ЭМГЭНЭЛ: Цэрэндонойн Санжаа (1937-2019)

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23

Чөлөөт бөхийн спортын мастер, олон түмэндээ “Том” хэмээн алдаршсан улсын заан ЦЭРЭНДОНОЙН САНЖАА дөрөвдүгээр сарын 22-нд хүнд өвчний улмаас таалал төгсч, Монголын чөлөөт бөх төдийгүй үндэсний бөхөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Ц.Санжаа нь 1937 онд Өвөрхангай аймгийн Шанх, одоогийн Хархорин суманд төржээ.

Чөлөөт бөхийн шигшээ багийн анхны найман тамирчны нэг тэрбээр Унгарт болсон найрамдалт армиудын тэмцээнд манай тамирчдаас олон улсын тэмцээнээс анхны медалийг авчирсан. 1964 онд Японы нийслэл Токиод болсон зуны олимпийн их наадамд Монголын тамирчид анх удаа мөрөө гаргасан бөгөөд чөлөөт бөхийн хүнд жинд улсаа төлөөлөн оролцож байв. Түүнчлэн 1963 онд Болгарын нийслэл Софид болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын чөлөөт бөхийн тамирчид анх удаа оролцоход +97 кг-ын жинд барилдан наймдугаар байрт шалгарсан юм.
Ц.Санжаа нь үндэсний бөхөөр улсын баяр наадамд дөрвөн удаа шөвгөрсөн бөгөөд 1960 оны ардын хувьсгалийн 39 жилийн ойгоор улсын арслан Ж.Чойжилсүрэнгээр долоо даван улсын заан хүртэж, 1962 онд тав давж "өсөх идэр", 1964 онд тав давж "үнэн хүчит", 1966 онд тав давж "бат орших" чимэгүүдийг хүртсэн.
Талийгаачийн улс орныхоо төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг даруу зан бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно. Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (202.21.124.21) 2019 оны 04 сарын 24

Иом Санжаа гуай сайхан 82 наслаад буцаж ирдэггүй аяндаа морджээ хөөрхий. Бас л сайхан бөх байсан даа...

0  |  0
Top