таталж явдаг, олон таван үгтэй нөхдүүд байсаар ирсэн тул хорон санаатнууд шиг ад үзэгдээд сурчихсан. Харин Флэгг тэднээс их өөр гэнэ. Үүгээрээ олны хүндлэлийг хүлээж байгаа ажээ.
“Дьюк”-ийн Грэйсон Аллен бохир тоглолтоороо зартай бол Флэгг бохир тоглох, муу арга хэрэглэх гэдэггүй. Ер нь жүжиглэдэггүй. Зүгээр л хатуу ширүүн тоглолтод дуртай.
“Лейкерс”-ийн дасгалжуулагч Жэй Жэй Редик шидэлтээрээ хөгжөөн дэмжигчдийг соронз шиг татдаг байсан ч их зантайд нь хүмүүс дургүй байлаа. Флэгг тэгвэл өөртөө итгэлтэй л болохоос биш их зантай биш.
Дэнни Фэрри хөдөө тосгоны хүү шиг авиртай бол Флэгг даруухан залуу. Гэхдээ цаашдаа яаж эвдрэхийг нь хэлж мэдэхгүй л дээ.
“Дьюк”-ийнхнээс өөр нэг муу дүрийн гол баатар бол Кристиан Литтнер. Литтнерийг цагаан арьстнууд нь хүртэл үзэн яддаг гэдэг. Олон үгтэй, овилгогүй зантай, тохойлдоно, муу арга хэрэглэнэ, том том дуугарна. Литтнертэй арьсны өнгөнөөс өөр адилхан гэхээр тал байхгүй гэж хэвлэлүүд Флэггийг магтжээ.
Тиймээс Лхагва гаригийн орой “Даллас” драфтын нэгээр сонгоход хэн ч заалнаас “Наад цагаан арьсыг чинь хармааргүй байна” гэж зэвүүцэн хашхирахгүй бололтой.
Флэггийн улирлын үзүүлэлтийг эцэст нь дурдая. 500 оноо, 100 дамжуулалт, 30 блок нэг улиралд хийсэн нь “Дьюк”-ийн ойрын 25 жил хараагүй үзүүлэлт. Дунджаар 19.2 оноо, 7.5 самбар авсан нь 18 настай энэ залуугийн жинхэнэ чадварыг хагас хугас л илэрхийлэх гэнэ. Яагаад гэвэл гол чадвар нь талбайн нэг захаас нөгөө зах хүртэл нохой шиг зогсолтгүй, шантралгүй, цуцалтгүй гүйж чаддаг. Өрсөлдөгчийн довтолгоог нураах, таслахдаа муурны гэмээр совинтой. Огцом тэсрэлттэй хурд, үсрэлттэй, жижиг деталь хэсгүүдийг мэдрэх өндөр чадвартай. Бөмбөгийн төлөө яаж ч үсэрч унан тэмцэлдэж чадах шазруун, талбай аль ч цэгээс оновчтой шидчихдэг шидтэй гээд олон талаар түүнийг мэргэжилтнүүд магтаж, хөгжөөн дэмжигчид дэмжиж, бахдаж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )