Итгээд хадгалуулсан хэдэн төгрөгөө хүссэн үедээ аваад хэрэглэж чадахгүй болсон иргэд бухимдах нь аргагүй. Итгэлт баяны хэлдэг шиг “Тамирын голын мөсийг долоох шахам байж олсон жаахан хөрөнгө” нь дампуурсан банкинд дарагдаад үлдэх вий гэсэн айдас хүйдэстэй иргэд өчигдөр Монголбанкны үүдэнд жагсав. Капитал банкинд 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн төлөөлөл Хохирогчдын эрх ашгийг хамгаалах “Шударга” ТББ-тай хамтран Түр хороо байгуулж, Монголбанк болон АТГ-т шаардлага хүргүүллээ. Насаараа хөдөлмөрлөж, бага сага наймаа эрхэлж олсон хэдэн төгрөгөө Капитал банкинд хадгалуулсан хоёр хөгшин айдастай байгаагаа хэлнэ лээ. Амьдралын эрхээр хүний нутгийг зорьж, арав таван цаас наашаа илгээж, ах дүүгээрээ дамжуулан Капитал банкинд хадгалуулсан залуугийн сэтгэл тэнд зовинож суугааг ар гэрийнхэн нь хэлж байна. Улс төрчид шиг ЖДҮ-ийн мөнгө луйвардаагүй, шударга хөдөлмөрөөрөө олсон хэдэн төгрөгөө банкинд хадгалуулсан бид яагаад ийм эрсдэлд орж байна вэ гэдэг асуултын хариултыг тэд шаардаж байсан.
Тэгвэл Монголбанкнаас өчигдөр /2019.04.12/ мэдэгдэл гаргасан юм. Мэдэгдлээс эшлэхэд “Банкны эрх хүлээн авагч томилогдсоноор Капитал банкны үйл ажиллагааг зогсоон, тус банкны тайлан тэнцэл, хөрөнгийг хүлээн авахаар түргэн шуурхай ажиллаж байна. Капитал банкны тайлан тэнцэл, хөрөнгийг хүлээн авсны дараа 20 сая төгрөгөөс доош дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн нөхөн төлбөрийг ойрын хугацаанд Хаан банкаар дамжуулан олгоно. Аль салбараар олгохыг Хаан банкнаас зарлана. Та бүхний даатгалын нөхөн төлбөрийг Хадгаламжийн даатгалын сангийн эх үүсвэрээс яаралтай олгохын тулд Хаан банк, Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран ажиллаж байна. 20 сая төгрөгөөс дээш дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн нэхэмжлэлийг Банкны эрх хүлээн авагч удахгүй авч эхэлнэ. Шаардлагатай мэдээллийг цаг тухай бүр хүргүүлнэ. Иймд Капитал банкны харилцагчид Та бүхнийг тайван хүлээцтэй хандахыг хүсч байна” гэжээ.
Тэгэхээр Монголбанкны зүгээс 20 сая төгрөгөөс дээш хадгаламж эзэмшигчдийн мөнгө эрсдэлд орохгүй гэж мэдэгдэж байна. Иргэдийн хувьд энэ сайн мэдээ. Гэхдээ дагаж зайлшгүй яригдах ёстой асуудал бол төр засаг гэдэг чинь барагдахгүй их мөнгөний уурхай юм уу. Хэсэг бүлэг хүмүүсийн учруулж буй хохирлыг татвар төлөгчдийн мөнгөөр төр төлдөг явдал давтагдсаар байх уу гэдэг асуудал. Хэдхэн хоногийн өмнө Стандарт банкинд 40 сая ам.долларын өр төлсөн Монголын Засгийн газар ойрын хугацаанд Капитал банкны хадгаламж эзэмшигчдийн хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулах нь тодорхой боллоо.
Хохирогчдын эрх ашгийг хамгаалах “Шударга” төвийн тэргүүн Х.Оюунцэцэг хэлэхдээ “Капитал банкинд 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай 800 гаруй харилцагч байгаа гэсэн мэдээлэл бий. Тэдгээр хүмүүсийн хадгаламжийн дүн 42 тэрбум гэж байгаа. Хадгаламж эзэмшигчид энэ мөнгөө ямар арга замаар олж авах вэ гэдэг нь тодорхой бус байна. УИХ-ын гишүүн Б.Ундармаа Капитал банкны 99.7 хувийг эзэмшдэг. Энэ хүний нэр дээр дэлгүүр, ББСБ, барилгын компани гэхчлэн 26 том компани байдаг юм билээ. Хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгох үүднээс Б.Ундармаагийн компаниудыг, хөрөнгийг битүүмжлэх хэрэгтэй гэж үзэж байна” гэж байсан.
