Монгол Улс “Дэлхийн хамгийн том хичээл” санаачилгад нэгдлээ

2019 оны 04 сарын 22

“Дэлхийн хамгийн том хичээл” санаачилга НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгуулага буюу ЮНЕСКО, НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад олон байгууллагуудын хамтын үйл ажиллагааны хүрээнд 2015 оноос хойш дэлхийн олон оронд хэрэгжиж эхэлжээ. Уг санаачилгыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний 70 дугаар чуулганаар батлагдсан “Эх дэлхийгээ өөрчлөх нь: Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”-ийг хүүхэд, залуучуудад таниулах, тэднийг татан оролцуулах зорилгоор хэрэгжүүлж буй юм. 2018 оны байдлаар уг санаачилгад 106 орон нэгдэн орсон бөгөөд 40 гаруй хэлээр мянга мянган хүүхдэд хичээл орон цахим хэвлэл мэдээллийн орчинд 893272 хүүхэд, залуусаас гадна 183000 хүнд хүрч, нийтдээ хагас тэрбум хүн үзсэн гэсэн тоо баримт бий.

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, НҮБ-ын Хүүхдийн сан, “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн эвсэлтэй хамтран нийт 370 гаруй хуудас 33 хичээлийн загвар төлөвлөгөө, нэг зурган комик ном, хоёр видео танилцуулгыг орчуулж энэхүү санаачилгын цахим хуудаснаа  http://cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/Mongolian-content-12.pdf  монгол хуудас үүсгэн байршуулаад байгаа юм байна.
Энэхүү хичээлүүд нь одоогийн байдлаар Олон улсын эко сургууль хөтөлбөрт хамрагдсан Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад танилцуулагдаж эхэлжээ.


Энэ асуудлаар хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгуулж, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, НҮБ-ын Хүүхдийн сангийн Мэдээлэл, харилцааны мэргэжилтэн А.Ариунзаяа, Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л.Болортунгалаг, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Д.Сүрэнчимэг, Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн эвсэлийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг, Дэлхийн байгаль орчны боловсролын сангийн гишүүн, Байгаль орчны мэдээлэл сургалтын төв ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг нар оролцож мэдээлэл хийлээ.

Тогтвортой хөгжлийн хөтөлбөр нь 2030 он хүртэлх хугацаанд ядуурал, өлсгөлөнг устгаж, улс орнуудын дотоодын болон улс хоорондын тэгш бус байдлыг бууруулах, хүний эрхийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг сайжруулах, эмэгтэйчүүд, охидын эрх мэдлийг нэмэгдүүлэх, гараг ертөнц, байгалийн нөөцийг хамгаалахаа илэрхийлсэн 17 зорилго, 169 зорилт, 300 гаруй үзүүлэлтээс бүрддэг билээ. Энэхүү хөтөлбөрийн зорилго, зорилтуудыг, тэр дундаа бүх хүмүүсийн сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлт, хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх үндэсний хөгжил болон чадавхийн төрөл бүрийн түвшинг харгалзан бүрдүүлэхээ дэлхийн улс орнууд илэрхийлэн биелэлтийг хангах чиглэлд тус бүрдээ ажиллаж байгаа билээ.

4-6, 6-8, 8-11, 11-14, 14+ гэсэн насны ангиллаар 30-75 минутын хичээлийн загвар төлөвлөгөөг багш нарын бэлтгэн ирүүлсэн төлөвлөгөөнүүдээс тогтвортой хөгжлийн 17 зорилгыг олон улсад өрнөж буй өдөр тутмын энгийн амьдралын жишээнээс ашиглан тайлбарлаж, асуулт, хариулт, дасгал ажиллуулах хэлбэрээр хамгийн оновчтой, сонирхолтой байдлаар хичээлээ төлөвлөснийг нь сонгон шалгаруулж авчээ.
Дээрх сургалтын материалуудыг энэхүү санаачлагад зориулан тусгайлан үүсгэсэн http://worldslargestlesson.globalgoals.org/ цахим хуудсанд байршуулсан. Одоогийн байдлаар уг цахим хуудаснаа байршуулсан сургалтын материал 40 гаруй хэлээр орчуулагдан ашиглагдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top