Жюү жицү: Б.Шинэтулга өсвөрийн дэлхийн аварга боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23

Жюү жицүгийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 20-26-нд АНЭУ-ын Абу Даби хотод болж байна. Тэмцээнд нийт 100 гаруй орны тамирчид хүч чадлаа сорьж байгаа билээ.

Жюү жицүгийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2 өдөр үргэлжилж өндөрлөлөө. Энэ удаагийн өсвөрийн ДАШТ-ээс манай улсын баг тамирчид 11 медаль хүртлээ.

Жюү жицүгийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр буюу энэ сарын 22-ны өдөр хөвгүүд болон залуучуудын ангиллын өрсөлдөөн боллоо. Дээрх 2 ангилалд нийт 980 гаруй тамирчид өрсөлдсөн.

Өсвөрийн 45 кг-ийн жинд Шинэ Бадрах дэвжээний тамирчин Б.Шинэтулга алтан медаль хүртэж, дэлхийн аварга боллоо. Тэрбээр өнгөрсөн жилийн дэлхийн аваргад мөнгөн медаль хүртэж байсан юм.

Мөн манай улсын тамирчдаас С.Шинэхүү, Ө.Бат-Оргил нар мөнгөн медаль, С.Одбаяр, Ц.Хосбаяр, Г.Гарамхүү нар хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний эхний өдөр Сэлэнгэ аймгийн Шинэ бадрах дэвжээний тамирчин Гансүхийн Батцэцэг өсвөр үеийн 52 кг-ийн жинд, “Хилчин” спорт хорооны тамирчин Батмөнхийн Хулан залуучуудын 70 кг-д дэлхийн аварга болсон билээ. Ийнхүү жюү жицүгээр манай улс өсвөрийн 3 дэлхийн аваргатай боллоо.

Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-ны өдөр Мастерсийн өрсөлдөөнөөр үргэлжилнэ. Энэ жилийн мастерсийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 9 тамирчин барилдах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top