20 сая төгрөгөөс доош төгрөгийн даатгагдсан хадгаламжтай иргэдийн хувьд Хадгаламжийн даатгалын корпораци дахь мөнгөнөөс авчих учраас, цаг хугацааны хувьд л хүлээх асуудал байгаа. Хадгаламжийн даатгалын корпораци дахь хөрөнгө нь арилжааны банкуудаас татаж босгосон мөнгө учраас даатгалын давуу тал энд яригдаж таарна.
Харин даатгагдаагүй болон 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай нийт иргэдийн нэхэмжлэх мөнгө 40 гаруй тэрбум бол энэ мөнгийг төр хариуцаж таарах нь. Мөн үүнээс гадна Нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл 101 тэрбум төгрөгийг төр хариуцна.
ХНХ-ын сайд С.Чинзориг хэлэхдээ энэ хөрөнгө эрсдэлд орохгүй гэсэн. Гэхдээ тэрбээр “Капитал банкны эрхийг хүлээж авч байгаа Монголбанкинд хандаж, графикийн дагуу хөрөнгийг барагдуулна. Ямар эх үүсвэрээр барагдуулах нь Монголбанкны асуудал” гэж мэдэгдсэн. Тэгэхээр ачааг төр үүрэх нь ээ гэсэн үг.
Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өгч буй мэдээллээр төрийн ачаа улам хүндрэхээр байгаа юм. Тэрбээр Капитал банкны үйл ажиллагаа доголдоод дөрвөн жил болсон, үүнтэй холбоотойгоор Засгийн газарт хэд хэдэн өрийн дарамт үүсч байна гэж хэлсэн. Тодруулбал, Тэтгэврийн даатгалын хүрээнд 104 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалаас 134.9 тэрбум төгрөг. Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг.
ЖДҮ-ийн 47 тэрбум төгрөг. АШУҮИС, МУБИС-ийн зургаан тэрбум төгрөг тус тус Капиталд байршиж байжээ. Төрийн энэ олон тэрбумыг давуу эрх эдлэн өөртөө байршуулсан тус банк 2015 оноос төлбөр хийх боломжгүй болсон байсныг Сангийн сайд хэллээ.
Ингээд харахаар Капитал банкны дампуурлыг дагаж төрөөс гарах мөнгөний хэмжээ Стандарт банк руу шилжүүлсэн 40 сая ам.доллараас давсан тооцоолол гарч байна. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн 99.97 хувийн эзэмшилтэй Капитал банк төрд чамгүй хохирол үүрүүлэх нь. Өнгөрсөн жилүүдэд Капитал банкинд Нийгмийн даатгалын сан, Хөдөлмөр эрхлэлтийн сангийн мөнгө гэхчлэн төрд хамаатай тэрбум тэрбумаар тоологдох хөрөнгө байршсан нэртэй өдийг хүрчээ. Байршсан нэртэй гэхийн учир нь Нийгмийн даатгалын сангийн мөнгийг ямар эх үүсвэрээр барагдуулах эсэхийг салбарын сайд нь мэдэхгүй сууж байна. Тус банкны нийт зээлийн багцын 80 хувь чанаргүй ангилалд орж, алдагдал нь активаас давсан тоо цаасан дээр буух хүртэл улс төр, эдийн засгийн ямар нөлөөллүүд байсан бэ гэдэг нь анхаарал татна.
Өнөөдөр ил тод болоод буй тоон үзүүлэлтүүдийг харахад Капитал цаашдаа банк гэгдэн хүлээн зөвшөөрөгдөж, үйл ажиллагаа явуулах чадамжгүй, үндэслэлгүй болсон нь харагдаж байгаа. Гэхдээ өдий хэмжээнд хүрэх хүртэлх үйл явцын дараалал, уруудсан үзүүлэлт, төлбөр төлөх чадваргүй болсноос хойшх дөрвөн жилийн хугацаа анхаарал татаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
Nud anihaasaa umnu ach zee nartaa taraaj uguh aria yadan tsugluulsan heden tugruguu deeremduulchihlee Iim tur, bank gej baidag aa
Hohirogchid uursduu shuud ochood Undarmaatai tootsoo hiisen ni hurdan, tegehgui bol hohirood uldene shuu, Undarmaa ali hediin zugatah zamaa hiitsen bga. Udur shunugui kompani deer ni ochij sahij suuj baigaad hohirloo 100% aldangi huutei ni av, yamaanii mah haluun deeree gedeg, udur honog unguruh tusam naad hereg chin zamhraad, olon niit martaas ta nar hohirood l uldene shuu